IX

3.8K 179 15
                                    

Тэр амттай өглөөний хоол захиалан хажууд минь тавьчихаад явжээ. Цонхоор дүнсгэр Осака хот тодоос тод харагдана. Цагийн зүү хэдийн өдрийн 1 цагийг заан чанга чимээ гаргасаар урагшлах аж. Нүцгэн биеэндээ нимгэн шаргал халад өмсөөд түүний надад зориулан захиалсан хундага дарсыг авч гартаа атгахдаа хажууханд нь байх тэмдэглэлийг уншлаа.

"Тоглолтоо дуусгаад ирэх болохоор шөнө ирэх байх. Уйдалгүйгээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж байгаарай.
-Чамайг хайрладаг Бэкхён"

Гартаа барьсан дарсаа удаанаар шимэн цонхоор гадаахыг харан зогсохдоо ахиад л олон мянган сөрөг бодлоор толгойгоо дүүргэж байлаа. Бэкхён дэргэд минь байхгүй мөч бүхэнд сөрөг бодол, мэдрэмжүүд намайг бүрхээд авах юм. Хаалга нээгдэж тэр ороод ирэхэд л тэр бүх сөрөг зүйлс үргээд алга болчих шиг.

Хундага дарсыг хэсэг бодолд автан шимэн зогссоны эцэст хоосон болсон хундагыг цонхны тавцан дээр үлдээн тэндээс холдсон юм.
Өвдөгний дээхэн хэсэг хүртэл урттай бариу улаан хүрэн өнгийн даашинз өмсөөд дээгүүр нь хар цув хослуулан буудлаас гарлаа. Энэ цагаар Сэүн Бэкхён хэн нь ч явахгүй, орой болох тоглолтдоо бүгд бэлдэж байгааг сайн мэдэх учир тайван алхаж явсан хэрэг. Гадаа тун удахгүй бороо орохыг илтгэх шиг тэнгэрийг дүүрэн бараан үүлс бүрхэж, сэрүүн салхи зөөлөн үлээж байв. Тийм ч хөл хөдөлгөөнтэй бус байгаа нь магадгүй амралтын өдөртэй холбоотой байх. Энэ нөхцөл байдал тун таатай санагдана. Замд таарсан кафед ороход харин эсрэгээрээ тун ч их хүнтэй байх аж. Латте аваад цонх руу харсан ширээнд тайвнаар суув. Хажуу ширээнд суусан охидын яриа чихэнд тод сонсогдож, бүр анхаарлыг минь татаад эхлэлээ. Тэд Америк оюутнууд бололтой Англиар ярьж байгаа нь тэдний яриаг бүрэн ойлгоход хүргэж аж.

"Уучлаарай, энэ тасалбараа зарах уу?"

Тэд яриагаа таслан над руу хэсэг хачин харцаар ширтэж байгаад баярласан бололтой гэнэт бөөндөө чанга дуугаар яриад эхлэх нь тэр.

"Тийм ээ, та авах уу. Бидэнд аз таараад гэх үү, азгүйдээд гэх үү нэг тасалбар илүү захиалчихсан"

Би дуртайхан тэднээс тасалбарыг аваад үргэлжлүүлэн захиалсан зүйлээ уун суухад тэр охид гараад явлаа. Нэгэнт хийх ажил байхгүй бас Бэкхёныг ч харахыг хүсэж байна. Түүний тоглолтыг нэг ч удаа үзэж байгаагүйгээс хойш энэ гэнэтийн явдал надад үнэхээр аз болох шиг боллоо.
Тоглолт болоход дахиад 5 цаг гарны хугацаа үлдсэн байв. Энэ хугацаанд хийхийг хүссэн бас нэгэн зүйл гэнэт л толгойд орж ирсэн юм. Шууд л кафегаас гарч хаана гэдгийг мэдэхгүй дэлгүүрийг хайж зам даган алхана. 30 гаруй минут алхаж байтал сэтгэлд нийцсэн нэгэн дэлгүүрийг олов. Тэр тийм ч том биш жижиг дэлгүүр байсан ч доторх орчин нь үнэхээр хараа булаам басхүү их цэвэрхэн тохилог байх нь тэр. Дотор нь ороод нэлээдгүй удаан бараа бүтээгдэхүүнийг сонирхон алхлаа. Жижиг жижиг шаргал өнгөөр гялалзсан шигтээ, сааг дотор нь хийсэн ягаан туяатай шаар нүдэнд онц гойд тусах аж. Түүнээс хэд хэдийг аваад бас бус лаа гэрэл, чимэглэлийн зүйлс мөн хөөрхөн хэлбэр дүрс өнгө бүхий амттануудаас сонгож нэлээд хэдийг авав.
Бэкхёнд гэнэтийн бэлэг барихаар шийдсэндээ гэнэт л жоохон охин шиг шаар, гэрлүүд худалдаж аваад түүнийгээ инээмсэглэсээр гартаа чанга атган буудлын зүг явсан юм.
Түүнийг эргээд ирэхээс өмнө өрөөг чимэглээд басхүү дарсны дэлгүүрээс авсан дарс, мөн амттануудыг орон дээр гоёмсгоор байрлууллаа. Энэ бидний анх удаа хамтдаа гадаадад ирж байгаа явдал шүү дээ. Хэдий ингээд байх нөхцөл байдал хараахан биш ч гэсэн харилцаагаа улам сайхан болгохыг хүсэж байна. Би түүндээ хичнээн их хайртайгаа захаас нь ч болов мэдрүүлэхийг хүсч байна.
Өрөөг чимэглэж дуусаад цаг харахад хэдийн өдрийн 14 цаг болчихсон байх нь тэр. Энэ удаад харин өөрийгөө бага зэрэг бэлдэв. Энгийн л жинс өмсөөд хар бариу цамц мөн шаргал цув өмслөө. Хаалгаар гарахаасаа өмнө дахин нэг өрөөг гүйлгэж харчихаад тоглолт болох зүг яаравчилсан юм.
Тоглолт болох газар ирэхэд гадаах зогсоолоос эхлээд дотогш орох хаалга хүртэл хүнээр дүүрсэн байв. Тэнд зогсох хүн бүхэн гартаа янз бүрийн зурагт хуудас, тоглоом, тэдний хамтлагийн гэрэл зэргийг барьсан харагдана. Анх удаа учраас надад ойлгомжгүй басхүү мэдэхгүй зүйлс их байсанд учраа олохгүй явсаар. Хаана очих хаагуур орох зэрэг энгийн зүйлсийг ч мэдэхгүй толгой эргэсээр л, бөөнөөрөө зогсож байгаа хэсэгт очин зогсоход хэдэн охид намайг их л сонжин харна. Тэд амандаа ямар нэг зүйл шивнэлдэж бусдыгаа нудран миний зүг зааж байлаа. Тэд чинь яачхаа вэ?
Яг энэ мөчид би гэнэт тэр зүйлийг санасан юм. Яаж мартаж чадав аа, тэнгэр минь би галзуурсан байх...Сэүн бид хоёрын зураг бичлэг тарчихсан бүр байгууллагаас нь баталсан мэдэгдэл хийчихсэн шүү дээ. Юү РаИ чи ч ёстой дүүрчихсэн тэнэг!
Тэдний нэг нь миний дэргэд ойртон ирээд надаас тэр мэдэгдлийн талаар асуун шалгааж эхлэх нь тэр.

+Going Crazy+ [Mongolian]Where stories live. Discover now