Үүл авхай (богино өгүүллэг)

2 0 0
                                    

Эрт өнө цагт юм гэнэ. Тэнгэрт нэгэн бяцхан үүл амьдарч байж гэнэ. Тэрээр салхи тэнгэрийн аясаар дэлхийг тойрон аялах бөгөөд нэг л өдөр жижигхэн биеийнхээ хаана нь ч юм бэ содон мэдрэмж байхыг тэр мэдэрсэн юм. Хачирхалтай энэ мэдрэмжийг даанч тэрээр ойлгосонгүй. Гэвч яг тэр жаалыг л харсан өдрөөс хойш л ийм хачин болчхоод байгаа нь энэ билээ. Үүлс тэнгэрийн хуулиар бол хүний газар хялайхыг хатуу хориглодог байлаа. Гэвч үүлхэн охин жаахан тул сэлгүүцэж яваад ялимгүй доош харчхаж гэнэ. Хөөрхий охин эхэндээ ихэд цочирдож айжээ. Уул овоо шиг өндөр шилэн барилгууд, эрээлжилсэн олон хөдөлгөөнт биес гээд л тэр энэ бүхнийг ойлгосонгүй. Цаг хугацаа өнгөрсөөр тэр удалгүй гял цал энэ бүхэнд бүр дасаж орхилоо. Тэр ч төдийгүй хүмүүний хэд хэдэн хэлийг ойлгодог болсон юм. Тэрээр хэрэв бусад үүлс түүний ийн нууц явдлыг мэдсэн бол тэр даруй замхаран одохоо мэдэж байсан ч түүнд хүмүүний амьдрал татгалзахын аргагүй амттай байлаа. Ээлжит нэг өдөр тэрээр жижиг бөглүү тосгоны дээгүүр нүүдэллэж явлаа.  Байшингаас нэгэн жаал хүү бөмбөг барьсаар гарч ирсэнийг сэм ажиж суужээ. Эл өдөр салхины хурд нэн тааламжтайяа удаан байсанд тэр ийн саатсан хэрэг. Жаал хүү бөмбөгөө өндөрт хөөргөөд барьж аван өөртэйгөө тоглох ажээ. Өө үгүй ээ... жаал хүүгийн харц жаалхан үүл охиныг бөмбөгөө шидэх зуураа яг оноод харчихлаа. Энэ бол үүлсийн хуулиар байж боломгүй зүйл. Хүний нүд рүү харах нь битгий хэл зүглэж ч болохгүй. Гэтэл тэр ширтэлзчихлээ шүү дээ. Тэгээд ч болоогүй тэр ихэд сандран хамаг биеэр нь цахилгаан гүйсэн аятай болж хачин мэдрэмж төрөх боллоо. Жаалхан үүл юу болохыг даанч ойлгосонгүй. Тэрээр юу болохыг нь мэдэх гэсэн хүслээсээ болоод жаал хөвгүүнийг өдөр бүхий харах гэж салхины урсгалыг сөрөн байж ирдэг болжээ. Ийн цаг хугацаа улиран одож нэг л мэдэхэд жаалхан үүл охин урьдын адил жижигхэн байхаа больж, харин хүү нас биед хүрчээ. Цэлмэг тэнгэртэй бүртийх ч үүлгүй үед ч тэр л ганцаар харуулдан зогсдог байв. Хэрэв хурц нартай өдөр байвал хүүгийн явах замыг сүүдэрлэн халхалж, харин үүлэрхэг сэрүүхэн өдөр байвал ойр хавийн үүлээ түлхэж холдуулаад хүүгийн байгаа тэрүүхэн газарт нарны гэрэл нэвтрүүлнэ. Үүл авхай үүнийгээ их л баяртайгаар хийдэг байлаа. Ахин нэг халуун бөгчим өдөр айсуй. Үүл авхай хүүгийн гарч ирэхийг хүлээн байраа эзлэн авчээ. Түүний төлөвлөгөөгөөр бол гарч ирэнгүүт нь хаа явсан газар нь сүүдэр гаргаж өгөх байв. Хүсэн хүлээсэн мөч ирж тэрээр гарч ирлээ. Гэвч тэр ганцаараа байсангүй. Гартаа нэг гар атгачихсан хоёул гарч ирэх юм. Үүнийг хараад үүл авхай хичнээн их гомдсон гэж санана. Тэр харсан даруй цурхиран уйлж гарлаа. Уйлаад л, уйлаад л, уйлаад л байлаа. Түүнд газар дээрх ертөнцөд үеэр болох эсвэл түүний нулимсанд хүн гэмтэж бэртэх одоо огт хамаагүй болсон байлаа. Зөвхөн маш гунигтайгаар удаан гэгч нь уйлжээ. Арай хийн тайвшраад хартал хэдийнээ харанхуй болсон байлаа. Шөнө тэрээр юунд ингэтэл уйлсанаа бодоод олсонгүй. Тэр одоо ч өөрийн мэдрэмжээ ойлгохгүй хэвээр. Арга ч үгүй биз дээ. Түүний ойр хавийн үүлс доош шагайж ч үзээгүй тул энэ бүхнийг туулсан үүл түүнээс өөр байхгүй. Дэмий л өөрийгөө буруутгаж зогслоо. Хэрвээ хуулиа дагасан бол ийм зүйл болохгүй байх байсан юм, тийм ээ зөв байж, газар тэнгэрийн ертөнц эрс ялгаатай гэдэг үнэн байжээ, одоо би юу юугүй замхран одох нь... Түүний бодсон бүхэн зөв байлаа. Тэр байгалийн, тэр ч болоогүй бүр тэнгэрийн хуулийг зөрчсөн тул харгис хэрцгий шийтгэл болох үүрд замхран одох шийтгэл авах нь гарцаагүй хэрэг юм. Учир нь тэрээр жаалхан үүл байхаа хэдийн больсон төдийгүй дөнгөж саяхан тэнгэрт өөрийн хэргээ илчилсэн болохоор тэр. Нэгэнт хэрэг ийм дээрээ тулсных түүнд ганц л хүсэл үлджээ. Энэ нь эцсийн удаа түүн дээр очих байв. Түүнд цаг маш бага байлаа. Үүнийгээ ч сайн мэдэж байсан тул сүүлчийн хүслээ биелүүлэхээр түүн лүү доошиллоо. Түүний амьдардаг ертөнцийн агаар хмйгээд орчин нь хүртэл маш өөр байсан ч түүнд таалагдаж байлаа. Аажим аажмаар тэр доошилсоор хүүгийн амьдардаг жижиг бор байшингийн өмнө хүрч ирлээ. Одоо тэр гэрээсээ гарч ирэх л үлдлээ. Тэр хүлээсээр, дахин хүлээсээр л байлаа. Эцэст нь тэр гараад ирлээ. Хүүг хараад догдолж баярлаж басхүү айж байлаа. Гэсэн ч түүнд цаг бараг үлдсэнгүйд шуудхан түүн рүү яаран тэмүүлж тэврээд авлаа. Хүүд ямар байгааг тэр мэдээгүй ч хүүтэй нэгэн бүхэл болж зүрхний цохилт хийгээд бүгдийг мэдэрч байгаагаа ойлголоо. Тэр хайж байсан зүйлийнхээ хариултыг олжээ. Тийм ээ, яах аргагүй мөн, үүл авхай хүүд ухаангүй дурласан байснаа сая л бие сэтгэлээрээ мэдэрсэн юм. Тэрээр хүүг сүүлийн удаа бүх биеэрээ ханатлаа мэдрээд замхран одохдоо харамсахааргүй болж авмагцаа түүнээс аажуухнаар холдон дээш хөөрлөө. Хөөрч явахдаа түүнд нэгэн танил хоолой сонстов. "Би ч бас чамд хайртай" гэх дуу доороос гарав. Тэрээр эргэж харахад дэндүү оройтсон байсан хэдий ч ахин нэг мэлмэрч аваад тэнгэрт замхарчээ. Уур хорсол дүүрэн усан бороо бус харин бүлээн нулимсаар хайртай хөвгүүнээ энхрийлэн үнсээд үүрд замхаран оджээ.

Үүл авхай Where stories live. Discover now