I

150 10 1
                                    

Зун хэдийн талдаа оржээ. Баяр наадмын амралт гээд ийш тийш амрахаар явцгаасан ажилчдын эзгүйд би харин өрөөндөө ирдэг цагтаа ирж, явдаг цагаасаа үргэлж оройтон гардаг шигээ л гарахаар төлөвлөн ганцаараа шахам сууж байв. Ширээн дээр өчнөөн олон бичиг цаас хөглөрөхийн хэрээр хоёр хөмсөгний хооронд үрчлээ тодорч, хэзээ мөдгүй л гарт орсон зүйлээ шидээд авчихмаар тун их бухимдалтай суухыг минь яана. Үүн дээр ч нэмэн хананд өлгөсөн хар цагаанаас өөр өнгөгүй цаг секунд бүрээр цохих тутам толгойн дээр минь ирсэн тоншуул судас лугших хүртэл тоншоод байх шиг санагдана.

Цэвэрлэгч эгч орж ирэхэд би түүнд өнөөдөр өрөөг маань цэвэрлэх хэрэггүйг хэлээд, энэ их бичиг цаас болсон замбараагүй ширээгээ харин өөрөө цэвэрлэнэ гээд гаргалаа. Эргээд чимээгүй хэр нь бухимдал дунд шингэсэн өрөөндөө ганцаар үлдэхдээ санаа алдан өнгөрсөн долоо хоногийн тайлан бүрийг харж, цаг үрэнгээ цалин авах гэж суудаг хэдэн ажилчдынхаа нүд хууран явуулсан зүйлсийг гашуун зүйл залгисан аятай л уншив. Хэн ч энэ ажлыг ингэтэл дарамттайгаар намайг угтан авна гэж бодоогүй. Анх ярилцлага өгөхөд л эндэх шиг ямар ч сайхан ажлын газар байхгүй бас надаас өөр хэн ч энэ менежерийн алба дээр тохирохгүй мэтээр үлгэр шиг зүйл ярьж байсан ч өнгөрсөн жилийг сөхөөд харвал би нэг ч хором "Үнэхээр сайхан газарт үнэхээр сайн ажиллаж байна даа." гэж бодонгоо өдрийн кофегоо ууж байсангүй.

Утсанд зурвас ирэх сонсогдоход нэг юм сатаарч, хөмсөгний дундах үрчлээ ч арилав. Тулгаа намайг ямархуу байгааг асуух тоолонгоор л амьсгаа авахаа санадаг юм шиг. Гүнзгий амьсгаа авч, намайг одоо ч гэсэн хэт их стресстэй байгааг хэлүүлэлгүй мэдэх түүн рүү хариу бичихдээ хамт өдрийн хоол гадуур идэж чадахааргүй завгүй байгаагаа хэлсэн юм. Тулга намайг ойлгодог шиг энэ ажлын газар ч намайг ойлгодог болоосой. Ер нь Тулгаа намайг ойлгодог шиг би ч өөрийгөө ойлгодог болоосой. Энэ газар надад тохирохгүйг, энэ ажлаас болж өөрийгөө л зовооно гэж хамгийн түрүүнд мэдэрсэн нэгэн нь би биш Тулга байхад би яаж өөрөө өөрийгөө гарын арван хуруу шигээ мэддэг хүн гэж зоригтой хэлэх билээ?

"Тэгвэл орой очиж авъя. Өнөөдөр дахиад л зам хоосон байна. Хотын бүх хүмүүс гараад явчихсан бололтой. Яг л зомбитой кино шиг санагдаж байна шүү." гэх хэдэн мянган удаа надаас хамт байх боломж бүртээ үгүй гэдэг хариулт авдаг ч хэзээ ч үүнд маань гомдоллож эсвэл дургүйцдэггүй түүний зурвасыг уншаад би багахан инээмсэглэсэн юм.

Алдагдсан хоёр зураасWhere stories live. Discover now