XVI: "Далайн захад төгссөн түүх"

1K 168 12
                                    

Хэний ч анхаарлыг татахааргүй өнгөрсөн миний амьдрал. Гэвч одоо тэр бүхнийг санан дурсах хүн нь чи болохоор жаргалтай байна...

● ● ●

Хэр удаан хугацаа өнгөрснийг бүү мэд. Нэг л мэдэхэд уйтгартай саарал тэнгэр борооны бараан хар үүлээр солигдож, нам гүмийн дараа тэнгэр хилэгнэн хамаг юмсыг үнсэн товрог болгож орхихоор шийдсэн мэт барайн байлаа. Удахгүй аадар бороо орох бололтой.

Өвчин дундаа чичирсээр би арай ядан өндийв. Тэгээд далайн зүг доголон нулимстай нүдээрээ харвал гүн өнгөөр харлан үзэгдэж, яг л далайн шуурганы өмнөхөн харагддаг тэр л хувирлаараа өөдөөс минь ширтэх аж. Болсон бүхэнд надаас илүүтэй тэр хилэгнэн байна уу гэлтэй. Би хөлөө арай ядан ээлжлэн зөөсөөр хүйтэнд хөрч, цэл хүйтэн болсон биеэ гэрийн зүг зөөж эхэллээ. Бусад юмсыг анзаарах сөхөө ч байсангүй. Толгой минь хов хоосон. Гагцхүү сэтгэл минь цээжин дотор тасралтгүй хагарч бутран чимээлж, түм буман юмс дотор минь холилдоно.

Хөлөө ээлжлэн зөөсөөр арай ядан гэр лүү дөхөх үед ард минь тэнгэр нүргэлэн дуугарч байлаа. Гэвч бороо хараахан асгарч эхлээгүй байв. Тасралтгүй газар ширтэн гуйвж, хашгирч орилон цурхирмаар байвч хоолой минь хаашаа ч юм одчихсон давчуу мэдрэмж дунд алхсаар явах үед амьд мэдрэмж нэгээхэн ч төрөхгүй. Яг л тэнүүчилж яваа сүнс гэлтэй.

Тийн алхахад минь тээр цаанаас, магадгүй би л тэгж сонссон байж болох ч, алс холоос хүмүүсийн дуу гарах сонстлоо. Эхэндээ би тоосонгүй. Гэвч тэр дунд танил хоолой сонстох үед харцаа аажмаар өргөн тэр зүгт харав.

Хусог.

Түүнийг харах үед сэтгэл минь өмрөн өвдлөө. Гүйж очоод тэврүүлэхийг хүсэвч хөл минь газартай наалдчихсан мэт хөдөлж өгөхгүй. Нэрийг нь дуудан хашгирмаар санагдавч хоолой гарахгүй. Хэдэн хором тийн зогсоход би яг юу болж байгааг анзаараагүй юм. Гэвч Хусогийн айдсаар дүүрэн хоолой, нуруун дээр нь үүрүүлсэн ухаангүй байгаа ээжийг хармагц хөдөлж өгөхгүй байсан хөл минь сая тийш гүйж эхэллээ.

Гүйхэд минь хөл, хэвлий, бие минь тэр чигтээ шархиран өвдөв. Яг л түрүүнээс хойш дотор минь хагарч бутарсан шилнүүд одоо бүхий л биенд минь зоогдох мэт. Жаахан л удвал дотроос минь биеийг минь нэвт сүлбэн гараад ирэх мэт. Тэдний зүг ойртох үед ярьж буй зүйлс нь илүү тод сонстож эхлэх ажээ.

The Edge Of The SeaWhere stories live. Discover now