ДӨРӨВ. ТОМ ХҮН ШИГ БОЛСОН НЬ

1.5K 263 6
                                    

"Ким Тэхён сурагчдыг төлөөлж үг хэлнэ" хэмээн бичсэн цаасыг харах зууртаа би уртаар санаа алдав.

Хэрвээ би том хүн байсан бол... ирээдүйдээ болж чадвал өөрсдийнх нь нүдэнд хүүхэд шиг харагддаг бүх хүний өмнөөс дур мэдэн шийдвэр гаргахгүй л байх байсан. Ядаж нэг удаа асуух байсан юм.

"Хиймээр байна уу?" гэж.

Өвөл өнгөрч буйг илтгэн гадуур цас хайлж, гудамж талбай тэр чигтэй халтар шавхайнд дарагдаад байсан үе.

Томчуудыг үзэн ядах уу? өөрийнхөө жаахныг үзэн ядах уу мэтийн хөгийн бодол хөврүүлэн алхах зууртаа олж харсан зүйл минь тун шинэлэг байлаа.

Бадруун, орилуун ааштай Жимин хуучин хоолны газрын өмнө гараа урдаа томоотой гэгч нь аваад зогсчихсон, ардаа нэгэн жижигхэн эмэгтэйг нууж ядан, харин түүний өмнө хоёр том хүн ташаагаа тулан хашигчих ажээ. Өр нэхэгчид бололтой.

Томчуул нэг бол өөрөөсөө дор хүнийг алж ч мэдэх хэтэрхий хүчтэй үгүй бол насанд хүрээгүй хүүгийнхээ араар бөмбөгнөн нуугдах хэмжээний сул дорой байдаг нь гайхмаар.

Бас үргэлж ихэрхэж бахадсан хүчээрээ гайхуулж явдаг Жимин ээжийгээ хамгаалахдаа тэр хүчээ гаргахгүй нудрагаа улайтал атгаад нүүрлүүгээ алгадуулж зогсох нь ч гайхмаар юм. Хүн бүрт, хэдий нэг муу насанд хүрээгүй жаахан хүүхдэд ч хамгаалахаа тулвал хамгаалж чадах зүйл байдаг бололтой.

Надад хамаагүй болохоор би зүгээр л зөрөөд өнгөрөх гэж байсан ч хүн чанар гэх зүйл надад хумсны толионоос илүү хэмжээгээр байдаг гэдгийг батлах шиг хөлийг минь тушах өөр нэг зүйл нүдэнд үзэгдсэн нь Жиминий ард зөвхөн ээж нь биш хуруугаа хөхөн, баацагнах бяцхан жаал хүү байлаа.

Дөнгөж сая давснаас ирсэн бололтой нүдээ нухлах тэр жаалыг дээрэмчид олж хараад улам хашигчиж, тэрүүгээр нэг ширээ сандал тараан шидэх бөгөөд тэр чимээнээр нь жаал хүүгийн час хийтэл уйлах дуулдав.

ЦАГДАА ИРЖ БАЙНА. ЦАГДАА!

Гудамжны үзүүрээс ийм орилоон дуулдахтай зэрэгцэн өнөөх хоёр дээрэмчин ум хумгүй зугатаан гарах, дараа нь ингэж хашхирч зогсох намайг Жимин олж харах хүртэл тийм ч их хугацаа өнгөрсөнгүй.

Нэгэнт л харагдчихсан хойно би түүнрүү очиход омголон ширүүн Жимин харин намайг харсан ч дүргүйгээр цааш эргэж уйлж суусан ээжийгээ өргөн босгоод дүүгээ тэврүүлээд ийн хэлэв.

- Гэртээ ороод хоолоо идэж бай. Би энэ хавийг цэвэрлэчихээд орно.

Тэр ингэж хэлэхдээ тэс өөр хүн шиг, том хүн шиг, эр хүн шиг харагдсан.

Хэн хэн нь үг үл дуугарах хэвхэрч эвдэрсэн ширээ сандал, аяга тавганууд хөглөрсөн хоолны газар, таазнаас нь шар гэрэл савлаж, бид хоёр зүгээр л цэврэлгээ хийж эхэлсэн.

Би ч дуугарахгүй, тэр ч дуугарахгүй. Зүгээр л шалаар тарсан зүйлс, ширээ сандлыг зөөж, цэвэрлэж ажил хийв.

Амархан санагдаж билээ.

Найзтай болно гэдэг төсөөлж явснаас минь хавьгүй амар байсан бололтой. Магадгүй бид хэн хэн нь хүүхэд болохоор найзууд болох амархан байсан болов уу.

Бид цэврэлгээ дуусах үед Жимин довжоон дээрээ хөлөө жийж суугаад халааснаасаа тамхи гаргаж ирэн, хажууд нь зэрэгцэн суусан надад санал болгоход би янжуур гээчийг анх удаа хуруун завсраа барьж үзсэн юм.

- Чи тийм ч новшийн амьтан биш бололтой.

- Харин чи тэгтлээ гудамжинд гарчихсан танхай этгээд биш бололтой.

Бид ийм хэдхэн үг солилцоод хэн хэн нь тамхинаасаа сорон тэнгэр өөд ширтэхэд одод түм бумаараа гялтагнаж байсан тэр орой би ердөө л 19 настай байлаа.

ДУРСАМЖИН ДУНДАХ ДУРСАМЖ (ДУУССАН)Donde viven las historias. Descúbrelo ahora