Одод түгсэн шөнө.

7 2 0
                                    

- Нүд юм уу чихээ алдсанаас тэр чигтээ амь тавьсан нь дээр биз.

- Тэгж ярьж болохгүй ээ. Олон хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ч амьдарсаар байдаг шүү дээ.

- Тэд бол тэд...Би бол би. Би тэд биш. Тэд би биш.

Би түүн рүү харахдаа харцнаас нь надтай хэзээ ч санал нийлэхгүй болохыг ойлгоод чимээгүйхэн инээмсэглэлээ. Тэгэхэд нарны хамгийн сүүлчийн цацраг уулын цаагуур орж, тэнгэр саран авхайн мэдэлд шилжив. Зөөлөн салхи...

- Хөгжим. Уран зураг. Миний бүхий л сүнс тэдэн рүү тэмүүлж, тэднээр тэжээгддэг. Аз жаргал, баяр хөөр, тайвшрал, догдлол бүхэн минь тэднээс хамаардаг. Гуниг минь хүртэл тэднээс хамаардаг. Хөгжим, уран зураг үгүй аваас би яаж гуниглахаа ч мэдэхээ болино. Би...би зүгээр л хоосорно...Хоосорсноос ямар нэгэн зүйл мэдрэх нь хамаагүй дээр шүү дээ.



***



Винсент Ван Гогийн "Одод түгсэн шөнө" бүтээлийн хуулбарыг цагаан хувцастай сувилагч урд ханан дээр өлгөөд гарах нь бүдэг бадаг харагдав. Би орноосоо буугаад хүйтэн шалан дээгүүр алхсаар зургийн өмнө ирлээ.

Нарийхан бийрээр татсан олон төрлийн хөх, цэнхэр будгууд одоо ердөө л толботож үзэгдэнэ. Шөнийг гэрэлтүүлэх гэгээн сар оддын үзэсгэлэнг ч хараагүй болж буй нүд минь дэндүү дарж байв.

Гэсэн ч...

Гэсэн ч ханатлаа харахыг хүссэн юм. Хараагаа бүрэн алдахад хав харанхуй бус одод түгсэн төгөлдөр шөнө угтаж аваасай гэж хүссэн юм. Гэж хүсэхдээ би зургийн өмнө эцсийн мөч хүртлээ зогсож, зүрхэндээ мөнхлөхөөр сэтгэл шулуудсан.

Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар яруу, сайхан юм бэ? Шөнийн тэнгэр!

Бүлээн нулимс минь аяндаа урсав. Тэр ч бас үүнийг мэдрэхийг хүссэн биз.

Хөлөн доороос хүйтэн шал хайрч, цонхоор жихүүн салхи салхилан орж ирэхийг үл хайхран би зургийг ширтэн зогссоор. Хараа минь яг л лаа удаанаар бөхөх мэт харанхуйлсаар, харанхуйлсаар...тэгээд бүх зүйл аниргүйхэн дууслаа. Зүрх минь шил хагарах шиг л тал тал тийш бутран унасан юм.

Нүд минь хэдий нээлттэй ч хаашаа ч харсан хязгааргүй тас хар. Хэзээ ч мэдрэхийг хүсдэггүй тэр оргүй хоосны төвд зогсоно. Өнгөт ертөнцөөс хагацаж, гүн харанхуйд би үүрд живлээ.

Нүдээ анив.

Сэрэхдээ би өрөөнийхөө гундуухан шаргал цагаан таазыг харсан юм. Амьсгал минь хүндэрсэн байх аж.

Онгорхой цонхоор шивэрч буй бороон чимээ сонсдож, чийгний үнэр салхиар туугдан орж ирнэ.

Үнэхээр зүүд гэж үү?

ᵈʳᵉᵃᵐ ʷⁱᵗʰⁱⁿ ᵃ ᵈʳᵉᵃᵐWhere stories live. Discover now