𝔬𝔫𝔢:𝔇

49 11 0
                                    

-Бүгд Найрамдах Итали улсад одоо өглөөний 7 цаг болж байна...

Хахир дуутай хуучин радионы чахарсан хонхны чимээгээр Массим нойрноос сэрлээ. Тагзан дахь жижиг цонхоор өглөөний нар сүүмийх төдий л үзэгдэнэ. Залуу гэрээс гарч, алсын тэнгэрт жим гарган нисэх онгоц үүлний цаагуур ортол ажиглан зогсох агаад, биеийнхээ чилээг гаргаж хэд суниачхаад гэртээ оров.
Ширээн дээр байх савтай шөлийг хараад "Жейк үлдээгээд  явж ээ" хэмээн бодно.

Жейк бол түүний найз. Маш сайн найз. Өнчин өрөөсөн өссөн жаал хүү гудманд чүдэнз зарж, гутал тослон амь зууж явахдаа харгуй тосон учирсан юм, түүнтэй.

...Үдэш болох дөхөж, Ромын төв гудамжаар хөлхөх хүмүүс ихэсч эхлэв. Массим дуусах дөхсөн хар болон хүрэн өнгийн гутлын тосоо хялам хийн харж санаа алдаад "Гутал тослоно. Өө тортог болсон гутлыг тань өнгө ортол зүлгэж өгнө. Хямд шүү" хэмээн орилов. Өчигдөр оройноос хойш түүнээс харц салгаагүй жижигхэн бор хүү өнөөдөр ч бас ирчихсэн байлаа. Хэдхэн алхмын зайд өөр лүү нь ширтээд сууж буйг анзаарсан Массим толгойгоо хөнгөн сэгсрээд ажлаа хийж эхэлнэ. Мөдхөн харуй бүрий болмогц Массим гэртээ харихаар зэхэж өөрийн хогшлоо цэгцлэв. Халаасан дахь хэдэн зоосыг сэтгэл тэнүүн харцаар хараад амандаа дуу аялан гэрийн зүг эргэхдээ, ард нь алхах жаал хүүг анзаарахгүй байж чадсангүй. Массим гэрэлтэй төв замаас гарч, жижигхэн дэлгүүрийн өмнө хэдэн хором саатжээ. Хоржигнон дуугарах бяцхан ходоодоо чимээгүй болгох гэсэн мэт гэдсээ чангаар дараад гэр лүүгээ яаравчлан алхлав. Хариугүй гэртээ орохын даваан дээр гүйх хөлийн чимээ тодрон тодорсоор хүүг эргэж харж амжихаас өмнө дугтран эргүүлсэн юм. Энэ тэр байлаа. Хувцас нь шавар шалбаагт хутгалдаж, энд тэндээ цоорч урагдсан, хацартаа шархтай жижигхэн бор хүү Массимд ууттай талх сарвайн зогсох аж.

Таван хором ширтсэний эцэст Массим чимээгүйхэн талхыг аваад дундуур нь хуваан нэгийг нь идэж эхэллээ. Араас нь дагаж явахдаа дэлгүүрийн өмнө зог туссаныг харсан хүү Массимд өгөх гэж талх хулгайлсныг, баригдаад эзэнд нь хэмх нүдүүлснийг ч төвөггүй ойлгох ухаан Массимд бий. Харин нөгөө талыг өнөө хүүд буцаан бариулаад өөрийн бяцхан гэртээ урив.
-Чамд гэр байдаггүй юм уу?
-Байхгүй ээ...
-Чи хаанаас ирсэн юм? Ээж аав чинь хаана байгаа юм?
-Сан Марино. Би аавыгаа хайж байгаа. Миний ээж нас барсан...

Сүүлийн хоёр өгүүлбэрийг арай ядан хоолойгоороо давуулах мэт нам дуугаар хэлээд хүү таг болов. Харин нэрийг нь асуухад тэр Жейкүэлин гэж л хэлсэн юм. Мөн тэр өдрөөс эхлэн тэд хамтдаа амьдрахаар болсон бөгөөд даруй арван жил өнгөрсөн нь энэ билээ...

《𝔗𝔥𝔢𝔓𝔬𝔯𝔠𝔢𝔩𝔞𝔦𝔫𝔗𝔞𝔩𝔢:𝔐𝔞𝔰𝔰𝔦𝔪𝔦𝔩𝔦𝔞𝔫𝔬𝔇𝔞𝔓𝔬𝔫𝔱𝔞𝔯𝔯𝔞》Where stories live. Discover now