I хэсэг

28 4 0
                                    

     Өдрийн энэ үед Санаа хамгийн дуртай. Жаргах нарны дулаан илч түүнийг тэврэн авч, нүүр нүдгүй үнсэх энэ л тааламжит сайхан үе. Чөлөө завгүй бужигнах хот хэсэгхэн зуур амьсгал авч, бүгд л наран ээжийн гараа даллах үзэсгэлэнг ажиж байх шиг. Болдогсон бол энд, яг одоо, олон холхисон гудамжинд хэвтээд өгөх юмсан. Улбар туяа татсан тэнгэрийг шавиагаа ханатал ширтэж, өөртэйгээ нэг сайн ярилцахсан.
 Эртхэн харих ёстойгоо Санаа мэдэж байв. "Тараад шууд ирээрэй" гэсэн эцгийн баргар царайг санасан хэрнээ аанай л уужуу тайван алхана. Бугуйн цаг руугаа хяламхийвэл богино зүү 6-г зааж байх юм. Хичээл нь тараад ойролцоогоор 3 цаг өнгөрчээ. Гэртээ харимааргүй санагдав. Алхаад, алхаад л баймаар. Алхаж байхдаа л Санаа амар амгалан байлаа. Тэр энэ үедээ их олон зүйлийг боддог. Ихэнхдээ гэгээлэг юмс бодохыг хичээдэг ч хүн бүрт сэтгэлийнхээ харанхуй, айдас хүргэм хайрцагтаа хадгалж байгаад нэг л өдөр санамсаргүй онгойлгож орхидог зүйл гэж бии. Санаа яг л тэгсэн юм. Нээж болохгүй хаалгаа нээчихсэн. Тэрээр дотроосоо зодуулах шиг болж, хэн нэгэн түүний зүрхийг алхаар нүдэж, эсвэл зэвүүнээр хумслах мэт мэдрэгдэв. Хоолойд нь хамгийн гашуун зүйл тээглэж, чангаар хашхирахын зэрэгцээ юу ч дуугармааргүй, маш аниргүй байхыг хүслээ. Нулимс хацрыг нь даган урссаар сургуулийн  цамцны захыг норгоно. Тэрээр дээш харав. Үзэгдэх тэнгэрт тэр хүний дөлгөөхөн дүр тодорч, хотын шуугиан харин далайн чимээгээр солигдлоо.
     Хүмүүс ажлаа таран гэр гэр лүүгээ яарч, нар аажмаар өндөр барилгуудын завсраар орон, тэнд нэг эмгэн зам хөндлөн гарч буй нь харагдана. Түм түжигнэж, бум бужигнасан олны дунд Санаа харин дээш хараад нүдээ аниж байв. Амьсгалах тутам түүний төрх тодорч, зөрөн өнгөрөх хүмүүсийн хоолой бүдгэрсээр, чихэнд нь бага багаар хэн нэгнийг нэхсэн их шунал сонсогдсоор байв.

I хэсэг төгсөв.

Далайн амьтанWhere stories live. Discover now