Said

99 30 37
                                    


Хэн нэгэн намайг сэгсчих хүчнээр гэнэт нүдээ нээн харвал өмнө минь нэг нүүр байж байх нь тэр. Цочсондоо ухасхийн бостол би ангидаа байж байлаа.

Юу болоод байгааг үл ойлгон гайхсаар эргэн тойрноо нэгжиж байтал нэгэн гар нүдний хажуугаар савчих агаад "Юугаа ингэтлээ гайхаж хараад байгаа юм?" гэх дэндүү танил хоолой сонсогдоход би яг л хөлдчихсөн мэт хөдөлгөөнгүй гацчихав. Буруу сонссон үгүйдээ эргэлзсээр хэдэн хормын дараа удаан хөдөлсөөр хажуу тийш эргэн харахдаа нүдэндээ ч итгэж чадсангүй.

"Миранаа..." түүнийг дахиж харсандаа хязгааргүй ихээр баярлан шууд л түүнийг өөр лүүгээ татан энгэртээ тэвэрч аваад "Чи--чи яаж??? Хэзээдээ?" хэмээн нэг дор дэндүү олон мэдрэмж мэдэрч байгаагаас болж үгээ зөөж ядсаар ээрэв.

"Чи энд юу хийж байгаа юм бэ? Хэзээ ирсэн юм биш ээ, юу болоод байгаа юм бэ?" хэмээн гайхсаар төөрөлдсөн бодол дундаа үгээ олж ядан үглэх үед "Юу болох вэ дээ, хичээл тарчихсан хамт харихаар ирлээ. Чи хичээл дээрээ унтахаа болиоч" гэхэд нь би ангид байгаагаа саналаа.

Миран надад юу болсныг мэдээгүй юм шиг яг л өмнөх шигээ "Хагнён зугтаад алга болсон харин Хэран Юүри хоёр хамтдаа хаашаа ч юм яваад өгсөн байна лээ" гэж хэлсэн бөгөөд би түүний үгсийг нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргаж байв. Яг энэ мөчид надад тэр хэд хаана мөн юу хийж байгаа яваа нь огтхон ч хамаагүй.

"Тэр минь амьд байна... Энэ бүхэн зүгээр л муухай зүүд байж, тийм үү?" гэж өөртөө шивнэн түүнийг дахиж хэзээ ч тавьж явуулахгүй мэт чанга тэврэн зогсоно. Хэдий энэ бүхэн зүүд байсан ч хамаагүй би чамайг дахиж явуулахгүй.

"Хөөе Сун Ёнжэ! Юугаа хийгээд байгаа юм бэ" гэж тэрээр хариу тэмцсээр асуув. Ангид байсан зарим хүүхдүүд бидний зүгт харц шидэж "Тэр хоёр учиртай гэж хэлээгүй юу" "Худлаа найзууд гэдэг байж яг үерхдэг байхаа" гэж шивнэлдэх нь чихний хажуугаар өнгөрч байлаа.

Би ч тэднийг үл тоосоор Мираныг тэврэн зогсоход толгой дотор минь бусад нь надад хамаагүй, тэр минь ингээд амьд мэнд байгаа нь л чухал гэх бодол төрөх аж. Хүмүүс хар дарж зүүдлээд байна гэхэд би нээх ач холбогдол өгдөггүй зүгээр нэг зүүд байхад сүртэй юм гэж бодож явдаг байсан. Гэтэл хар дарсан зүүд гэгч дэндүү аймшигтай дахиж хэзээ ч мэдрэхийг хүсэхээргүй зүйл байдаг юм байна.

Үлдсэн амьдралаа үүн шиг муухай зүүд зүүдлэлгүй дуусгачих юмсан. Түүнийг тэврээд ханахгүй байсан ч дурамжхан тэврэлтээ салгаад түүний эрүүнээс барьж аваад хацрыг нь хазаж орхилоо. Миран чангаар орилон намайг хүчтэй цохиж аваад "Сун Ёнжэ гуай галзуурчихсан юм уу? Яагаад байгаа юм бэ?" гэж намайг занасан аястай загнав.

Reveal: GoodbyeWhere stories live. Discover now