Nine Seconds Before The Entrance

3.5K 193 4
                                    

Шувуунд урхи тавихдаа ч нүдэн дээр нь эс хийдэг.

-Solomon

Орохоос 9 секундын өмнө.

9

Цоо шинэ өдөр. Цоо шинэ би! Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад, чихэвчээр явах дуунд толгойгоо хөдөлгөөд л, Бианкад баяртай гэж хэлээд доош шатаар гүйлээ.

Өнөө өглөө яасан ч цоглог байх юм. Бүр гайхмаар…

Байрнаасаа сэтгэл өөдрөг гараад алхтал гэнэт нэг зүйлийг анзаарсан нь харанхуйлах тэнгэр, шиврэн орох бороо байлаа. Уг нь цонхоор харахад бороо орох шинжгүй л байсан даа? Намайг л гарч ирэхийг хүлээж байсан мэт асгарч байх шив. Ингэх нь л дутаж гэнэ. Маш өөдрөгөөр гарч алхсан би тэр дороо урвайн, юун шинэ өдөр, шинэ би, эргэн орохоос залхууран бороон дундуур дугуйгаа унан ажлын зүг явлаа.

Уг нь би бороонд хайртай. Гэхдээ яг одоо би дэндүү хоосон мэдрэмжийг л мэдэрч байна.

Ажлын гадаа дугуйгаа байрлуулах гэж бас л баахан бүтэлгүйтэв. Дугуйгаа төмөртэй холбогчоо мартсан байх нь тэр. Урд сагсандаа үзсэн ч байсангүй. Тиймээс бороон дунд ноцолдож зогссоноос ингээд орхичисон нь дээр гээд нэвт норсон би кафен үүдээр орлоо.

-Ойрд чиний байдал жаахан хэцүү байх шиг байна даа?

-Тийм ээ, хатагтай Винтер. Гэхдээ би зүгээр ээ.

-Хэрэв тэр үйлчлүүлэгч дахин орж ирвэл уучлал хүсээд халуун кофе жигнэмэгээр дайлахаа мартав аа. Заавал шүү! Бас дээр нь дахиад асгачихгүй байхыг хичээгээрэй.

-Ойлголоо, хатагтай.

Норсон үс, хувцастай зогссоор байсан би ажилчдын өрөөнд орж Хэйзлийн сэнсээр үсээ хатаагаад, хуурай хувцастай эргэн гарч ирэхдээ өөрийнхөө дуслуулсан усыг арчин авлаа. Хатагтай Винтер бол маш сайн эзэн. Тэр бидэнд анхаарал тавьж, цалин ч сайн өгдөг билээ. Сая л гэхэд миний ажлын хувцсан дээр толбо гэх зүйл байсангүйн дээр сайхан үнэр ханхалж байлаа.

Энэ өдөр тун хурдан өнгөрөх хэдий ч гадаа бороотой тул нэг л гунигтай. Үйлчлүүлэгчид ч бага байсан учраас би заалны хөгжим дээр дуртай дуугаа тавин, нарийн боов өрсөн шилэн лангууны ард бүжиглэж байлаа. Толгойгоо баруун тийш, дараа нь зүүн тийш хөдөлгөж байгаад шинэхэн гарсан цагираган боовноос нэгийг авч том хазаад, үлдсэнийг нь өрж байрлуулахаар эргэн хартал "тэр" лангууны цаана зогсож байв. Хар хүрэм, хэт бариу ч биш, сул ч биш, яг таарсан цэнхэр өмд өмсөж, гартаа хар шүхэр атгажээ. Би сандарсандаа бүжиглэхээ болиод идэж байсан цагираган боовонд хахах шахав.

"Alice-н мэдэхгүй ертөнц" "Unknown World Of Alice"Where stories live. Discover now