3.) Би дотор чинь байсан

382 50 18
                                    




Охидын хувцас солих өрөөнд зэрэгцэн суусан хоёр сурагч эсрэг талын ханан дахь толинд тусах нэг нэгнийхээ дүрсийг ширтэж байлаа. Чангбиний гар охины өвдгөн дээр байх бөгөөд Чунхи түүнд нь эвгүйрхэж, цааргалсан шинжгүй хөвгүүнийг мөрөөр нь тэврэн суух аж. Хуруугаа өвдгөн дээгүүр нь тойрог зурах мэт гүйлгэхдээ хүү охины гижгийг хүргэж буйгаа мэдэрч инээмсэглэнэ. Чунхи мөрнөөс нь гараа авч, өвдгөн дээр нь байх Чангбиний гаран дээр давхарлан тавиад баруун мөрийг нь дэрлэн суухад хөвгүүн гараас нь зөөлхөн атгасан сан.

Тийн удтал гар гараасаа атгалцаж, нэгэндээ наалдан суухдаа юу ярьснаа Чангбин өдгөө Ким багшийн өрөөнд сууж, өдөр тутмын зөвлөгөөг нь сонсож суухдаа сайн санахгүй байлаа. Хувцас солих өрөөнд, дараа нь гэрт нь хүргэхээр алхахдаа ч олон зүйл яриагүй санагдана. Чунхигийн дэргэд байхад охин түүнийг үггүйгээр ойлгоод байх шиг, эсвэл бодлыг нь уншаад түүнийх нь дагуу бүх зүйлийг хийх шиг болно. Чевоны дэргэд байхад ганц хором ч болтугай дуугүй байхаас цааргалдаг байтал, Чунхи түүнээс огт өөр юм. Тэд нэгэндээ хүрэх, нэгнээ ширтэх дээ зөвшөөрөл авсан удаагүй бол найз охиныхоо дэргэд бүхий л үйлдэлдээ анхаарч, гараас нь атгахдаа зөвшөөрөл эрэх хэрэг гардаг байв. Чангбинийг ямар нэгэн гэнэтийн үйлдэл хийх бүрд Чевон тэр дороо улайж орхиод зугтаж, нэг бол ярианы сэдвээ өөрчилнө. Анх удаа Чевоны хацар дээр зориглон үнсчихээд алгадуулснаа санахуйд хөвгүүн өөрийн эрхгүй инээмсэглэх ажээ.

- Сео Чангбин. Бурхан минь гэж. Чи чинь юугаа бодоод байгаа юм бэ?

Ким багш цухалдсан өнгөөр ийн хэлж, гараараа нүүрнийх нь урдуур савчхаад хөвгүүн сая л нэг юм түүний царайруу харав. Ам нь тасралтгүй хөдлөн, юу ч юм ярих багш нь түүний нүдэнд галзуу хүн шиг харагдах үед Чангбин өчигдөр Чунхитэй ярьсан зүйлээ тэгэхэд л эргэн санажээ.

- Би багш болохыг хүсдэг. Энэ тэрүүгээр нэг худал дүр эсгэж гүйдэг багшийн оронцог юмнуудыг ичсэндээ үхээд өгмөөр санагдах сайн багш болно. Энэ бол миний мөрөөдөл.

Чунхи ийн хэлэх дээ өөртөө итгэлтэй бас юу юунаас илүү догдолсон харагдахад хөвгүүн өөрийгөө хэчнээн их ичсэнийг санав. Тэгээд Чангбин суудлаасаа өндийж, яагаад түүнийг эцэг эхийнхээ хүссэнээр хуульч болвол аз жаргалтай амьдрах талаар бүхэл бүтэн эссе бичиж хаясан самбарын өмнө очоод самбарын алчуурыг авч өөрлүү нь хашхичих Ким багшийн амруу чихэж орхилоо. Хүүг ийм үйлдэл гаргана чинээ санаагүй багш амаа самбарын алчуураар таглуулж орхисон чигтээ балмагдан нэг хором, халтар алчуурыг амнаасаа нулиман гаргахаар ухаан орох гэж хоёр хором болов. Харин Чангбин хэдийнээ өрөөнийх нь хаалгыг савж хаяад зугтсан байх ажээ.

MIRROR/ДУУССАН/Where stories live. Discover now