Chapter 7

1.1K 132 8
                                    

Жонгүгийн байрлаж байгаа газар кафегаас нэлээд зайтай аж. Тэр тайван, нэгэн хэмийн алхаагаар засмал замын тоосгонууд руу ширтэн алхахад би араас нь чимээгүйхэн дагана. Удалгүй намхан хэр нь тохилог жижигхэн байшингуудын ойролцоо ирэх үед тэр огцом баруун тийш эргээд замаар гаран цаад захын байшин руу зүглэх нь тэр. Огцом эргэлтэнд би багагүй сандран замаар гарах гэж тэвдэхдээ хажуугаар өнгөрөх хүмүүс намайг нэвтлэн гарна гэдгийг дахиад л мартаж орхисон байлаа. Гэсэн ч санасан дариудаа өөрийгөө шоолох шиг болж түүний араас гүйсээр гүйцэн очив.

Хаалганы урд ирээд Жонгүг халааснаасаа хэлхээстэй түлхүүр шажигнуулан гарган ирж цоожны нүх рүү шургууллаа. Ингэхдээ түүний бодол санаа хаа хол хөвж байх шиг санагдана. Хаалга онгойх үед тэр үүдний хажууд байх сандал дээр гадуур хүрмээ тохоод, харж амжихын завдалгүй олон өрөөнүүдийн нэг рүү нь орон алга болох нь тэр. Харин шинэ орчинд орж ирчихээд хараахан дасаагүй байгаа би өнөөх сандалны хажууд хөшсөөр үлдэх ажээ.

Тэгэхээр тэр энд амьдардаг болсон байх нь.

Байшингийн хана, хийгээд шал нь бүгд хүнд бор өнгөтэй юм. Үүднээс холдон зочны өрөө бололтой цэлгэр том өрөө рүү орж ирэх үедээ би тавилгууд нь ч бас мөн адил хүнд бор өнгөтэй болохыг мэдэв. Магадгүй ийм өнгө энэ үед дэлгэрч байсан байх л даа.

Өрөөг гүйлгэн харахад зураг гээд байх юм үзэгдсэнгүй. Ширээ болон буйдан, ханаа дагасан номын тавиурууд, бараан хүрэн хөшигтэй цонхны тавцан дээрх тоос дарсан радионоос өөр эд хогшил гээд байх зүйл алга. Би хэсэг өрөөн доторхыг гүйлгэн харж байгаад өрөөн дэх цөөхөн эд хогшлуудын нэг болох буйдан дээр чимээгүйхэн суулаа. Байшинд тэр чигтээ чив чимээгүй байдал ноёлоно.

Хаалганы нугас чахран дуугарсны дараа удалгүй өрөөнд хувцсаа солин өмссөн Жонгүг орж ирэв. Тэр гартаа барьсан сониноо хөмсөг зангидан уншсаар миний сууж байсан буйдангийн хажуугаар өнгөрөн шатаар дээш гарч алга боллоо. Магадгүй түүний өрөө дээр байдаг биз. Түүнд мөддөө бууж ирэх шинж алга. Өнөөдөртөө би энэ буйдан дээр л унтах болж дээ.

Харин маргааш Левенора руу явна.

Цаг эрт байсан ч би буйдан дээр дээш харан хэвтээд элдвийн зүйл эргэцүүлж эхлэв. Үнэндээ маргааш юу болох бол гэхээс санаа зовохын зэрэгцээ хөөрч догдолно. Номыг нээх үед би хамт буцаж чадахгүй бол яах вэ? Эсвэл үнэхээр буцчихвал яах вэ? Буцаж чадвал би гэртээ очно. Харин чадахгүй бол... энэ л санааг минь хамгийн ихээр зовоож байна.

Mysterious Four : InvisibleWhere stories live. Discover now