Ф дэндүү дуугүй хүн. Шаардлагатай л биш бол хүнтэй огт юм ярихгүй. Нэг үетэй үгээр хариулж болох бол хэзээ ч олон үетэй үг ашиглахгүй. Санаагаа хэдхэн үгэнд багтааж чадах бол хэзээ ч өгүүлбэр ашиглахгүй. Хариугаа нэг өгүүлбэр болгож чадах бол хэзээ ч хоёр өгүүлбэр хэлэхгүй. Ер нь түүнтэй ярилцана гэдэг ямар ч хүний тэвчээрийг алдуулах зүйл.
Тэр жаахан байхдаа саксофон тоглодог байсан. Дуу цөөтэй болохоор манай хадам ээж аутизмтай юм байна гэж бодсон хэрэг л дээ. Тохиолдлоор хадам ээж маань алдартай саксофоны багш мэддэг байсан болохоор түүнийг олон найзтай болгох гэж сургалтад явуулсан.
Удалгүй нөгөө багш манай хадам ээжид түүнийг ерөөсөө бусадтайгаа нийлэхгүй байгаа болохоор санаа нь зовж байгаагаа дуулгасан юм.
Тэгээд л хадам ээж маань түүнтэй ярилцахаар шийдэж л дээ.
-Хүү минь, чи хэдэн хүүхэдтэй хамт саксофон сурдаг юм?
-4 эсвэл 5.
-Тэд нар ямаршуу санагдаж байна.
-Дажгүй.
-Чамд нийлдэг хүүхэд бий юу?
-Байхгүй ээ.
-Бусадтай харилцахын тулд чи санаачлагатай байх хэрэгтэй. Тэд нартай илүү их ярилцаж бай за юу? Хүсвэл гэртээ урьсан ч болно шүү дээ.
-Чадахгүй ээ.
Өнөөх зожиг чинь нухацтай нь аргагүй толгойгоо сэгсэрлээ.
Хадам ээжийн тэвчээр нь хязгаартай хүрэнгээ алдан "Яагаад?" гэж асуув.
-Ээж ээ, миний ам саксофон тоглоод завгүй байдаг. Тэгэхээр ярих зав байхгүй.
Олон жилийн дараа энэ явдлыг хадам ээж маань ярьж өгөхөд би буйдан налж унаад элгээ хөштөл инээсэн дээ. Би хадам ээждээ түүнийг баллет сургасан бол ам нь хүнтэй ярих завтай болохгүй юу гэж хэлэхэд хажуугаар аяга ус уухаар явж байсан Ф бид хоёр руу нүдээ эргэлдүүлсээр явөөд өглөө.
