Анир чимээгүй.

13 2 0
                                    

Анир чимээгүй. Тэнгэрийн бүдэг нил ягаан өнгө мөн анир чимээгүй харагдана. Энд дуу чимээ гэж үгүй мэт байв. Урагш алхахад цасны шаржигнах чимээ ч үл сонсдоно. Амнаас уур гарах ч амьсгалаа би үл сонсоно. Юуг ч олж сонссонгүй. Хажууд минь хэн нэгэн хамт байгааг мэдэх хүртэл.

- Сайхан байгаа биз?

Харин түүний хоолойг сонслоо. Үнэхээр сайхан хоолойтой нэгэн.

- Тийм ээ, сайхан юм. Чих амарч байна.

- Тэгвэл явцгаая?

Тэр зөөлөн инээмсэглэсээр гараас минь хөтлөөд урагш алгуурхан алхаж эхэллээ. Арьснаас нь төөнөх халуунд хангалттай дулаацахдаа би өөрийгөө яг л бээрч байсан жижигхэн амьтнаар мэдрэх аж.

Бид алхаад л...алхаад л байв. Ингэж алхсаар илүү сайхан газарт очих мэт тайван бас итгэл дүүрэн алхсаар...

Гэхдээ...

Гэнэт би нэг зүйлийг мэдэрсэн юм.

Бүх зүйл буруу байгааг.

Энэ бүх зүйл дэндүү буруу байгааг ухаарахдаа дороо зогсов. Тэр намайг зогссонд үл ялиг гайхсан ч харцных нь дөлгөөн байдал алдагдсангүй.

- Би...зүүдэлж байгаа юм шиг санагдаад байх юм.

Ер бусын амгалан нил ягаан тэнгэр. Сэвсгэр цагаан цас. Ер бусын чимээ анир үгүй ертөнц. Хэвийн биш.

- Сэрэхийг хүсч байна.

Тэр намайг яг л ингэж хэлэхийг мэдэж байсан аятай зөвшөөрөх мэт толгой дохиод инээмсэглэлээ.

- Дараа уулзъя.

Ингээд л нүдээ анихдаа харанхуйд уусч, нээх гэсэнд өнөөх нил ягаан тэнгэр харагдсанд дахин тас аниад, хамаг оюун бодлоо унтлагын өрөөндөө төвлөрүүлэв.

Сэрэхдээ би өрөөнийхөө гундуухан шаргал цагаан таазыг харсан юм. Амьсгал минь нэгэн жигд байх аж.

Онгорхой цонхоор шивэрч буй бороон чимээ сонсдож, чийгний үнэр салхиар туугдан орж ирнэ.

Үнэхээр зүүд гэж үү?

ᵈʳᵉᵃᵐ ʷⁱᵗʰⁱⁿ ᵃ ᵈʳᵉᵃᵐWhere stories live. Discover now