Дурсамжийн тасаг.

4 1 0
                                    

Нүдээ анихдаа би дурсамжийн тасагт сэрлээ.

- Сайн байна уу? Дурсамж устгуулах гэсэн юм.

Бүдэгхэн шаргал гэрлийн доорх овоолсон ном, цаас бүхий ширээний ард суух өвөө зузаан шилнийхээ дээгүүр над руу хараад,

- Нэрээ хэл гэв.

Нэрээ хэлсний минь дараа,

- Устгуулах дурсамжныхаа түлхүүр үгсийг хэл гэв.

Би хэсэг бодож байгаад дурсамжаа илэрхийлэх гурван ширхэг түлхүүр үг хэллээ. Өвөө ширээн дээр байх гэрлийн унтраалга мэт зүйлийг дарахад жижиг тасалгааны баруун хана дэлгэц болж, шууд л өнөөх дурсамж минь тоглогдож эхэлсэн юм. Бид хоёул дуустал нь үзэв.

- Их л жаргалтай байж. Яагаад ийм нандин дурсамжийг устгахыг хүсээ вэ? хэмээн өвөө надаас нүдний шилээ тайлахдаа гайхан асуулаа.

Зүрх минь цээжин дотроосоо гараад явчихсан мэт хоосон оргих аж. Шаналж шаналж ханахдаа, өвдөж өвдөж цөхрөхдөө би зүгээр л хоосноос хоосон болж хувирчээ.

- Мартахыг хүсч буй хүмүүс минь нэгэн цагт миний инээмсэглэх шалтгаан байсан. Нэгэн цагт юм шүү. Харин одоо тэд алга. Гэвч тэд явсан ч дурсамж мартагдсангүй. Улам л тодроод, тодрохын хэрээр дотроос минь идэх юм даа, өвөө. Арга ядаад л энд ирлээ.

Ийн өгүүлээд гэм хийсэн хүн шиг доош харан зогслоо. Өвөө хүндээр санаа алдаад шилээ зүүн, урдах цаасан дээрээ хэдэн зүйл сараачихдаа,

- Зөвшөөрлөө баталгаажуул гэв.

Өнөөх дэлгэцэн дээр "Дурсамж устгах" гэсэн цонх гарч ирэх ажээ. Ингээд л би түүнийг мартах нь...

- Зөвшөөрч байна.

Сэрэхдээ би өрөөнийхөө гундуухан шаргал цагаан таазыг харсан юм. Амьсгал минь нэгэн жигд байх аж.

Онгорхой цонхоор шивэрч буй бороон чимээ сонсдож, чийгний үнэр салхиар туугдан орж ирнэ.

Үнэхээр зүүд гэж үү?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 17, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ᵈʳᵉᵃᵐ ʷⁱᵗʰⁱⁿ ᵃ ᵈʳᵉᵃᵐWhere stories live. Discover now