VI. "Ах"

1.3K 225 58
                                    

Чи нугасны муухай дэгдээхийний үлгэрийг мэдэх үү? Би үүнийг арлын нэгэн эмээ ач зээ нараа тойруулчихаад ярьж суухад нь хальт сонсож байсан юм. Миний ойлгосноор энэ үлгэр хун шувууны өндөгнүүдтэй холилдон үүрэнд нь орсон нугасны ганц өндөгний тухай өгүүлдэг. Нугасны дэгдээхий өндөгнөөсөө гарч ирэх үед өөрийг нь тойрон хүрээлсэн хунгийн дэгдээхийнүүд үзэшгүй муухайг нь гайхаж, гоочлон гадуурхдаг юм. Хөөрхий дэгдээхий хичнээн хүнд хэцүү амьдралыг даван туулдгийг нь би мэднэ. Нисч чадахаар том болох хүртлээ тэр энэ бүхнийг ганцаараа туулан амьдардаг.

Гэвч би үлгэрийг дуустал нь сонсож чадаагүй ээ. Нугасны "муухай" дэгдээхий том болсныхоо дараа яасныг нь би мэдэхгүй. Гэхдээ хааяа хааяахан яг л түүн шигээр өөрийгөө мэдрэх үедээ боддог юм. Эцэст нь тэр нисч сураад өөрийнхөө байх ёстой газрыг олохоор зугтсан болов уу? Эсвэл тэр хун шувууны үүрэн дотор хүнд бэрх амьдралаа даван туулсаар үргэлжлүүлэн амьдарсан юм болов уу?

Аль эсвэл тэр цаг нь болоогүй байхад үүрнээсээ гарч, нисч чадалгүй унаж үхсэн юм болов уу?

● ● ●

Яах эсэх нь мэдэгдэхгүй түгшүүртэй өдөр хоногууд өнгөрсний эцэст нэгэн өглөө өглөөний цайны үеэр тэр энд үлдэхийг хүсч байгаагаа хэлсэн юм. Тэр үед л сэтгэлд минь цөхрөлийн бараан үүл хуралдаж, цахлай шувууны цоглог ганганаа арилсан билээ.

Аав, ээжийг түүний аяга руу элдэв мах, ногоо хийн "сайн идээрэй" гэх үгийг амны уншлага мэт давтан бувтнах хооронд би чимээгүйхэн л урдаа байгаагаа идэж суулаа. Тэр аав, ээж хоёрт минь талархлаа илэрхийлэн инээмсэглэж, хааяа хааяахан миний зүг харах нь мэдрэгдэнэ. Хадан цохион дээр болсон явдлаас хойш түүний байдал огцом дээрдсэн билээ. Тэр одоо хааяадаа инээмсэглэх болж, ойрын зуурын үг амнаасаа цухуйлгах болсон юм. Тэр аав, ээж хоёрыг минь "Ах аа", "Эгч ээ" гэх мэтээр дуудна. Ингэхдээ үл ялиг баргил хоолойд нь талархангуй өнгө сонстож, далайн эргийн салхи мэт зөөлнөөр сэнгэнэнэ. Хариуд нь аав, ээж хоёр минь үргэлж л, 

-Өө, хүү минь! Аав, ээж гэж дууд л даа! хэмээн эелдэгхэн хэлдэг байв.

Тэднийг аяган дотор нь хоолон овоо босгочихоод сая л нэг холдмор аядахад тэр нөгөө л эелдэг зөөлөн инээмсэглэлээрээ инээмсэглэж,

-Баярлалаа хэмээлээ.

Би энэ бүгдийг тоогоогүй дүр эсгэн урдахаараа тоглон тамшаална.

The Edge Of The SeaWhere stories live. Discover now