21. Moon&Star

204 50 2
                                    

"Надад үнэхээр мөнгө байхгүй ээ, эмч ээ"

"Тэгээд зүгээр л бууж өгөх юм уу?"

Болдог бол гарт минь хатгасан зүүг тастаж хаяад зугтаачих юмсан. Энэ цагаан ханануудын дунд өдөр хоногийг өнгөрөөж, хэзээ ч дуусашгүй эм тариаг ар араас нь хэрэглэж, эрх чөлөөгүй хоригдсон шувуу шиг байхыг үнэхээр хүсэхгүй байна.....Эмчийн хэлсэн бууж өгөх гэдэг үг үнэндээ чихэнд хачин танил сонсогдож байна. Миний хувьд том болох тусам бууж өгнө гэдэг байж болох хамгийн зөв, хамгийн амар зам шиг санагддаг болчихсон. Тэр л мэдрэмж одоо ч өөрлөгдөөгүйг ийн гэнэт мэдэрсэн болохоор өөрөө өөрөөсөө цочих шиг....

"Бууж өгөх....зүгээр л мартахыг хүсэж байна. Цаашлах эсвэл эндээ зогсож, эсвэл бүр буцаад явахын тухай бодохын оронд зүгээр л амрамаар байна"

Хэлснийг минь сонсоод тэр намайг ихэд ойлгож байгаа мэт царайлан, "Тийм дээ, ихэнх хүмүүс ийм үед тэгж мэдэрдэг юм. Том зүйлийн өмнөх амралтыг хүсэх нь аргагүй шүү дээ. Гэхдээ эмчилгээгээ эхлүүлж, хагалгаад орсон нь хамгийн зөв сонголт...."

"Тэр их мөнгийг төлж, түмэн хүмүүст төвөг удсаны дараа миний цаашдаа амьдрах боломжийн хувь хэд билээ....арван хувь байх аа? зуугаас арав..." гэсээр инээмсэглэж орхисонд эмч хүндээр ярвайснаа хариу хэлчхэж чадсангүй.

Ойлгоосой гэж хүссэндээ л эсэргүүцэж байгаа юм. Яаж ч хичээгээд удаан амьдарч чадахгүй гэдгээ бие махбод минь байтугай зөн совин өөрөө мэдэж байгаа. Өнгөрсөн хэд хоногт үүнтэй аль хэдийнээ эвлэрчихсэн учраас л сайн бодсоны эцэст энэ шийдвэрт хүрсэн.

"Мөнгө асуудал биш ээ, Миён. Бид чамайг засгийн газрын хөнгөлөлтөд хамруулчхаж чадна. Гол нь чи энэ хагалгаад орж цусаа сэлбүүлэхгүй л бол гурван сар ч амьдарч чадахгүй. Бүгд л амьдрахыг хүсдэг байхад чи яагаад ийм эрт бууж өгөөд..."

"Бууж өгөөгүй гээд байхад. Зүгээр л би нэгэнт бүтэхгүй зүйлийн хойноос хэрэггүй итгэл төрүүлж бусдыг бас өөрийгөө зовоохыг хүсэхгүй байна. Угаасаа л боломжгүй хувь тавиланг эргүүлж чадна гэж худал итгэж, өөрийгөө болгоно гэж хуурахаас залхчихсан. Өнгөрсөн жилүүдэд өдөр бүрийг яг тэгж өнгөрөөсөн учраас дахиад чадахгүй нь"

Магадгүй надад багахаан амралт, бүхнийг үл тоох хэсэгхээн хугацаа бас хувь тавиланд итгээд орхих үе л хэрэгтэй байгаа бололтой. Амьдрал үхлийн тухай бодохоос ч дургүй хүрч байгаа боловч сэтгэлзүйн хувьд юу ч байсан хүлээж авч чадна гэдгээ л мэдэж байсан...

UNKNOWNWhere stories live. Discover now