Зүү шигтгэсэн хүүхэлдэй 2

16 1 0
                                    



"ХҮН БАЙГААГҮЙ? Үнэхээр тэр яг хүн мөн байсан юм болов уу? Хар малгайтай цамцтай байсан. Алхаж байхад нь хөлийн чимээ ер сонсогдоогүй." гэсэн бодлууд эргэлдэхэд түүний нуруугаар хүйт даагаад явчихав. Одоо гэхдээ дээш өгсөхөөс өөр замгүй. Учир нь хэдийн гурван давхарт ирчихсэн шүү дээ. Чээмээ аажуухан амьсгаа аваад шатаар өгсөж эхэллээ. "Тог тог тог тог". Түүнийг алхахтай зэрэгцэн яг ард нь давхар хөлийн чимээ сонсогдоно. Хэн нэгэн хойно нь тулаад алхаж буй мэт. Тэрээр сандран эргэн харсан ч хэн алга. Гэвч алхах үед яг ард нь хөлийн чимээ сонсогдсоор л. Тэр ч бүү хэл чихнийх нь хойно амьсгал мэдрэгдэнэ. "Дрррр дрррр" Чээмээ цочсондоо болоод орилчихов. Гэхдээ энэ ердөө түүний утас байлаа. Гар утсаа гаргаж ирээд харвал "Захирал" гэсэн дугаар залгаж байв.
"Бай...байна уу?"
"Өө байна байна. Чээмээ чи хаана байна?"
"Би гэрлүүгээ орж явна."
Тэрээр ярингаа алхсаар гэрийнхээ үүдэнд ирлээ.
"Аан тийм үү? Өнөөдөр шинэ дуугаа бичүүлсэн гэсэн үү?"
"Тиймээ захиралаа. Тэгээд Хандаа сэтгүүлчид ярилцлага өгчихөөд одоо гэртээ ирж байна л даа."
"Аан зөв зөв. Ойрдоо их ажил амжууллаа. Шинэ дуугаа ч бичүүлчихсэн юм чинь хэд хоног амардаа. Гурав хоногийн дараа шинэ дууны чинь клипний зураг авалттай. Мэдэж байгаа биздээ?"
"Мэдэж байгаа захиралаа. Ашгүй би бас шинэ дуу зохиоё гэж бодож байсан юм. Зав гарсан дээрээ жаахан сууя."
"Заа тэг тэг. Сайхан амраарай"
"За та ч бас"
Чээмээ гэртээ хэдийн ороод ирчихсэн байлаа. "Ёохх. Ашгүй амрах нь" гээд инээмсэглэснээ агшин зуур бөхөв. Түүнийг сая орцонд болсон явдал зовоож эхэлжээ. Гэсэн ч маш их ядарч байсан тул усанд орчихоод  унтахаар шийдэв. Чээмээ усанд орчихоод унтлагын өрөөрүүгээ ороход орны хажуудах сеф нүдэнд нь туслаа. Цул металл кодтой халдашгүй сеф. Тэрээр онгойлготол дотор нь ердөө л нэг дэвтэр байв. Хуучирч өнгө нь гандсан ноотны дэвтэр байх ба дээр нь Энххүслэн гэсэн нэр барайн харагдана. Чээмээ дэвтэрийг нээж эхний хуудсыг гаргахад "Надад өгөөч" гэсэн гарчигтай ноотнууд бичигджээ. Хойш нь эргүүлэхэд "Борооны өмнө", "Always" гэх зэрэг дуунууд бичээстэй гучин зургаан хуудас байлаа. "Маргааш энийг зохиох юм байна." гээд Чээмээ "Оддын зүг" гэсэн дууг харж байв.
*** ***
Чээмээ хэдий орондоо орсон ч айдас хүргэм хачин үйл явдлуудаас болоод нойр нь хулжжээ. Тэрээр утсаа оролдон хэвтэнэ. Интернетээр түүний тухай сайн муу олон нийтлэл холилдоно. Чээмээ утсаа цааш тавиад "нөгөө" дэвтрээ гарган шинэ дуугаа дуулж үзлээ.
"Холын хол анивчих түмэн оддын гэрэл
Хотын гудамжнаас оддыг ажиглан сууна
Хааяадаа би тэдний дунд дүүлэн ниснэ
Хамгийн өндөрт бас хамгийн гүнд"
Чээмээд энэ дуу таалагдсан бололтой үл ялиг мушийгаад дэвтрийг сефрүүгээ хийлээ. Нойр нь хүрэхгүй байсан ч ядарч байгаа тул нүдээ аниад унтахаар хүчлэв. Шөнө дунд Чээмээ нойрноосоо цочин сэрлээ. Сэрсэн шалтгаан нь яг одоо том өрөөнд нь ямар нэгэн юм дуулж байна. Чээмээ сэмээрхэн орноосоо босоод хаалганд чихээ нааж анхааралтай сонсов.
"Холын хол анивчих...түмэн оддын гэрэл
Хотын...гудамжнаас...оддыг...ажиглан...сууна
Ммм ммм ммм ммм"
Хэн нэгэн том өрөөнд нь суугаад түүнээс өөр хэний  ч мэдэхгүй байгаа шинэ дууг нь ёрын муухайгаар аялаж байна. Энийг аялах гэхэд ч хэцүү хяхатнасан хоолой байлаа.
"Ааааа"
Нөгөө хоолой гэнэт маш чангаар хашгирав. Чээмээ цочсондоо огло үсрэн ухарсан ч буцан хаалгаруу ойртлоо.  Том өрөөнөөс гарч түүний унтлагын өрөөрүү чиглэх хөлийн чимээ сонсогдоно. Чээмээ сандран хаалгыг түгжих төдий хэн нэгэн бариулыг эргүүлж, нээх гэж оролдож эхэллээ.
"Чи хэн юм бэ? Надаар яах гэсэн юм?" гэж хаалганы зүг орилов. Гэтэл нам гүм болж хаалга нээх гэсэн оролдлого зогслоо. Чээмээ гэрлээ асаан хаалганаас холдов.
"Наадах чинь МИНИЙХ!" гэсэн хашгиралттай хамт унтлагын өрөөний гэрэл хага үсэрлээ. Чээмээ хашгиран уйлсан ч гар утсаа орон дээгүүрээ тэмтрэнэ. Гар утсаа олоод гэрлийг нь асаахад өрөөнд хэн ч алга. Чээмээ хөнжлөөр биеэ ороон унтлагын өрөөний хагарсан гэрэлнээс бусад бүх өрөөний гэрлийг асаалттай үүр цайлгажээ. Энд тэнд жаахан чимээ гарах төдий айж цочин нүдээрээ хэн нэгнийг хайсаар нойргүй хоносон байв. Мандах нарны туяа цонхоор гийх үед л бага зэрэг тайвшран унтаад өгөв. Гэвч зүүд нь хүртэл түүнийг тайван байлгасангүй. Харанхуй хонгилоор хэн нэгнээс зугатаж, араас нь хөөх хүн "Наадах чинь минийх" гээд гараа сарвалзуулан тэмүүлнэ. Чээмээ нүдээ нээлээ. Дэрнийхээ хажууд хэвтэх утсаа аван цаг харвал оройн 17:00 болж байна. Тэрээр өндийх гэж оролдоод буцаад хэвтэв. Хэдий нойр сайн авсан байх ёстой ч хар дарсан зүүд эсвэл өчигдрийн явдлаас болоод хамаг бие нь хөндүүрлэн, ядарч туйлдсан байлаа. Чээмээ утсаа аван хадгалсан дугааруудаа дээрээс нь доошоо нухацтай гүйлгэсэн хэдий ч түүнд ийм үед нь хань болох найз нөхөд байтугай хөндлөнгийн хүн ч байхгүй ажээ. Тэрээр утсаа хөнжилрүүгээ шидээд удирдлагаа авч зурагтаа асаав.
'Саяханаас нэрд гараад байгаа залуухан дуучин Чээмээ буюу Энхчимэгийн "Надад өгөөч" уран бүтээлийг танд хүргэж байна'. Чээмээ цааш нь сувгаа солилоо. Тэр өөрийнхөө дууг сонсохыг хүссэнгүй. Ерөн ч орцонд хүртэл түүний дуу цуурайтаж байхад (аймшигтайгаар) яаж ахин сонсохыг хүсэх вэ билээ дээ. Чээмээ өнөө шөнийг яаж давж гарахаа мэдэхгүй байлаа. Орноосоо өндийвөл урд нь гэрэлний хагархай шилний хэлтэрхий энд тэндгүй хэвтэнэ. "Ямар ч байсан гэртээ хонож болохгүй" гэсэн бодол толгойд нь эргэлдэж тэрээр хувцсаа солин гарахаар бэлтгэлээ. Чээмээ гар цүнхээ аван гарах хаалганыхаа бариулыг бариад бие нь хөшсөн мэт зогсов. "Эндээс яаж гарах вэ? Хэрвээ гарах л юм бол хүйтэн харанхуй хонгил бүхий шатнууд намайг ямар нэгэн юмтай цуг хүлээж байгаа". Чээмээ утсаа гарган такси дуудлагаруу залгалаа.
*** ***
Чээмээ нэгэн томоохон зочид буудлын өмнө зогсов. Таксины жолооч:
-7500 төгрөг боллоо.
-За ахаа май. Хариулт хэрэггүй. Гэрт ирж авсанд баярлалаа.- гээд Чээмээ 10000 төгрөгийн дэвсгэрт сунгалаа. Тэрээр ганцаараа орцноосоо гарч чадалгүй таксины жолоочийг гэртээ орж ирэхийг гуйсан билээ. Чээмээ зочид буудалруу орж өрөөний түлхүүр аваад 3 давхарт гараад 302 дугаарын өрөө рүү оров. Чээмээ шиг 3 хүн багтахаар өргөн ор байх ба өмнө нь том дэлгэцтэй зурагт тавигджээ. Хотын төврүү харсан саруулхан цонхтой бөгөөд шөнийн хот үнэхээрийн таатай үзэгдэнэ. Чээмээ өрөөндөө хоол захиалж идчихээд хурдхан шиг унтахаар орлуугаа яарлаа. Уг нь орой хүртэл унтсан ч гэсэн дэрэн дээр толгойгоо тавих төдий гүн нойронд автлаа. Чээмээ нүдээ нээв. Чухам юу түүнийг сэрээснийг мэдэхгүй ч өглөө болох яагаач гүй байхад тэр гэнэт сэрчхэв. Тэр хэсэг чимээ чагнан хэвтсэн ч юу ч сонсогдсонгүй. "Өнөө шөнө юу ч тохиолдохгүй нь" гээд тайвшран инээмсэглэх үед хонгилоор хэн нэгэн хөлөө чирэн алхах дуулдлаа. "Чээ...мээ...Чээ...мээ!чи...хаана...байна?"
Тэр хоолой ойртсоор яг түүний өрөөний өмнө ирээд чимээгүй болов. Хэсэг нам гүм байснаа хаалга зөөлөн тогших дуулдлаа. Тог тог тог. Чээмээ буудлын ажилтан байж мэднэ гэсэн цөхрөнгүй бодолдоо найдан:
-Хэн бэ?- гэхэд хэн ч хариу хэлсэнгүй. Харин хаалгыг тогших биш маажих чимээ түүний нурууны үсийг босгох нь тэр. Маажих чимээ улам бүр чангарсаар, чангарсаар. Чээмээ орны хажууд байх бүрхүүлтэй гэрлийг асаан дэргэд нь байгаа утсаар буудлын ресепшнийг дуудахаар гараа сунгах үед орон доороос цэлдэн хөх, хүйтэн гар бариад авлаа. Гараа салгах гэж хойш ухарч, хамаг хүчээрээ татсан хэдий ч тэр гар түүнийг тавьсангүй. Харин ч бугуйг нь өвтгөн улам бүр чанга базна. Гэтэл Чээмээ түүнийг барих гараас нэг зүйлийг танилаа. Эрхий хурууны хажууд байх түлэгдсэн сорви. Энэ сорвийг тэр хамгийн сайн мэдэх билээ.

Үргэлжлэл бий...

Зүү шигтгэсэн хүүхэлдэйWhere stories live. Discover now