Харанхуй болох нь харьж ир дээ хэмээх наймдугаар бүлэг- 1/3

26 3 0
                                        

          Шюаний цохыг тайлснаар Сяолю сэтгэлийн зовнилгүй болж 3 хоног сайхан амарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шюаний цохыг тайлснаар Сяолю сэтгэлийн зовнилгүй болж 3 хоног сайхан амарлаа.
Зав чөлөөтэй болсныхоо дараагаар л Шянлюгаас Шюанийг харвасан хүн Жиний сүйт бүсгүй байсан уу? гэж асуух гэж байснаа мартсанаа саналаа. Хэрвээ Фанфөн И Ин мөн бол тэр яагаад Шянлюд туслан Шюанийг алах гэсэн юм бэ? Фанфөн овог Шунь Нуны журамт цэрэгтэй холбоотой юм болов уу? Эсвэл үнэндээ бол Шянлю Фанфөн И Инд тусалж байсан юм болов уу? Шянлю завтай үедээ хөлсний алуурчин хийдэг гэж хэлж байсан шүү дээ.
Сяолю эргэж хөрвөөн бодолд автаж, бараг л хоол хоолойгоор нь давахгүй, унтах гэсэн ч нойр нь хүрэхээ болилоо.
Хэдэн хоногийн дараа, тэр гэнэт бүх зүйлийг ийм чигээр нь л үлдээе гэж шийдлээ. Шюань нэгэнт явчихсан. Фанфөн И Ин түүнийг алах гэсэн байсан уу, үгүй юу одоо нэгэнт ямар ч утгагүй болсон. Тэгээд ч тэдгээр их овгууд хоорондын адармаатай харилцаа, холбоо сүлбээг Сяолю ухаж ойлгоё гээд ч ойлгож дийлэхгүй. Жин л Шюанийг алах гээгүй гэсэн бол боллоо. Бусад нь бол түүнд хамаагүй.
Сяолю бүх хэргийг ардаа орхиод, өөрийнхөө зав чөлөөтэй амьдралыг үргэлжлүүллээ.
Халуун зун ирж, халууцаж бүгчимдсэн Сяолю хулсан дэвүүрээр сэвэн суулаа. Сэвээд сэвээд хамаг биеийнх нь хөлс нь цутгана.
Жин хойд хашааны хаалгаар орж ирэхэд, Сяолю дээврийн доорх хулс сүлжин хийсэн ханзан дээр,
- Халууцаж үхлээ, халууцаж үхлээ хэмээн тасралтгүй үглэн хэвтэж байлаа.
Жин түүний хэвтсэн сүрлэн ханзны урд очоод, нэг хэлхээ гүн хөх өнгийн мөсөн болор салхин хонхыг түүний дээрх дээврээс өлгөлөө. Хоромхон зуурт дээрээс хүйтэн илч агаарт тархаж, бүгчим халуун байхаа болилоо.
Сяолю салхин хонхыг харан, өөрөө өөртэйгөө тэмцэлдэн, үүнийг хүлээж авах уу, болих уу хэмээн эргэлзлээ. Хоёр хэлхээг нэгэнт авчихсан хэр нь гурав дахийг нь авахгүй гэх нь хуурамч зантай харагдах ч юм шиг. Гэхдээ эхний авсан хоёр хэлхээг бол Шюаний амийг аврах зорилгоор авсан. Сяолю түүнээс мөсөн болор гуйж авах тэр үед бол хэрэг явдал хүнд ноцтой байсан, хүний амийг аврах буянтай үйлд хэрэглэх гэж байсан болохоос биш өөрийнх нь хувийн хэрэг явдал биш байсан. Хэрвээ мөсөн болрыг өөрөө хувьдаа хэрэглэх гэж авах юм бол, хувиараа эд зүйлс өгөлцөж авалцаж байгаа юм шиг дэмий санагдана.
Жин орны хажууд суугаад Сяолюгийн нүүрний хувирлыг ажиглан харна.
Сяолю гэнэт өндийн суугаад,
- Эндэх бол Чиншүй тосгон. Чинчю биш. Чи яагаад явахгүй энд байгаад байгаа юм бэ? гэж уурлан хэллээ.
Жин Сяолюг ширтэн,
- Чи энд байгаа. Би хаашаа ч явахгүй.
Сяолю уурласандаа гар дахь сэвүүрээ түүн рүү шидэн,
- Чи миний үгийг сонсоно гээгүй бил үү? Чи одоо эндээс яв. Холхон шиг яв. Дахиж миний амьдралд бүү саад бол. Чи бол Түшан Жин, Арвандолоо биш.
Жин харцаа буулган, амаа чанга жимийлээ. Сяолю түүний ингэхийг сайн мэднэ. Тэр хатуу сэтгэл гарган түүнийг загнан зандрах аргагүй болж, толгойгоо эргүүлэн түүнийг харахгүй байхаар шийдлээ.
Хэсэг зуурын дараа Жиний хэлэх үг сонсогдож,
- Чи зөөлөн дулаан гараараа миний шархыг цэвэрлэж, үсийг минь аяархан зөөлхөн угааж өгдөг байсан. Бас тэвчээртэйгээр надад эм уулгаж, хоол идэхэд минь тусалдаг байсан. Намайг халамжлан, миний биеийг арчиж өгдөг байсан. Чи намайг өвдөж зовно гэж айгаад, надтай юм ярьж, намайг эвгүйцнэ гээд анхаарлыг минь холдуулж надад инээдтэй зүйлс ярьж өгдөг байсан. Намайг итгэл сэтгэл алдрах бий гээд надад гоё сайхан зүйлсийн талаар ярьж өгдөг байсан. Намайг ганцаардана гээд надад хөгжилтэй гэж бодсон зүйлсээ ярьж өгдөг байсан. Чи зөвхөн миний биеийг эмчилсэн биш, миний сэтгэл зүрхийг бас эмчлэн эдгээсэн. Чи хэзээ ч ойлгож төсөөлж чадахгүй. Би өөрийгөө зөвхөн Арвандолоо байгаасай гэж хэчнээн их хүсдэгийг. Гэхдээ би Түшан Жин байхаас өөр арга бас алга. Би үүнд чамаас илүү өөрийгөө үзэн ядаж байна. Би чамайг Түшан Жинд дургүйг чинь мэдэж байна. Би чамтай уулзахаар ирэхгүй байхийг хичээж өөрийгөө барьдаг. Гэхдээ би эндээс явахаас айж байна. Чи Батгатыг гэртэй болгосон. Чи Шорлогийг Сан Тянэртэй нийлүүлж өгсөн. Чи бас Хөгшин Мүгийн цаашдын амьдралыг төвхнүүлж өгсөн. Чи одоо бүх зүйлийг орхин явахаар зэхэж байна. Бүгдийг орхиод үргэлжлүүлэн хэсэн явахаар бэлдэж байна. Би өчүүхэн төдий урагшлаад эргэн харахад чи алга болж, би чамайг дахин хэзээ ч олж уулзаж чадахгүй болно.
Жин анх удаа ийм олон үгийг зэрэг хэллээ. Тэр хүндээр амьсгалан, Сяолюг чимээгүй харна. Сяолю эргэж түүн рүү харсангүй.
Тэр босоод чимээгүй явлаа.
Сяолю ханзан дээрээ сулбайн унаж хэвтээд, орой дээрх салхин хонхоо харлаа. Арвандолоо түүнийг явах гэж байгааг анзаарч харж мэднэ гэж тэр бодсонгүй. Сяалю үнэхээр эндээс явах гэж зэхэж байлаа.
Нэг хүн хашаанд орж ирлээ. Сяолю гараараа нүдээ дараад, уурсангуйгаар,
- Би амарч байна, надад битгий саад хий!
Хашаанд орж ирсэн хүн түүнд саад хийн амаа нээн юм ярьсангүй. Тэр хүн орны хажууд суугаад огт байхгүй мэт чив чимээгүй сууна. Хэрэв түүний биенд эмийн ургамлын үнэр байхгүй байсан биш сэн бол Сяолю түүнийг Жин буцаад ирлээ гэж бодохоор байлаа.
Сяолю нүднээсээ гараа холдуулаад онийн харснаа гэнэт нүдээ том болгон, гайхсандаа ухасхийн бослоо. Шюанийг ирсэн байна гэж ёстой бодсонгүй.
Сяолю гайхан балмагдаж, ээрч мууран,
- Та, та яагаад энд байдаг билээ? Би, би таны цохыг тайлчихсан. Танд мэдрэгдэж байх ёстой доо. Итгэхгүй байвал намайг нэг хатгаад үз, тэгээд өвдөх нь үү үгүй юу шалга даа гээд ямар нэгэн зүйл олж өөрийгөө хатгахыг завдлаа.
Шюань түүнийг зогсоон инээж,
- Би цох байхгүй болсныг мэдсэн. Би өөр хэргээр ирсэн юм.
- Өөр хэргээр ээ?
- Манай багш чамтай уулзахыг хүснэ.
Сяолюгийн сэтгэл давлагаалан шуурах мэт болж, түүний бие нь суларлаа. Тэгээд тэр хүчлэн инээгээд,
- Танай багш яагаад надтай уулзахыг хүсээ вэ? Ингэхэд надтай уулзахыг хүслээ гэмэгц нь би түүнтэй уулзахаар очих ёстой юм уу? Шюань босоод, Сяолюд,
- Миний нэрийг Жуан Шюй гэдэг. Шюань Юань Жуан Шюй. Шюань Юаний Шар хааны ууган ач хүү. Манай багш бол Гао Шиний Цагаан хаан.
Сяолю түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхээ үнэхээр мэдэхгүй болж, айсан өнгөөр,
- Алдар нэрийг тань олонтоо сонссон билээ! Гэхдээ би бол Чиншүй тосгоны хүн. Шюань Юаний ч албат иргэн биш, Гао Шиний ч албат биш билээ.
- Би Тангү рашаанд шархаа эмнэж байхад багш маань намайг эргэж ирсэн. Би багшдаа чиний талаар бага сага зүйл ярьсан. Яагаад гэдгийг мэдэхгүй багш маань гэнэт чамайг их сонирхон, надаас чамтай өнгөрүүлсэн мөч бүрийг минь нарийн асууж тодруулсан. Сонсож дуусаад багш өөрөө чамтай уулзахыг хүссэн. Тэгээд чамайг Гао Шинд урихаар тусгайлан намайг ирүүллээ.
Сяолю товч бөгөөд тодорхойгоор,
- Би очихгүй! гэлээ.
Шюань санаа алдаад,
- Энэ бол эзэн хааны урилга, чи зөвшөөрөхгүй байж болохгүй гэж би айж байна. Сяолю, намайг битгий хэцүү байдалд оруул. Би чамд хүч хэрэглэмээргүй байна.
Сяолю хурдхан бууж өгөн, ая тал засан инээмсэглэж,
- За яахав би чамтай хамт Гао Шинд очъё. Гэхдээ надад тал өдрийн хугацаа хэрэгтэй байна. Би ачаа бараагаа бэлдэж, найз нөхөдтэйгөө салах ёс хийе.
Шюань эргэлзэн бодлогоширно. Тэр Сяолюг зальжин зальтай гэдгийг сайн мэднэ. Бас дээр нь Чиншүй тосгонд түүнийг хэн гэдгийг мэдэх хүн цөөнгүй бий. Тэр энд удаан байж болохгүй байлаа.
- Би чамайг хоёр ч удаа аварсан шүү дээ. Шюань Юаний ван ноён ачлалт хүндээ ингэж хандах юм гэж үү?
Айхтар хашир Шюань Сяолюд өөрийг нь барьцаалах боломж олгохгүй хэмээн, инээмсэглэн,
- Анхны удаад, чи Шянлюд тусалж намайг урхинд оруулсан. Би тэр хэргийг чинь хөөн хэлэлцэхгүй байгаа нь чамд үзүүлж байгаа том уучлал өршөөл. Чи хэрвээ надад шидийн цох оруулаагүй сэн бол надад чиний хоёр дахь удаагийн тусламж огт хэрэг болохгүй байх байсан. Анянь бол Гао Шиний гүнж. Чи удаа дараа түүнд ёс алдсан. Чи түүнийг чамайг алахыг маш их хүсэж байгаа гэдгийг мэднэ. Би чамайг түүнээс хамгаалсаар ирсэн. Энэ удаад Гао Шинь рүү очсоноор чи Аняний гарын алганд ойчин орлоо гэсэн үг. Тэнд бол тэр чамайг дураараа шийтгэж болно. Чи намайг хойшид ч гэсэн өөрийг чинь хамгаалж байгаасай гэж хүсэхгүй байна уу. Бид хоёрын хэн нь хэндээ ач тус үзүүлсэн бэ гэдгийг хэлэхэд үнэхээр бэрх.
- Би хэрэв Гао Шинд очихгүй бол чамаар хамгаалуулах хэрэг огт гарахгүй шүү дээ гэж Сяолю гашуунаар инээн хэллээ.
- Тэнгэр харанхуйлтал дахиад 5 цагийн зай байна. Юм хумаа цэгцэлж найз нөхөдтэйгөө салах ёс хийх 4 цагийн хугацааг чамд өгье. Тэнгэр харанхуйлахаас өмнө бид замд гарах болно. Хэрвээ чи заль гарган ... гэж хэлээд Шюань ханцуйгаа үл ялиг хөдөлгөхөд хулсан ор хуваагдан бутарч Сяолю газарт уналаа.
Үүний өмнө Шюань, Чиншүй тосгонд байхдаа бусад хүмүүс түүнийг хэн гэдгийг нь мэддэг ч бай мэддэггүй бай хамаагүй хүнтэй харьцахдаа аль болох Шюань гэдэг хүний дүрээр харьцдаг байсан. Гэтэл энэ удаад тэр энд Жуан Шюйгийн дүрээр иржээ. Тэр бол Шюань Юаний ханхүү.
Сяолю Жуан Шюяг айн харна. Жуан Шюй гараа ардаа үүрэн зогсоод, царайнд нь бүхнийг дээрээс харж дадсан хүний төрх илрэн, айн сүрдэм сүр жавхаатай харагдана. Сяолю санаа нь амран түүнийг сэтгэлдээ бахархан тоолоо. Тэр ийм байх хэрэгтэй. Хүнтэй дотносон нөхөрлөж, халуун дотноор хөөрөлдөж чаддаг, бас нүүр буруулан хувирч чаддаг ийм л байх хэрэгтэй. Төмөр мэт хатуу хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Ингэж байж л, түүний байх тэр өндөрлөгт тэсэн амьдарч чадна.
Сяолю босоод, өрөөндөө орж хувцас хунараа бэлтгэхээр явлаа. Тэр хурдхан сэтгэж,
Яаж ч байсан Цагаан хаантай уулзаж болохгүй, Жуан Шюйг бол хуурч чадна, харин Цагаан хааныг хуурч чадна гэдэгтээ тэр итгэхгүй байлаа.
Гэхдээ хэрхэн яаж зугтах вэ? Жуан Шюй өөрийн биеэ илчлэн энд ирж түүнийг авч явна гэлээ. Тэр мэдээж олон дагуул дагуулан ирсэн байж таарна. Тэгээд ч түүнд Цагаан хааны зарлиг тушаал бий, тэгэхээр тэр Чиншүй тосгоны өмнө зүгт сахин суудаг цэргүүдийн хүчийг захиран хөдөлгөж болно гэсэн үг. Хэрэгтэй гэвэл тэр бас Шюань Юаний ханхүүгийн байр сууриар Чиншүй тосгоны баруун талд байрлаж байгаа Шюань Юаний цэргийн хүчийг бас авч хэрэглэж болно гэсэн үг.
Сяолю өөрийн төрхийг өөрчилж чадах боловч, саяны мөчөөс эхлээд өндөр хүчтэй хутагт дайчид түүнийг харуулдаж байгаа нь тодорхой. Түүнд туслан нуун хаацайлж, харуулуудын анхаарлыг сарниулан өөр тийш нь чиглүүлэх хүн гарч ирэхгүй л бол тэр өөрийн төрхийг өөрчилсөн ч гэсэн зугтан гарч чадахгүй.
Сяолю ийн дүгнэн бодоод тэр энэ удаад зөвхөн өөрийн хүчээр яагаад ч зугтан явж чадахгүй болохоо хүлээн зөвшөөрлөө. Сяолю энэ үед л Шянлюг маш ихээр дурсан саналаа. Зөвхөн тэр л Шюань Юань, Гао Шиний алийг нь ч тоохгүй. Зөвхөн Шэнь Нуны журамт цэргийн газарт түр орогнож байж л Жуан Шюйгаас нуугдаж чадна. Гэвч Гао Шинд очоод ирснээс хойш Сяолю түүнтэй дахиж уулзаагүй. Одоо энэ яаралтай үед түүнээс тусламж хүсэх ямар ч арга алга.
Одоо түүнд тусалж чадах цорын ганц хүн бол Түшан Жин л байлаа. Түшан овгийн худалдаа арилжаа Дахуан даяар сүлжин тархсан. Түшан овог бас байнга янз бүрийн бараа таваарыг Шэнь Нуны журамт цэрэгт худалддаг. Сяолю Түшан овогт Чиншүй тосгоноос гадагш гардаг нууц хонгил байхгүй гэвэл яагаад ч итгэхгүй.
Гэхдээ одоо Гао Шиний Цагаан хаан, Шюань Юаний Жуан Шюй ханхүү түүнийг ир гэж дуудуулжээ. Түшан Жин хэрвээ түүнд тусалбал Гао Шин, Шюань Юань аль алинтай нь хүйтэн харилцаатай болох болно гэсэн үг. Энэ бол бараг л тэнгэрийн доорхтой тэр чигт нь дайсан болно гэсэн үг. Түшан Жин Вэн Сяолюгийн төлөө Шар хаан, Цагаан хаантай тэрсэлдэж чадна гэж үү?
Ийм бодол орж ирсэн даруйдаа соёолон ургаж Сяолю дахин өөрийн бодлоо хазаарлан дарж чадахгүй болж, Чиншүй тосгоныг орхин зугтан явахаас ч илүүтэйгээр Жин тэнгэрийн доорх, тэр хоёрын дундаас сонголт хийх болбол чухам ямар сонголт хийхийг нь мэдэхийг тэсгэл алдран хүслээ. Сяолю дээврээс өлгөсөн мөсөн болор салхин хонхыг хараад, уруулд нь хүйтэн инээмсэглэл тодрон, <<Aлийг нь сонгохыг түүн дээр очоод тандаж мэдэхэд л болох юм биш үү?>> хэмээн бодлоо.
Сяолю урд өргөөндөө ороход домчид үзүүлэх хүнгүй, Сан Тянэр эмийн ургамал харан түүний эмийн шинж чанарыг цээжлэн сууж байлаа.
Сяолю Сан Тянэрд,
- Хуйчүнь домчийн газрыг чамд даатган үлдээе. Хөгшин Мүд, тавилан ирэхэд цуглан сууж, ерөөл дуусахад салан оддог жамтай, өдийг хүртэл хамт амьдарсан амьдрал минь сайхан байлаа, үүгээр дуусгавар болох байжээ гэж түүнд дамжуулан хэлээрэй.
Сан Тянэрийн нүдэнд нулимс хуран, чимээгүй доош суугаад Сяолюд сөгдөн мөргөлөө. Сяолю түүний толгойг илээд,
- Хөгшин Мүг сайхан ачлан харж байгаарай. Чи бол ухаантай хүн. Чүнь Таогийн тэр жижиг сажиг аашийг чи өнгөрөөчхөж байгаарай. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Хэрэв ямар нэгэн хэрэг төвөг гарвал Батгат, Чүнь Тао хоёрт тус дэм болж чадах хүмүүс бол Шорлог та хоёроос өөр хүн байхгүй шүү. Шорлог та хоёрт ч гэсэн Батгат Чүнь Тао хоёроос өөр тулах түших хүн байхгүй.
Сяолю эргээд, алхаагаа түргэсгэн босго даван хаалгаар гараад Хуйчүнь домчийн газрыг орхин явлаа. Амжилттай оргон зугтаж чадсан ч бай чадаагүй ч бай, тэр дахин Хуйчүнь домчийн газарт эргэн ирж чадахгүй боллоо. 30 гаран жил биесээ түшиж тулан амьдарсан амьдрал ингээд дахин дууслаа. Дараа учрах цагт Батгат, Шорлог хоёр булшны чулуу болсон байх биз ээ.
Сяолю урт гудам дагуу хөрш зэргэлдээ хүмүүсийнхээ амар мэндийг асуун явна. 20 гаран жил энд амьдран суусан тэр энэ гудамжиндаа нэртэй төртэй хүн. Мэндэлсэн хүн бүр нь түүнийг харан инээмсэглэн хариу мэнд мэднэ. Нэг хүн,
- Лю ах, дөнгөж сая гарсан махтай бин байна. Нэгийг аваад яваач,
Бас өөр хүн,
- Лю ах аа, түрүүн надад өгсөн толгойн өвчин намжаадаг эмэнд чинь баярласан шүү.
Сяолю инээмсэглэн тэдэнтэй бүгдтэй нь мэндчилэн явна. Арван жил өнгөрсний дараа энэ гудмаараа дахин явахад гудам хэвээрээ байсан ч түүнтэй мэндчилэх хүмүүс байхгүй болсон байх болно.
Сяолю явсаар Жиний өргөөнд ирлээ. Тэр гол хаалгаар орсонгүй, харин өмнөх удаад Жин Е түүнийг дагуулан гаргасан хойд хаалгыг даван орлоо. Нэгэн харуул ухас хийн гарч ирээд түүнийг зогсоох гэхэд, Сяолю яарч сандран,
- Би Вэн Сяолю байна. Жин Е бүсгүй өмнө нь намайг энэ замаар дагуулан гарсан билээ. Би Түшан Жинтэй уулзах хэрэгтэй байна.
Харуул түүнийг хараад, дахин гар хөдөлсөнгүй, Сяолюг харц салгахгүй харан зогсож өөр нэгэн хамгаалагч яаран буцан гүйлээ.
Удалгүй, Жин Е нисэх мэт хурдан гүйн ирлээ. Тэр уурлаж уцаарласан царайтай түүнийг ширтэх нь яг л, <<Дахиад л чи ирээ юу!>> гэж хэлэх мэт.
Сяолю инээмсэглэн,
- Уучлаарай, дахин ирж төвөг удах нь. Би танай ноёнтонтой уулзмаар байна.
Жин Е нүднийхээ цагааныг эргэлдүүлэн, харуулд ухар гэж тушаагаад, эргэн явлаа. Сяолю түүнийг даган хурдхан араас нь явлаа.
Өнгөрсөн жилийнхтэй адил, цэцэрлэгт төрөл бүрийн шинэхэн цэцэгс ургажээ. Мэлрэг, арилд, ороонго сарнай, сарнайн бут, замбага, хилэн гадил, дөлөн од, сарнай цэцэгс... . Урт гудамжинд олон өнгийн мөсөн болор салхин хонх өлгөсөн нь салхинд хийсэн, цэцэрлэгээр дүүрэн цэцэгсийн тансаг үнэр тархан, хонхны жингэнэх дуу сонстон сэрүүхэн таатай сайхан.
Жин Е Сяолюг дагуулсаар цэцэрлэгт хүрээлэнг өнгөрөн номын өргөөнд ирлээ.
Жин ширээний ард суун, хоёр хүн түүний өмнө сөгдөн сууж түүнд ямар нэгэн хэрэг тайлагнан байх бололтой. Тэдний ярилцхаас Хөү ноёнтныг дахин ингэж дураар нь байлгаж болохгүй гэх үгс бүүр түүрхэн сонстоно.
Жин Е зогсоход Сяолю арагш хэд алхам ухраад замбага модны хажууд зогсон доош тонгойн цэцгийг нь таашаах дүр эсгэлээ.
Өрөөн доторх яриа дууссаны дараа, Жин Е дотогш орон айлтгахад, хэрэг хэлэлцэж байсан хоёр хүн яаран гаран явлаа.
Жин Сяолю дээр ирэн,
- Ямар хэрэг гарсан бэ?
Сяолю гашуунаар инээмсэглэлээ. Жин түүнийг хэрэг гараагүй л бол түүн дээр ирэхгүй гэдгийг мэддэг юм байна. Сяолю эргэн зогсоод,
- Шюань Юаний Жуан Шюй ханхүү ирээд Хуйчүнь домчийн газрын арын хашаанд байгаа. Гао Шиний Цагаан хаан намайг урин, уулзахыг хүсэж байна гэнээ.
- Би чамтай хамт Гао Шин рүү явъя. Цагаан хаан бол цэцэн билигтэй ухаант хаан. Чамд хүндрэл учруулахгүй байх хэмээн Жин удаанаар хэллээ.
- Түүний цэцэн ухаантай эсэх нь надад ямар хамаатай юм бэ? Би түүнтэй уулзмааргүй байна.
- Чи зугтахыг хүсэж байгаа юм уу? гэж Жин асуулаа.
Сяолю түүнийг инээмсэглэн харж,
- Тийм ээ, би зугтахыг хүсэж байна.
- Энэ их хэцүү гэж Жин хэллээ.
Сяолю толгой дохин, нүүр дүүр мишээн инээж,
- Тийм ээ, их хэцүү. Хэцүү биш байсан бол би чам дээр ирэхгүй байсан. Түшан овогт Чиншүй тосгоноос гарах нууц хонгил байж л таарна. Чи намайг зугтахад тусал.
- За!
Сяолюгийн инээмсэглэл нь нүүрэн дээрээ царцаж, Жинийг ширтэн,
- Зугтаж эхлэх л юм бол, Цагаан хааны зарлигийг зөрчлөө гэсэн үг болно. Хаан хүний зарлиг тушаалыг хариу дагахгүй бол болохгүй билээ. Жуан Шюй хүн томилон миний араас нэхэн хөөлгөх болно. Бид хэрэв сөргөлдөн эсэргүүцэх юм бол, тэр биднийг алах тушаал өгнө. Зугтах замд аюул бэрхшээл их гарна. Аз болж зугтаж чадсан ч гэсэн зугтан явснаараа Шюань Юань, Ган Шин хоёр улсад буруутан болох болно.
Жин Сяолюгийн гарыг атган түүнийг хөтлөн номын өргөөндөө ороод, Жин Еэд хандан заавар өгөн,
- Хувцас бэлд, би Сяолюг аваад Чиншүй тосгоноос явах хэрэгтэй боллоо.
Жин Е Сяолю Жин хоёрын яриаг сонссон байх. Тэр Сяолюг хорсолтой ширтэн харж, хэдэн удаа том амьсгаа аваад, сэтгэлдээ хурсан уур цухлыг арай хийн дарж, Жинд хандан,
- Ноёнтон та өөрийн биеэр аюул ослыг сорих хэрэггүй. Мөхөс боол би хоёр сайн хамгаалагч дагуулаад өөрийн биеэр Лю ноёныг хамгаалан эндээс явуулъя. Мөхөс би Лю ноёны аюулгүй байдлыг бүх хүчээ дайчлан хамгаалах болно гэдгээ өөрийн амь насаар андгайлан тангараглая.
- Надад бас Сяолюд хувцас бэлдээрэй гэж Жин намуухан хэллээ.
Жин Е Жинийг нэгэнт шийдвэрээ гаргасан болохыг мэдэн дахиж ятгахаас эмээн аргагүйдэн хувцас бэлдэхээр явлаа.
Жин Е хоёр хэсэг хувцас авчрахад Сяолю хаалтын араар орон хувцсаа солилоо. Жин Е түүний үсийг самнан засаж, хувцсанд нь торгон даавуун жижиг богц зүүгээд богино хутга бүсэнд нь хавчуулж өглөө. Тэрээр одоо энгийн нэгэн дөрвөн зүгт хэсүүчлэн явдаг ачаа тээшний хамгаалагч хүн шиг харагдана. Жин мөн адил хувцаслалаа.
Жин Е нэгэн хаш хайрцаг гарган ирэхэд дотор нь 2 ширхэг модон хүүхэлдэй байна. Модоор сийлсэн хүүхэлдэй биш, үслэг зөөлөн хүүхэлдэй. Амьтны үсээр хийсэн бололтой харагдана. Сяолю сонирхон түүнийг илж үзэх гэтэл, Жин Е түүний гарыг цохин, уурсангуйгаар,
- Энэ бол хэдэн түмэн жил насалсан есөн сүүлт үнэгний сүүлээр хийсэн хүүхэлдэй. Маш ховор зүйл. Есөн сүүлт үнэг бол энэ орчлонгийн хамгийн сайн хувирч чаддаг амьтан. Үнэгний сүүлэнд түүний сүнсний хүч агуулагддаг. Энэ хоёр сүүлэнд хэдэн түмэн жилийн сүнсний хүч агуулагдаж байгаа. Түүгээр хувиргасан хүний төрхийг Фүши хаан эргэн төрсөн ч жинхэнэ худлыг нь ялган мэдэж чадахгүй.
Жин гарынхаа дунд хурууны өндгийг цоолж цус гаргаад, нэг дусал цусыг хүүхэлдэйний зүрхэн тушаа газар дусаалаа. Хүүхэлдэй маш хурдан томрон Жинтэй яг адилхан хүн болон хувирлаа. Хүн болон хувирсан хүүхэлдэй нөгөө хүүхэлдэйг Сяолюд өгөөд намуухан дуугаар,
- Чиний нэг дусал цус хэрэгтэй гэж хэллээ.
Хэрэв Сяолю энэхүү хувирлыг өөрийн нүдээр хараагүй бол, урдаа байгаа хүнийг л жинхэнэ Жин, харин сууж байгаа Жинийг хуурамч Жин гэж андуурахаар байлаа.
Сяолю нэг дусал цусаа хүүхэлдэйнд дусаахад хүүхэлдэй хурдан томорсоор Сяолютай өндөр нам, өргөн бүдүүнээрээ яг ижил хүн болон хувирлаа. Харин нүүр нь хов хоосон байлаа.
Жин Е гайхан дуу алдаж,
- Яа ... Яагаад ингэдэг билээ? Энэ хүүхэлдэй бол Түшан овгийн эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн үнэт эрдэнэ. Ийм зүйл урьд нь болж байсан гэж дуулж явсангүй.
Сяолю сандран хуурай инээж,
- Магадгүй би хэтэрхий байдаг л нэг энгийн царай төрхтэй болохоор, энэ хүүхэлдэй намайг таньж дуурайж чадахгүй байгаа байх.
Жин босоод гараа хүүхэлдэйний нүүрэн дээр тавин хүүхэлдэйний духнаас эхлүүлэн доош нь илэхэд, түүний илсэн газрууд аажмаар хүний төрхтэй болон Сяолютай яг адилхан царайтай боллоо.
Сяолю санаа нь амран, инээмсэглэж,
- Болчихлоо, болчихлоо, хувирч болчихлоо гэлээ.
Хувирсан хүүхэлдэй ч инээнэ. Тэр яг Сяолю шиг хоолойгоор,
- Чи өөрөө хүртэл өөрийгөө ямар царай төрхтэй гэдгийг мэдэхгүй байж бас миний чадварыг голон басна гэнэ ээ.
Сяолюгийн царай нь цонхийн цайж, түүнийг айлган,
- Чи бол үхээд хэдэн түмэн жил болсон үнэг, битгий маяглаад бай. Намайг уурлуулах юм бол, би чамайг шатааж орхино шүү!
Хүүхэлдэй "хн" гээд нөгөө хүүхэлдэйний хажууд очин зогсоход, тэр хуурамч Жин харин Сяолюгийн гарыг зөөлөн цохилон түүнийг аргадлаа.
Сяолю тэднийг хараад ангайн алмайрлаа.
- Хэрвээ ийм гоц гойд биш сэн бол орчлонд байхгүй ховор нандин зүйл, ямар ч хүнийг хуурч дөнгөнө гэж хэлэмгүй билээ хэмээн Жин Е гайхуулан хэллээ.
Сяолю түүний хэлснийг сэтгэлдээ бүрэн зөвшөөрөн сайшаалаа. Тэгээд Жин рүү эргэн,
- Чамд ямар төлөвлөгөө байна?
- Энэ хоёрт Түшан овгийн зарцын хувцас өмсгөн Түшан овгийн бараа зөөдөг нууц хонгилоор гарган явуулъя. Өнөөдөр, ачаа тээш хамгаалагч хэдэн хүмүүс эндээс явах ёстой. Бид зүсээ хувиргаад ачаа тээш хамгаалагч хүний дүрээр олны нүдэн дээр Чиншүй тосгоноос гаран явцгаая.
Жин Е түүнийг сонсоод мэгдэн сандарч,
- Энэ арга хэтэрхий аюултай. Жуан Шюй ханхүү та нарыг алга болсныг мэдээд тосгоны гадна талд харуул хориг заавал тавина. Сүнсний өндөр чадвартай хутагтууд хутагтын хүчит зэмсэг хэрэглэн тосгоны хүмүүсийн царай зүсийг тулган шалгах болно. Ноёнтны сүнсний хүч бүрэн эдгэсэн тул шалгуураас айлтгүй даван гарч чадна. Харин Лю ноён шалгуур давж арай чадахгүй болов уу.
Жин, Жин Еэд хандан,
- Чи тэр хоёрыг авч яваад хувцасла хэмээн тушаалаа.
Жин Е дахин үг хэлэхээс эмээн,
- За гэж хэлээд хоёр хувирсан хүүхэлдэйг дагуулан гарлаа.
Жин Сяолюгийн өмнө очоод,
- Чиний хувирсан царай төрх, бүх шалгуурыг даван гарч чадах уу? хэмээн түүнээс асуулаа.
Сяолюгийн зүрх нь хурдан хурдан цохилон,
- Чи ... Чи намайг төрхөө хувиргаж чаддаг гэж үргэлж мэддэг байсан юм уу? гэж ээрэн байж түүнээс асуулаа.
Төрхөө хувиргах арга бол тийм ч сүрхий хэцүү арга биш, гэхдээ сүнсний хүч ихтэй хүн л энэ аргыг хэрэглэн зүсээ хувиргаж чаддаг. Ингэж хувиргасан царай төрх л бусдыг хуурч чаддаг. Сяолюгийн сүнсний хүчээр бол түүнийг зүсээ хувиргаж чадна гэхэд хэн ч итгэмгүй билээ. Хутагтын хүчит шалгуур зэмсгийг даван гарч чадна гэж бүр ч саналтгүй билээ.
Жин түүнд,
- Түшан овог бол цэвэр цусны хутагт биш. Манай эртний эцэг өвөг бол есөн сүүлт үнэгэн шулам байсан. Тиймээс Түшан овгийн шууд угсааны хүмүүс төрөлхийн хувирч чаддаг хүчтэй төрдөг. Би сүнсний хүчит билгийн нүдтэй. Би бараг бүхий л төрлийн хувиргах арга, урхидах аргыг нэвт харж чаддаг. Тиймээс би Аняний жинхэнэ төрхийг шууд олж харсан. Гэхдээ би чамайг харж чадахгүй байна. Чиний бүхий л зүйл чинь яг жинхэнэ юм шиг харагддаг. Гэхдээ би зөн совингоороо чиний энэ төрх бол худлаа төрх гэдгийг чинь мэдэж байна. Тиймээс ... би чамаас холдон явж болохгүй. Би нэг л холдох юм бол, чи үүрд алга болно. Ямар ч ул мөр үлдээхгүйгээр үүрд алга болох болно.
Сяолю гайхаж хоцорлоо. Жин түүнийг хуурамч төрхөөр яваа гэдгийг үргэлж мэддэг байжээ.
Жин Е эргэж ирэн,
- Бүгдийг бэлтгэж дууслаа. Сая шалгаж үзэхэд өргөөний гадна талын хаалга тус бүрийг хүмүүс ажиглаж байна. Тэнгэрт бас 4 хүн эргэлдэн эндхийг хянаж байна. Тэд Жуан Шюй ханхүүгийн хүмүүс болохоос зайлахгүй.
Жин түүнд тушаал буулган,
- Чи Хуяад морин тэргийг нааш нь оруулж ир гэж хэл.
Жин Е түүний тушаалыг биелүүлэхээр гаран явлаа. Харахад их л хүч чадалтай даруу төлөв байрын нэгэн эрэгтэй хүн морин тэрэг хөтлөн орж ирлээ. Түшан овгийн зарцын дүрээр хувцасласан Жин, Сяолю хоёр морин тэргэнд суулаа. Тэднийг суумагц, Жин Е тонгойн морин тэрэгний доод талын нууц оньсыг нээхэд морин тэрэгний доод талд нэг давхар нууц хэсэг гарч ирлээ. Түүн рүү шурган ороход тэнд яг хоёр хүн хэвтэх зайтай байлаа.
Сяолю түрүүлэн шурган орж, Жин араас нь орон хэвтлээ.
Жин Е толгойгоо нууц оньсонд наагаад хоолой нь зангиран,
- Ноёнтон минь, тэр таныг 6 жил л өөр дээрээ байлгасан шүү дээ. Түшан овог өөр аргаар түүнд талархал илэрхийлж болно. Та яагаад заавал өөрийн амийг сорьж байгаа юм бэ?
- 3 хоногийн дараа чи Чинчюд буцан очоорой. Хэрвээ бид амжилттай зугтан гарч чадвал, би Чинчюд чамайг хайн очих болно. Хэрэв тэгж чадахгүй бол Лан Шян та хоёр өөр хүн олоод хадамд гараарай гэж Жин түүнд тайван хэлээд оньсыг дарахад хаалга хаагдлаа.
Жин Е амаа даран дуугаа дарж ядан цурхиран уйллаа.
Тас харанхуйд юу ч харагдахгүй, зөвхөн морин тэрэгний удаан алхлах чимээ л сонстоно.
Морин тэрэгний доод талын нууц хавтас маш нарийхан, жоохон зайтай тул, Сяолю Жин хоёр тас наалдан хэвтэнэ.
Сяолю Жин дээр очихдоо сэтгэлийн хөөрлөө дарж дийлэлгүй очсон. Тэр Жинийг яахаа мэдэхгүй сандарч, түүнийг элдэв аргаар ятган болиулах гэх байх гэж бодсон. Тэр түүнийг Цагаан хаантай уулзахад айх зүйл байхгүй, аюултай занал учрахгүй гэж ятган бүр түүнтэй хамт "Гао Шинд очъё" гэж түүнийг ятгахыг нь өөрийн чихээр сонсож, өөрийн нүдээр харахыг Сяолю уг нь хүссэн билээ. Ийм харгис аргаар өөрийнхөө сэтгэл дэх тэр өчүүхэн жоохон сэтгэл хоргодох мэдрэмжийг тасчин устгаж юунд ч, хэнд ч хоргодохгүйгээр эндээс явъя гэж шийдсэн билээ. Вэн Сяолюг алга болгохдоо ямар ч харуусал үгүйгээр алга болгохыг хүссэн сэн.
Гэтэл Сяолю Цагаан хаантай уулзмааргүй байна гэж хэлэн, инээж ханиан Жинийг өөрт нь туслаач гэж гуйхад Жин түүнийг яагаад үхэхээс ч үл айн зугтахыг Цагаан хаантай нүүр тулахаас илүүд үзэж байгааг нь асуулгүйгээр, бас ямар ч аюул заналыг үл тоон, хамгийн энгийн хариуг түүнд өгсөн. Тэр "За" гэж хэлсэн. Тэгээд хамгийн нарийн нямбай зугтах төлөвлөгөө гаргалаа. Сяолюгийн сэтгэл дэх тэр өчүүхэн жижиг хоргодох мэдрэмж сарнин алга болох нь битгий хэл харин ч дэлгэрэн томорлоо.

Хятад кино ярилцъя бүлгээс дараагийн хэсгүүдийг уншаарай.

Үүрд Чамайгаа Үгүйлэн СананаWhere stories live. Discover now