2~р бүлэг "Зүгээр л найзууд"

6 2 0
                                    

Зул сарын баяраар хүссэн хүсэл минь биелэлээ олж тэд надад бэлгийг минь өгсөн, чамайг. Хамтдаа тоглож, хамтдаа хооллож, ном уншиж бүүр заримдаа хамт унтдаг болсон. Анх удаагаа чамайг өрөөндөө оруулж ирэхэд чи "хөөөөх" гэсэн царай гаргаад өрөөн доторхыг минь ширтэж байсан. Цэнхэр өнгө үү? гэсэн шиг тийм царай гаргахаар чинь "би тэнгэрт байгаа юм шиг" гэж хэлсэн. Ягаан биш байсан болохоор чи жоохон гайхсан байх л даа. Хамтдаа тоглодог найзууд маань биднийг хосууд гэж хардаг байж билээ. Дандаа л үерхэдэг гэж хэлнэ. Тэр үе болгонд зүрх минь үнэхээр ихээр догдолж байж ядан лугшдаг байсан ч байсхийгээд л асууж, шоолоод байхаар нь зүгээр л найзууд гээд хэлчхэж билээ.

Бага сургуулийн байдаг л нэг өдрүүд үргэлжилнэ. Байсхийгээд л би ангийнхаа охиныг дагуулаад танай ангийн хажуугаар өнгөрдөг байлаа. Ийшээ дандаа л ирэх юм яах гээд байдаг юм гэж асуух болгонд нь ариун цэврийн өрөө орох гэж гэж хэлдэг байснаа санах юм. 2 давхарт ариун цэврийн өрөө байдаг байхад 3 давхарт гарах хэрэг уул нь байхгүй шүү дээ. Одоо бодоход инээдтэй, тэр үгэнд итгэдэг байсан охин хэрэв санаж байгаа бол юу гэж бодож байгаа бол. Хичээл тараад гарахад чи сургуулийн урд найзуудтайгаа тоглож байдаг байсан. Намайг анзаарах сөхөөгүй. Нэг зүгт явдаг байсан болохоор хажуугаар чинь өнгөрөхдөө би дандаа л "хамт харих уу?" гэж асуудаг байсан. Чи мэдэх үү? Тэр хэдэн үгийг амнаасаа гаргах гэж хичнээн их зориг гаргадаг байсныг минь. Хэлэх үг хийх үйлдэлийг минь ажиж байсан юм шиг л "хамт" гэх үгийг амнаасаа гаргангуут л хавийн хүүхдүүд шуугиж ирээд л шоолж эхэлнэ. Биднийг үерхэдэг гээд намайг чамд сайн гээд л... Тэгээд тэр нэг өдөр яг хэзээг нь сайн санахгүй юм нөгөө л хэлдэг үгээ хэлээд чам дээр очсон тэр өдөр. Ангийн чинь хөвгүүн намайг хараад чамд найз охин чинь ирж байна гэж хэлэхэд чи надруу хараад "зүгээр л найзууд" гэж хэлсэнээ инээмсэглэж билээ. Тэр үед би аааан тийм зүгээр л найзууд байж гэж бодоод сэтгэл минь жоохон хөндүүрлэсэн сэн гэхдээ тэрийгээ ил гаргахгүй гэсэндээ худалаа инээсэн. Сонин шүү хайр гэдэг зүйл, хэнийг ч ялгадаггүй бас нас ч харгалзахгүй нэгэнт л ирсэн бол бүгдэд адилхан үйлчилдэг. Хараад догдолно, хамтдаа байхдаа ичнэ, хэн нэгэн хажууд нь байхаар хардана, хэнэггүй хэлсэн зарим үгэнд нь гомдоно. Ингэж л үйлчилдэг зүйл.

Цаг хугацаа, өдөр хоногууд өнгөрсөөр л урлагын үзлэг болсон өдөр чи дуулсан. Анх удаа л чиний тийм төрхийг харсан. Олон хүмүүсийн урд зогсоод сэргэлэн цовоо өөртөө итгэлтэй хоолойгоор дуулж эхэлсэн. "You are my sunshine, my only sunshine..." гээд л. Эргэн тойрны бүх зүйлс харагдахаа больж, хүүхдүүдийн шивэр авир хийн шивнэлдэх нь ч сонсогдохоо больж оюун бодол минь, хамаг анхаарал минь чам дээр л ганцхан төвлөрсөн. Гэхдээ харц чинь хаашаа харж байсныг хараад би үнэхээр их гуниглаж билээ. Миний эгнээд гурван хүний цаана сууж байсан манай ангийн охин руу харц чинь чиглэсэн байсан. Бодол болсон харц сайн ажаад харвал минийх гэж хэлж байгаа юм шиг тийм харцаар чи түүнийг ширтэж байсан сан. Өмнө нь мэдрэгдэж байгаагүй тийм их өвдөлт тэр үед л мэдрэгдэж билээ.

Хүсэлээ шивнэсэн хүсэл минь биелэлээ олсон тэр өдөр хөл газар хүрэхгүй баярлаж байснаа санаж байна. Нөгөө нүдэнд минь харагдчихаад л гүйгээд явчхдаг охинтой хамтдаа тоглох боломж олдсон тэр өдөр бас тэрнээс цаадах өдрүүдэд би хичнээн их жаргалтай байсан гээч. Хамтдаа тоглож, хамтдаа хооллож, ном уншиж, зураг зурж хааяа хамтдаа унтдаг байсан сан. Нээрээ анх гэрт чинь ороод чи намайг өрөөндөө оруулсан. Цэнхэр өнгөөр хүрээлэгдсэн чиний өрөөг хараад би вааа~ гэж бодсон яг л тэнгэр дээр байгаа юм шиг гэж бодож амжаагүй байхад чи "тэнгэрт байгаа юм шиг байгаа биз" гэж хэлж билээ. Охидын ихэнх нь ягаан өнгөд дуртай байдаг гэтэл чи өөр байсан нь намайг чамд улам л дурлахад хүргэсэн юм болов уу? Үеийн хүүхдүүд гэдэг зарим нь үнэхээр л ядаргаатай. Хамтдаа байж харагдах болгонд хачин юм ярьж холбодог. Биднийг үерхэдэг гээд... тэр үгэнд нь дургүй биш байсан минь үнэн. Үнэхээр их баярладаг байлаа тэдний тэр үгэнд, хөөрч догдолоод л. Гэхдээ чамайг зүгээр л найзууд гэж хэлэхэд чинь тэр бүх догдлол нисээд л явчхаж билээ.

Бага сургуулийн жирийн л нэг өдрүүд. Манай анги 3 давхарт, танай анги 2 давхарт байдаг байсан. Завсарлагаан болгоноор цайны газар луу орох гэж доош бууна гэхдээ баруун талын шатаар буугаад заавал ангийн чинь урдуур гарч чамайг харчхаад зүүн талын шатаар буудаг байсан өгсөхдөө ч мөн адилаар. Ангийн хөвгүүд асууна яагаад ингэж явдагыг минь шууд нэг шатаараа бууж болдоггүй юм уу? гээл. Асуух болгонд нь зүгээр л хөгжилтэй шдээ гэж хэлдэг байлаа. Хөгжилтэй гэж хэлсэн тэр үгэнд итгээд хамт инээгээд явдаг байсан хүүхдүүд одоо санаж байгаа бол юу нь тийм хөгжилтэй байсан байнаа гэж бодож байгаа байхдаа. Хичээл тараад чамайг хүлээж ангийнхаа хөвгүүдтэй хувцасаа шороо болтол тоглодог байсан сан чамайг гарч иртэл. Чамайг над дээр ирээд хамтдаа явах уу? гэж асуух болгонд чинь зүрх минь яаж байж ядан догдолдог байсныг мэдэх үү? Түг, түг, түг гэж түргэн цохилох зүрхний цохилтоо хэн нэгнээс нуух гэж бас л хэрэндээ л зүдэрдэг байлаа. Тэгээд тэр өдөр чиний найз охин ирж байна гэж хэлсэн найздаа би "зүгээр л найзууд" гэж хэлэхэд чи инээж байсан. Найз охин чинь гэх үгийг сонсоод царай чинь сонин болсон чи намайг найзууд гэж хэлэхийг сонсоод инээсэн. Тэр инээмсэглэлийг чинь хараад би баярлаад инээчхэж билээ.

Өдөр хоног өнгөрч урлагын үзлэг болсон тэр өдөр би дуулахаар болсон. Анх удаагаа. Дүүрэн хүнтэй зааланд зогсоод дуулж эхэлсэн. "You are my sunshine, my only sunshine..." гээд л чам руу харан чамд зориулж. Гэтэл чиний эгнээд чамаас дөрөв билүү таван хүний цаана сууж байсан өөр ангийн хөвгүүн чамруу цоо ширтээд сууж байдаг байгаа. Уур хүрээд л явчхсан, битгий хараад бай! гээд хэлмээр санагдаж байсан. Дуу дуулж байгаагаа бараг л мартах дөхсөндөө. Тэгээд харц нь түр чамаас салаад надруу харах үед харц мөргөлдөхдөө би түүнд минийх гэж харцаараа хэлж билээ.

Ингээд бидний бага сургуулийн амьдрал дуусаж бид "зүгээр л найзууд" гэж хэлсээр дунд ангид орлоо.

-🌹

☆Бидний хайрын түүх☆ ДууссанWhere stories live. Discover now