Танихгүй дугаар

58 13 3
                                    

Би тэр шөнө хар дарж хоносон...

Юу зүүдэлснээ санахгүй байгаа ч сэрээд харахад чи дэргэд байхгүй байсныг л санаж байна...

Хоног өдрүүд ээлжлэн өнгөрсөөр чамаас явсан гучин хоёрдох өдөр. Нэгэн хэвийн боловч дэндүү тайван өнгөрөх өдрүүд сэтгэл санаа тогтвортой хийгээд уужуу амьсгалж чадахаар болсон тэр өдөр хоногууд. Сэтгэлийн зовнилоор дүүрэн өнгөрдөг байсан тэдгээр өдрийг санахаар өөрийгөө ямар тэвчээртэй байсныг гайхна.

Нүдэн дээр минь өөр хүнтэй явахыг чинь харахдаа энэ орчлонд сохор төрөөгүй дээ харамсах шиг. Басхүү чамайг юу бодон алхдаг бол гэж гайхдаг байлаа. Өөр нэгнийг хайрласан харцаар ширтэхдээ чиний бодолд би огтхон ч байдаггүй байсан байхдаа. Намайг дурсахыг ч хүсдэггүй байсан биз. Азаар шүү ямар азаар би чиний араас зууралддаггүй байсан юм бол. Магад үгүй би ч өөрөө дассаных юм болов уу? Эсвэл залхсаных юм болов уу? Нэг л өдөр чи миний сэтгэлд хүртэл байхаа больчихсон. Нэг гэрт хамт амьдардаг болохоос биш зүгээр л нэг хамтран амьдрагчид шиг. Бие биенээ танихгүй нэгэн шиг зөрж өнгөрөх болсон тэр өдрүүд. Нэг бодлын амар хийгээд гунигтай.
Одоо ингээд бодох тусам чи бидний дунд дурсамж биш зүгээр л гуниг байсан бололтой. Дурсах дурсамж үгүй бас эргээд харах хайр ч үгүй. Бие биенийхээ сэтгэл хөдлөлд хэт автсандаа үерхэж, бие биенээ хайрлаж байгаа гэх ахархан бодлоор хамт амьдарсан. Гэвч хайр биш байсан нь харамсмаар. Шохоорхол төдий сэтгэл хөдлөлөөр нэгнээ харж, намайг хайрласан гэх итгэлээр чамд дассан. Чамайг хайрлаж байгаа гэж сэтгэлээ хуурч, чамайг надад хайртай гэж өөрийгөө мэхлэн, бүх зүйлсийг хүндрүүлж орхисон. Чамайг ч өөрийгөө ч хүчлэн хүлж орхисон нь би өөрөө бололтой. Чамтай өнгөрүүлсэн тэр л цаг хугацаа амьдралыг минь хамгийн их өөрчилсөн цаг хугацаа болж өнгөрсөнд талархмаар. Уйтгар гунигаар дүүрэн өнгөрдөг өдрүүдэд өнгө нэмж, багахан хугацаанд солонго болон орж ирсэн чи хэсэгхэн хугацаанд ч болов нүдийг минь баясгаж, сэтгэлд минь өнгө нэмсэн.

Гадаа нартай хэдий ч зөөлөн салхи салхисан намуухан өдөр. Чамайг биш эргэн тойрноо ажиглан алхах би. Гадаах орчиныг ажиглаагүй ямар их удаа вэ? Гэхдээ хэзээнээс эхлэж юмсыг ингэж гүн гүнзгий бас удаан ширтдэг болсон юм бол. Шувуудын жиргээн, нэгнээ хөөн гүйх хүүхдүүд, хоорондоо хачирхалтай яриа өрнүүлэх ахлах ангийн сурагчид, биенээ харж чадалгүй ичингүйрэн суух хосууд гээд бүгдийг нэг бүрчлэн хардаг болчихож. Өмнөхөөсөө илүү сонирхолтой санагдаж, тэднийг хараад л баймаар ийм мэдрэмжийг мэдрээд нэлээдгүй хугацааг өнгөрөөчихөж. Хосуудын дэргэдэх хоосон суудалд суун зөрж өнгөрөх хүмүүсийг илүү удаан харахаар шийдэн тухлан суулаа. Гэвч карманд байх утас чичирхийлэн дуугарч, анхаарлыг минь сарниулж орхив.

Lã ŚołitüdiñéWhere stories live. Discover now