1. unknown number

1K 101 15
                                    

Өвлийн эхэн сарын сэрүүхэн салхи хацрыг нь элбэнэ. Нам гүм хотын харанхуй шөнөөр шаналал, цөхрөлөөс нь өөр хань болох нэгэн түүнд байсангүй. Бүлээхэн гомдлын нулимс хүйтэн салхитай холилдох агшинд доторх бухимдал бүр нь улам ихээр ундран багтарч ядсаар тэр  зоригтойн аргагүй өөрөөс нь өөр хэн ч үгүй өндөр барилга өөд авирлаа.

Түүнд цаашид амьдрах хүсэл гэхээс илүү тэнхэл үлдээгүйг Миён зөнгөөрөө мэдэрч байсан. Хорогдох хүмүүс байхгүй учраас биш харин ч зугтах хүмүүс байсан учраас тэр үүрдийн ганцаардлыг шийдэмгийгээр сонгосон нь энэ. Задгай талбайд гарсан цагаас хойш, шат өөд авирах тусам айдас бус догдлол мэдрэгдэх нь түүнийг үхэлд бэлэн буйг нотолно.

"Үзэсгэлэнтэй харагдаж байна"

Тэр шөнийн гэрэлт хотыг арван зургаан давхраас ширтэн зогсохдоо инээмсэглэн ийн хэлээд салхийг мэдрэн түрхэн зуур нүдээ анилаа. Өмнө нь энэ мөчийг бодит мэтээр төсөөлөн дотроо олон янзаар төлөвлөж байсан ч ингээд бүх зүйл биелж буйд багахан итгэж ядна. Өдгөө арван наймхан настай боловч амьдрах хугацаа нь ийм богинохон байсанд мөн л гуниглах ч түүнд буцна гэсэн эргэлзээ огтхон ч байсангүй.

Өнгөрсөн он жилүүдэд туулж, мэдэрсэн бүхнээ бодон зогсох түүний дурсамжууд тодрох тусам л зогсож буй эрмэг дээрээсээ хурдхан үсэрчихмээр санагдсанд Миён хашлагатай төмрийг даван дээврийн эрмэг дээр зогслоо. Дахиад нэг л алхам өгсөөд хөлөө суллан, тэнцвэр алдахад тэр үүрд энэ ертөнцөөс явна гэдгээ мэдэж байсан. Тиймдээ ч сэтгэлзүйгээ бэлдэхээр доош өнгийн харвал замын бүдэгхэн гэрлүүд бүрсийн, машинууд цэг шиг л жижигхэн харагдах бөгөөд толгой нь эргэж, дайвалзан гэнэт л айдас хамаг биеийг нь бүрхээд авах шиг боллоо. Хэдий тэр энэ өдрийг хүлээж, өөрийгөө бэлдэн, бэлэн болгохыг хичээн олон удаа төсөөлж байсан ч түүний харж буй бүхэн төсөөллөөс нь хэд дахин аймшигтай байв.

Миён гар утсаа гаргаж ирэн сүүлчийн үгээ хэн нэгэнд дамжуулах гэсэн ч хадгалсан ганц ч дугаар байхгүйгээ санан дэмий л дурын хэд хэдэн дугаар зохион зурвас бичихээр тааруулна. Түүний зохиосон тоонуудын ихэнх нь ашиглалтанд байхгүй байсан ч сүүлийн тоонуудыг нь элдэв янзаар өөрчилсний эцэст хэн нэгний дугаар тохирч, ногоон хүрээ харагдлаа. Өөрийг нь үнэнээ ярих боломжгүй болох тэр л үед энэ дугаарын эзэн түүний зурвасыг ээжид нь дамжуулаг гэж бодсон тэрээр зоригтойн аргагүй бичиж эхлэлээ.

UNKNOWNTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon