Зүү шигтгэсэн хүүхэлдэй 4

13 1 0
                                    



Хүслэнгийн нүдэнд нулимс цийлэгнээд өрөөнийх нь хаалгыг саван гарлаа. Чээмээ доошоо сөхрөн суугаад цурхиран уйлж эхлэв.
"Би яагаад ийм амьдрал туулах ёстой гэж? Би юуг буруу хийсэн юм бэ?" гэсэн бодол түүнийг толгойд эргэлдэн цөхрөл дунд байгааг нь ахин дахин сануулна. Чээмээ нилээн хугацааг шалан дээр уйлан өнгөрүүлснээ хэсэг сэхээ аван орон дээрээ гаран хөнжлөөр өөрийгөө ороон нүдээ анилаа. Сэрүүлэгний дуу түүнийг цочоон сэрээж орхив. Ажилдаа явах цаг хэдийн болжээ. Чээмээ ажилруугаа явна гэхээс дотор нь зүсэгдэх мэт муухай мэдрэмж төрж, ажлаа үзэн ядаж байлаа. Ялангуяа хэлтсийн дарга Гүрээг бүр ихээр үзэн ядаж байв. Өнөөдөр түүний хөгийн царайг харж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа. Чээмээ орноосоо босолгүй хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд хэвтсээр л. Нэг мэдэх нээ нар жаргаж эхэлжээ. Утсаа харвал ажлаас нь хэд хэд залгасан байв. Тэр яагаад ч юм гэрээсээ гармаар санагдахад хувцсаа солиод гарлаа. Хаашаа явахаа ч мэдэхгүй алхсаар нэг л мэдэхэд номын сангийн өмнө хүрээд иржээ. Чээмээ оюутан байхын л номын сан орох дуртай байв. Найзуудтайгаа гадуур зугаацаж цэнгэхээс илүүтэйгээр чимээгүй номын санд ном уншин суух юунаас ч илүү жаргалтай байдаг ажээ. Дотогшоо ороход нам гүм. Эргэн тойронд хичээлээ хийх, ном унших хүмүүс хэн хэндээ саад бололгүй өөр өөрсдийн л урдахаа ширтэнэ. Чээмээ тавиуртай номнуудаас унших ном хайлаа. Хичнээн ч сайхан номнууд байсан түүний анхаарал төвлөрөхгүй л байв. Тэр ээлж дараалан тавиуруудыг тойрсоор хүн байхгүй хэсэг буюу бараг тоосонд дарагдсан хуучин номнуудын хэсэгт иржээ. Хавтаснууд нь элэгдэж урагдаж, зарим нь бүр ямар нэртэй нь үл мэдэгдэнэ. Тэр дундаас нэгэн ноорхой хар хавтастай ном түүнийг яагаад ч юм татах нь тэр. Аваад харвал "Хар шид" гэсэн бичиг харагдав.
*** *** ***
Чээмээ гэртээ орж ирээд цүнхнээсээ шинэхэн номоо гаргаж ирээд өрөөндөө орон шимтэн уншиж эхлэв. Номноос:
"Хар шид буюу хараал гэдэг нь хэн нэгнийг материаллаг бус аргаар гэмтээх, бэртээх, амьдралд нь том гарз авчирах, тэр бүү хэл амь насанд нь хүрэх арга юм. Энэхүү ном нь эртний гадаад хар шидүүдээс судлан түүвэрлэн хүргэж буй нь энэ билээ.
Эхний шид- хар толь
Энэхүү шид нь золиос болох хүнээ толиор дамжуулан сэтгэц цаашлаад бие махбод амь насанд нь хүрэх арга юм."
Чээмээд энэ ном үнэхээрийн сонирхолтой байлаа. Тэрээр бүх хараалыг шимтэн уншиж бас яагаад ч юм туршиж үзмээр санагдаад болж өгсөнгүй. Уул нь тэрээр үүнд итгэхгүй байсан ч Гүрээ гэх амьтныг үзэн ядаж болдог бол ахиж хармааргүй эсвэл шанг нь хүртээмээр санагдаж байлаа. Тэр уншсаар л номныхоо дунд хэсэгт хүрэх үед түүний нүдэнд нэг үг туслаа.
"Хүүхэлдэйн хараал" энэ хараалыг Чээмээ яагаад ч юм туршиж үзмээр санагдав. Юу юу хэрэгтэйг нь уншиж дуусаад шууд ажилдаа орлоо. Нэг л итгэхгүй байгаа ч туршаад үзэхэд гарздах зүйл алга байв. Чээмээ хуучин эд зүйлс байдаг хайрцгийг ухаж байгаад Хүслэнд 9-р ангид төгсөхөд нь өөрийнх нь бэлэглэсэн хүүхэлдэй тааралдав. Чээмээ тэр үед "Чамтай адилхан болохоор авчихлаа"-гээд дүүдээ бэлэглэж байсан билээ. Хүслэн хүүхэлдэйдээ их хайртай байсан учраас үргэлж үсийг нь самнан хичээлээ ирэнгүүтлээ хүүхэлдэйгээ тэврээд авдаг байв. Нэг удаа өрөөсөн нүд нь салчихаар нь Чээмээ аргалаж товчоор шинэ нүд хийж өгч байснаа санав.
-Энэ яг болно.-гэж амандаа үглээд хүүхэлдэйг авч "ёслолдоо" бэлдлээ. Номонд зааварчилсны дагуу хүүхэлдэйгээ давсан тойрог дотор суулгаад таван лаа энд тэнд нь асаан хутгаар хурууны өндгөө зүсэн тойрог дотор учир нь үл мэдэгдэх дүрс бичээд амандаа:
-Гүрээ Гүрээ Гүрээ-гэж бувтнана. Ёслолын бэлдэх ажиллагаа дуусаад сүүлийн хэсэг болох зүү аван хүүхэлдэйнхээ зүрхэн хэсэгт гүн гэгч нь хатгалаа. Чээмээгийн сэтгэл яагаад ч юм тайвширч нөгөө их үзэн ядалт багасч одоо л хэвийн байдалдаа очив уу гэмээр боллоо. Өөрийнхөө юу хийж байгаагаа хараад шоолон мушийх аядаад юмсаа цэгцэлж номоо цааш нь тавив.
Шөнө дундын үед утас нь дуугарч байна. Нойрмоглон авахад нэгэн эрэгтэйн хоолой:
-Чимгээ эгчээ Хүслэн...Хүслэн эмнэлэгт байна. Эмч зүрхний шигдээс гээд байна. Та хурдан хүрээд ирээч. Одоо яах вэ?
*** *** ***
Чээмээ яриагаа дуусах мөчид уйлчихсан хааяа нэг урсах нулимсаа гараараа арчин сууна. Дэнсмаа түүний хэлсэн үг бүрийг бодолхийлэн сонсоод удаан гэгч нь дуугүй байсны эцэст хажуудах толио аваад зүсэгдсэн хуруугаараа дээр нь дүрс зураад амандаа ямар нэгэн зүйл шившин зан үйл хийж буй нь илт. Цонх хаалттай, хаалга ч мөн түрүүхэнд Дэнсмаа өөрөө очиж түгжсэн байтал гэрт хаанаас юм салхи үлээн нэг л таагүй мэдрэмж Чээмээд төрүүлнэ. Дэнсмаа гэнэт нүдээ нээн толио доош тавиад:
-Тэгэхээр ийм байна охин минь. Тэр хүүхэлдэйг ол. Тэгээд түүний зүрхэнд зоолттой зүүг сугалаад малын цусанд хийж орхи. Харин хүүхэлдэйг маш яаралтай дүүгийнхээ булшны дэргэд тавиад түүнээс уучлалт гуйж, түүнээс булаасан зүйлтэйгээ хамт тавь. Тэгэхгүй бол хилэгнэсэн сүнс хилэн төрүүлсэн нэгнээ авч явахаас нааш сэтгэл нь тайтгардаггүй. Түүнийг аргадаж үзэн ядалтыг нь зөөллөөд завсрын ертөнцөөс явуулах хэрэгтэй. Чамд нэг их цаг үлдээгүй шүү.
Чээмээ тэндээс яаж гарснаа ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд машиндаа сууж байх нь тэр. Хамгийн эхлээд түүнд тулгарч байгаа асуудал бол нөгөө хүүхэлдэй хаана байгааг олох байлаа. Хамгийн сүүлд харсан буудалдаа очиход тэнд байсангүй, хүмүүсээс нь асуусан ч мэдэх хүн нэгээхэн ч алга. Ядаж байхад түүнийг харсан хүмүүс "Чээмээ байна. Энэ нөгөө дуучин байна. Зургаа даруулж болох уу?" гэх мэтээр түүнийг тийм ч хурдан явуулахгүй ажээ. "Тэр ёрын хүүхэлдэй хааччихав аа? Уг нь энэ буудалд л байсан." хэмээн дотроо бодон яах учраа олохгүй дэмий л нүүрээ даран тонгойно. Гэтэл гэнэт түүнд "Энэ бүх ёрын зүйл эхэлсэн тэр л газраа байх ёстой" гэсэн бодол орж ирэхэд яаран машинаа асааж гэрийн зүг давхилаа.
*** *** ***
Чээмээгийн нүдэнд оч гялалзан хотоос гарч явна. Тэрээр хажуу суудалруугаа харахад тайрмал хар үстэй товчин нүдтэй хүүхэлдэй харагдана. Тэрээр гэртээ орох үед энэ хүүхэлдэй яагаад ч юм гэрийнх нь үүдэнд зүгээр л хэвтэж байв. Хаанаас гараад ирсэн нь ч ойлгомжгүй түүний хөлний урд хэвтэж байсан. Чээмээ зүрхэн дэх зүүг нь сугалан өмнө нь авчихсан байсан малын цусанд хийгээд яаравчлан гарч ирсэн нь энэ. Тэрээр явсаар оршуулгын газрын үүдэнд ирээд хүүхэлдэйг аван босоо чулуун дундуур алхсаар "Энххүслэн" гэсэн нэртэй булшны өмнө ирээд хүүхэлдэйг босоо чулууны хажууд суулгаад:
-Удаан ирж чадаагүйд уучлаарай дүү минь. Өөртөө хэт их гэмшсэндээ нэг ч удаа ирье гэсэн бодол төрөөгүй нь чиний минь хилэнг төрүүлчихсэн бололтой. Тэр үед би ийм зүйлийг огтхон ч хүсээгүй юм шүү дүү минь. Зүгээр л хэн нэгнээс өшөөгөө авах гэсэн тэнэг хүсэл ийм байдалд оруулчих нь чинээ хэн санах билээ дээ. Чи санадаг уу? Хүүхэд байхад аав ээж чамайг л гэж өхөөрдөн энэ бүхний цаана би л үлддэг байж билээ. Чи ийм л сайхан хайр татам ялдам охин байсан шүү дээ. Чи одоо ч гэсэн тийм л байх болно. Эгч нь чамд хайртай шүү дээ.
Чээмээ хэлэх үгээ дууссан байх гэж бодсоноос ч тэр үү гүнзгий гэгч нь амьсгал аваад нөгөө хар номыг бас хүүхэлдэйн хажууд тавиад босч машинруугаа алхлаа. Гадаа нар жаргаж бүүдийх өнгө аяс оржээ. Чээмээ нилээн алхаад дүүгийнхээ булшруу эргэж харахад чулууны дэргэд хэн нэгний бараан дүрс Чээмээрүү гараа даллах аж. Мэдээж энэ бол Хүслэн гэдгийг Чээмээ хараад таниж байв. Хүслэн нүүр дүүрэн инээмсэглэсээр удалгүй бүдгэрэн алга боллоо. Чээмээ удаан гэгч нь явсаар арай гэж гэртээ орж ирлээ. Түүнийг гэрлүүгээ орох гэхэд орцны гэрэл унтарсангүй, гэрээсээ дөлөх ямар ч сэдэл төрсөнгүй, хэн нэгэн түүний дууг муухайгаар аялан түүнийг хөөсөнгүй. Гэртээ ороход тухгүй хүйтэн санагдсангүй, харин ч түүний дулаахан гэр орон нь гэж өмнөхөөсөө ч илүү мэдрэгдлээ. Чээмээ усанд ороод өөрийгөө сэргээн, дараа нь хоол хийхээр гал тогоондоо орон бараг долоо хоногийн дараа л амттай хоол идэхээр бэлдэв. Хооллож дуусаад тэрээр амандаа дуу аялан унтлагын өрөөндөө ороод төмөр сейфийг онгойлгож дэвтрийг гаргаж ирэн дуу бүрийг нухацтай хараад өмнөх аз жаргалтай байдлын биш харин шунахай цувдаг ёрын мушийлт түүний царайнд илэрнэ. "Юм үздэг хардаг л гэсэн яг үнэндээ хүний худал үнэн хэлж байгааг ч мэддэггүй авгай юм даа. "Тэр" юмнаас салах аргыг хэлсэн нь яамай даа л гэж бодохоос доо" гээд бах нь ханасан мэт чангаар инээлээ.

Үргэлжлэл бий.

Зүү шигтгэсэн хүүхэлдэйDove le storie prendono vita. Scoprilo ora