Зүү шигтгэсэн хүүхэлдэй ЭХЛЭЛ

47 1 0
                                    



Зургийн аппарат хором бүр шархийн, хурц гэрэл байн байн анивчина. Цав цагаан фоны наана Чээмээ олон янзын байрлал аван инээмсэглэн зогсоно. Зурагчин аппаратаа нүүрэндээ наасан байх ба "Аанхан. Одоо үл ялиг эргэ. Зүйтэй... Одоо зүүн гараа ташаандаа аваад... Ммхн яг наадах чинь. Шүдээ ил гаргаад бүр гоё инээмсэглэе. Заа боллоо. Баярлалаа." гэв. Чээмээгийн зураг авалт дуусч тэрээр том тольны өмнө суулаа. Чээмээ бол шинээр нэрд гарч байгаа залуу дуучин бөгөөд том давхраатай алаг нүдтэй, урт шулуун хар үстэй, намхан боловч гуалиг туяхан биетэй байнга инээмсэглэл нүүрэндээ тодруулж явдаг нэгэн. "Чээмээ зураг авалт амжилттай шүү. Ирсэнд баярлалаа" хэмээн зурагчин хэлээд тольны өмнө цаасан дугтуй тавиад өрөөнөөс гарахдаа " Хайрыг минь надад үлдээгээч
Хамаагүй би хүүхэлдэй чинь болъё" хэмээн дуу аялан хаалга хаав. Чээмээ үл ялиг мушийснаа "Миний дуу олон хүнд хүрчээ" гээд урдах дугтуйг авч цүнхэндээ хийлээ. Зургийн студиэс гараад машиндаа суун хотын зүүн захад орших өөрийн гэрлүүгээ тэрээр яарав. Учир нь цаг хэдийн шөнө дунд өнгөрчээ. Явсаар удалгүй нэгэн тоосгон хороололд ирж зогслоо. Машинаа зогсоолд тавиад гар цүнхээ авч энэ хорооллын хамгийн харанхуй мэт харагдах захын орцруу оров. Уг нь орох төдий гэрэл асах ёстой боловч энэ удаа гэрэл шатсан ч юм уу, цахилгаан тасарсан ч юм уу ассангүй. Чээмээ харанхуйг тэвчиж чаддаггүй учраас үүдэнд зогсоод газар хүчтэй хэд хэд дэлсэв. Гэсэн ч гэрэл ассангүй хэвээр. Ядаж байхад оршин суугчид бүгд үхээ юу гэмээр ёрын нам гүм байлаа. Эцэстээ тэр цүнхээ ухан гар утсаа гаргаж гэрэл тусган дотогш ороход лифтний товчлуурны улаан гэрэл сүүмийн үзэгдэнэ. "Ямар ч байсан тог тасраагүй бололтой" гэж бодсон ч цахилгаан шатруу зүглэж зүрхэлсэнгүй. Цахилгаан шатнаас айдсын салхи үлээх шиг болоход тэрээр утсаа барьсан хэвээр шатаар дээш хурдан хурдан алхаж эхэллээ. "Хоёрдугаар давхар... Гуравдугаар давхар... Дөрөвдүгээр давхар... Одоо ердөө ганц давхар" хэмээн өөрөө өөртэйгөө ярих үед гэнэт нэгэн чимээ сонсогдов. Доороос нэгэн эмэгтэйн хоолой " Хайрыг минь надад үлдээгээч
Хамаагүй би хүүхэлдэй чинь болъё" гэж зөөлнөөр боловч дотор зарайлгам гэнгэнэнэ. Тэр дуу улам ойртохыг бодоход маш хурдтай дээшилж байгаа бололтой. Чээмээ гэнэт сэхээ орон гүйх шахам таван давхарт гарч ирэв. Баруун тийш эргээд өөрийн гэрийн хаалганд ирсэн ч түлхүүрээ цүнхнээсээ олох ёстой байв. Нөгөө дуу улам ойртох ба тог тог гэх хөлийн чимээ сонсогдох нь дөрвөн давхарт хэдийн иржээ. "Хайртыг минь...надад өгөөч...Хамаагүй ээ би хүүхэлдэй чинь болъё" гэж үхээрийн хоолой аялана. Одоо ердөө хорьхон алхам тэгээд л Чээмээ тэр аймшигтай хоолойн эзнийг харах болно. Тэр цүнхээ ухсаар... түүний гарт үзэг, зөөврийн цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, түрүүвч гэх мэт зүйлс мэдрэгдэнэ. Тог... тог тог...тог...тог...одоо арван шат л үлдлээ. Ес, найм, долоо, зургаа, тав. ТҮЛХҮҮР! Чээмээ түлхүүрээ гарган хаалгаа онгойлгож ороод хурдхан шиг хааж гэрлийн унтраалгаа дарав. Тэр удаанаар хаалганд тулан чихээ наан зогслоо. Юу ч сонсогдохгүй анир чимээгүй. Чээмээ уртаар амьсгаа аваад алгуурхан гаргалаа. "Ердөө л дээшээ гарч байсан хүн байж" гэх бодол толгойд нь эргэлдэн өөрийгөө тайвшруулахад гэдэс нь хоржигнон түүнийг өлсөж байгааг илтгэх нь тэр. Үүдний нүсэр том шүүгээний хаалганд байрлах толь түүнийг өөрт нь харууллаа. Зураг авалтын будаг нүүрэнд нь хэвээр хэдий ч баргар царайнд нь нэг л зохимжгүй. Уг нь ердөө цагийн өмнө энэ нүүр будалт түүнийг гэрэлтүүлж байсансан. Духан дээр нь хөлс бурзайж, байнга инээмсэглэл тодордог царайнд одоо айдас, цочирдол илхэн харагдана. Гадуур хувцсаа тайлж өлгөөд гал тогооны өрөөрүү орж хөргөгчөө онгойлголоо.
*** ***
" Минийх... Наадах чинь минийх. Нааш нь өгөөдөх!" Чээмээ сандран өндийлөө. Эргэн тойрноо харвал унтлагын өрөөндөө орон дээрээ байх нь тэр. Түүний бие хөлөрсөндөө унтлагын хувцас нь норсон байв. "Дахиад л хар даржээ." хэмээн амандаа бувтнаад өндийн хөшигний завсраар гадагшаа харвал үүрийн гэгээ ороод удаагүй бололтой бүрэнхий үзэгдэнэ. Чээмээ хувцсаа солиод гүйхээр гадагшаа гарлаа. Өчигдөр шөнө асахгүй байсан орцны гэрэл одоо ямар ч асуудалгүй тод гэрэлтэж байх аж. " Шөнө унтраачихдаг болчихсон юм байхдаа?" гээд Чээмээ гадаа гаран зам дагуу гүйж эхэллээ. Гүйх зуураа гар утсаа гарган 'Өнөөдрийн хуваарь'-аа гүйлгэн харна. "Тэгэхээр 9 цагаас дуу бичлэгийн студи орно. Дараа нь 13 цагаас Хандаа сэтгүүлчид ярилцлага өгнө..." Гүйж дуусаад гэртээ ирж хувцсаа солин тольдож байгаад наана нь байх жаазтай зургийг авлаа. Чээмээ нэгэн охины хажууд зогсоод түүнийг мөрөөр нь тэврэн аз жаргалтайгаар инээсэн байна. Тэр охин ч мөн мишээл дүүрэн байх бөгөөд шулуун хар үс, нүүрний төрх гээд Чээмээтэй төстэй хэдий ч арай илүү өхөөрдөм байлаа. Чээмээ жаазтай зургийг хуруугаараа илбээд буцаан тавьж ханан дахь цагруу хяламхийгээд гарч одлоо. "Sunshine records" гэсэн хаягтай хаалгаар орох үед түүнийг нэгэн нүдний шилтэй, намхан, махлагдуу хүн их л баяртай угтаж авах нь тэр. "Өө Чээмээ. Ирсэнд чинь баярлалаа. Заа тэгэхээр чиний шинэ уран бүтээл надад үнэхээр... бүр үнэхээр таалагдсан. Чи маш авьяаслаг дуучин юм. Яаж ая, үгийг тэгж сайхан зохиодог байна аа? За тэгэхээр чиний "Always" дууны ажил бүрэн хангагдсан. Одоо чамайг дуулахыг л хүлээж байна" гэв. Чээмээ нарны шилээ авангаа "Баярлалаа" гээд дуу бичлэгийн өрөөнд орж чихэвчээ зүүн микрофоны өмнө байрлалаа эзэллээ. Нөгөө нүдний шилтэй хүн хуруугаараа дохио өгөх тээ зэрэгцэн ая явж эхлэв.
"Хайрын үгс зүрхэнд чинь хүрэхгүй
Хамтдаа байхыг хүсдэг ч бүтдэггүй
Дээрээс асгарах дуслуудыг бороо гэсэн ч
Тэр нь үнэндээ дурлалын нулимс байлаа..."
Чээмээ дуу бичлэгээ дуусгаад ярилцлага өгөхөөр Хандаа сэтгүүлчийн ажилруу явлаа. Тэрээр нэгэн өндөр шилэн барилга руу орж өгсөн хаягийн дагуу 6 давхарт гарав. Цэмцгэр уудам зайтай оффисийн өрөөнүүд дундуур явсаар 607 тоотын хаалгыг зөөлөн тогшлоо. "Ор ор" гэж нарийхан хоолой дуугарав. Чээмээг өрөөнд ороход Хандаа сэтгүүлч хэдийн ярилцлагаа бэлдсэн бололтой ширээний ард сууж байв. Дугуй шилнийхээ дээгүүр түүнрүү хянамгай харснаа бугуйн цагаа хараад "Та ч цагаа сайн баримтлах юм аа" гээд инээмсэглэлээ. "Харин сая шинэ дуугаа бичүүлсэн студи ойрхон байж таарлаа. Тэгээгүй бол ч гадаа түгжрээ их байна шүү." хэмээгээд Чээмээ суудлаа эзлэв. "Заа тэгэхээр хоёулаа ярилцлагаа эхлэе. Бэлэн үү?"
"Тийм ээ".
Хандаа сэтгүүлч өмнөө дэвтэр үзгээ бэлхэн бариад ширээн дээр утсаа тавьсан нь дуу хураагуураа асаасан бололтой.
"За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе."
"За баярлалаа. Танд болон уншигчиддаа ч бас энэ өдрийн мэндийг хүргэе."
"За баярлалаа. Тэгэхээр ярилцлагаа хоёулаа таны "Надад өгөөч" хэмээх уран бүтээлийн чинь талаар яриагаар эхлүүлье гэж бодож байна л даа. Одоог хүртэл чартыг тэргүүлж байгаа энэхүү дууны үг аяыг хүртэл та зохиосон гэсэн үү?"
"Тиймээ. Энэ дуугаа би 3 сар зарцуулж байж хийсэн л дээ. Гаргахдаа маш их сэтгэл түгшүүртэй байсан. Гэтэл сонсогчдын маань талархлыг хүлээсэнд их баяртай байгаа."
"Ммхн. Шинээр хүч түрэн орж ирж байгаа шинэ дуучин болохоор таны гэр бүлийн талаар мэдэх хүмүүс цөөхөн. Та нөхөр эсвэл найз залуутай юу?"
"Өө байхгүй байхгүй /инээлээ/ Одоохондоо тийм зав олдохгүй л байна."
"Хэнтэйгээ амьдардаг вэ? Ар гэрийнхэн нь хаана байдаг вэ? Дэлгэрэнгүй яриач."
"Ээж аав минь эрт өнгөрсөн л дөө. Би ганц охин дүүтэйгээ өссөн. Гэвч жилийн өмнө дүү минь зүрхний шигдээсээр өөд болсон."
"Өө уучлаарай. Үнэхээр харамсалтай байна. Таны өдөр тутмын амьдралын талаар үргэлжлүүлэн ярья."
*** ***
Нар жаргаж хэдийн орой болжээ. Чээмээ төв замд түгжрэн явна. "Энэ түгжрэлээс болж дандаа оройтож харих юмаа." гээд их л таагүйхэн эргэн тойрноо ширтэнэ. Гэнэт хойно нь "МИНИЙХ!" гэх чанга дуу гарлаа. Чээмээ цочин огцом эргэж харвал хойд суудал дээр нь хэн ч алга. Хойноос нь хэн нэгэн сигналдана. "Хөөе чи яваачээ"
Чээмээ эргэн жолоогоо атгаад машинаа урагшлуулсан ч гар нь чичирсээр байлаа. "Сая юу байв аа? Ойрдоо надад юу тохиолдоод байна?" гэх зэрэг бодолд автсаар нэг л мэдэхэд орцныхоо үүдэнд зогсож байв. Тэрээр хэсэг эргэлзэн үүдэнд зогсож байх үед нэгэн хүн хажуугаар нь зөрөн дотогш орлоо. Чээмээ тэр хүний араас гүйх шахам яаран дагалаа. "Ханьтай байвал арай дээр байх" гэж бодон тэр хүний араас шатаар өгсөж эхлэв. Энэ удаа аз болоход орц тод гэрэлтэй, юм бүхэн тод харагдана. Гэтэл гурван давхарт дөнгөж гармагц урд нь явж байсан хүн алга болчихов. Ямар ч ор сураггүй, хүн байгаагүй гэлтэй. "ХҮН БАЙГААГҮЙ?

Үргэлжлэл бий.

Зүү шигтгэсэн хүүхэлдэйWhere stories live. Discover now