Эхлэл

20 4 0
                                    

Зуны бас нэг дулаахан налгар орой. Орчин тойрны бүх л зүйлс аз жаргалаар бялхаж буй мэт харагдана. Бүхнийг ажиглан суух надад энэ бүхэн шинэлэг санагдах нь гайхмаар шүү. Орой болгон нэг л газраа ирж ойр орчимоо ажиглан суух миний зуршил болсон гэлтэй.

Яг л урьдны адилаар бүгдийг ажиглан сууж байхдаа холгүйхэн тэрнийгээ олж харсан юм. Аз жаргалтай инээд, туулайн шүд, чин сэтгэлийн инээмсэглэл. Энэ бүхнийг нэг дор олж харсан минь түүнийг ямар их жаргалтай байгааг мэдрэх шиг. Энэ олон сар түүнийг огт санаагүй гэж хэлэхгүй ээ. Жинхэнэ сэтгэл хэзээ ч мартагддаггүй юм билээ. Зүгээр л нэг дурлал байсан гэж бодсон ч тийм байгаагүйг энэ саруудад мэдэрсэн. Эхэндээ түүнийг санасан сэтгэлээ зүгээр л нэг дасалт гэж ойлгож, харин дунд нь үгүйлэх мэдрэмжээ үгүйсгэсээр эцэст нь түүнийг гэх сэтгэлээ хайр байсныг ухаарсан. Гэхдээ дэргэдээ байхгүй нэгнийг санаж бэтгэрэх нь хамгийн аймшигтай байдаг юм билээ. Харахыг хүссэн хүсэлээ тэвчин, тавьж явуулсан өөртөө уур хүрсэн. Гэвч эцэст энэ бүх зүйлд зүгээр л дасаж орхисон. Хамгийн зөв арга мөн хамгийн зөв сонголт. Түүнийг ч бас зовоохыг хүсээгүй дээ өөрөө өөрийнхөө хайраас чөлөөлж явуулчихаад буцаагаад дөнгөлөх зориг надад байгаагүй юм. Түүнд ч бас жаргах ёстой өдөр хоногууд хайрлагдах ёстой хугацаа гэж бий шүү дээ. Уйтгар гунигтаа хүлэгдсэн миний дэргэд тэр нэгэн гундаж, дахиад л өөр нэгэн рүү тэмүүлэх нь тодорхой. Тиймээс зүгээр л тэвчихээр бас дасахаар шийдсэн минь энэ.

Өмнө нь би ирээдүй рүүгээ яарч, өнгөрсөнөө үгүйлсээр, одоо гэх энэ цаг хугацааг л хайрлаж байгаагүйгээ ухаарсан юм. Тийм ч учраас энэ бүх сэтгэлийн шархаа одоо гэх цаг хугацаандаа даатгахаар шийдсэн юм.

Түүний инээмсэглэлийг хараад дотор минь байсан бяцхан айдас хаашаа ч юм хийсчих шиг. Ганцхан энэ инээдийг л насан туршдаа харахыг хүсдэг байсан минь одоо алс холын зэрэглээ мэт санагдах болж. Инээднээс нь аз жаргал мэдэрдэг болохоор түүнийг инээлгэх дуртай байсан сан. Басхүү нүднээс нь бүх л огторгуйг харж чаддаг байсан нь гайхалтай. Гүн хийгээд гэмгүй тэр нүд намайг яг л сордог элс шиг татчихдаг ширтээд л баймаар хичнээн хугацаа өнгөрсөн ч хамаагүй зөвхөн түүнийг л ширтээд баймаар санагддаг. Тэгж л би өөрийгөө хайрлагдсан мэтээр мэдэрдэг байсан. Түүний халамж мөн хайр энхрийлэл надад би ч бас хайрлагдаж болох юм байна гэх бодлыг төрүүлдэг байсан юм. Амьдралдаа анх удаагаа хайрлагдаж, түүний хувьд цор ганц нэгнээр мэдрэгдсэн минь тэр.

Lã ŚołitüdiñéOù les histoires vivent. Découvrez maintenant