ДОЛОО: ӨӨР ЗҮЙЛ ХАРСАН НЬ

1.3K 233 5
                                    

Жимин бид хоёрын нөхөрлөл хачин зүйл байв. Хоорондоо нэг их зүйл ярьдаггүй хэр нь зүгээр л хэлхэлдэж явдаг болсон байсан бөгөөд ингэж явах нь хэн хэнд нь төвөггүй бас өөрсдийнхөөрөө байгаагаас нэг их ялгаагүй байдаг мэт надад санагддаг байлаа.

Заримдаа Жимин бид хоёр уншсан номныхоо талаар ярилцаж, үгүй бол шинээр гарсан киног шүүн тунгаацгаана. Эгээ л залуу гүн ухаантнууд аятай үг хаялцдаг байсан бөгөөд өмнө нь зодооноос өөр юу ч мэдэхгүй гэж боддог байсан бодол минь тэр чигтээ өөрчлөгдсөн билээ.

Америкийн цэргийн ангийнхан сүр бадраан гудамжаар хөлхөх бөгөөд хүмүүсийн нүдэнд тэднээс айх айдас хуримтлагдсан харагдана.

Тэд хамгаалах гэж ирсэн биз дээ?

Хойд солонгосчууд энэ хотруу хэзээ мөдгүй дахин дайрна. Дайн дуусаагүй, ердөө л гал зогссон юм. Тиймээс бидний ах дүү Америкчууд хамгаалахаар, туслахаар ирсэн билээ.

Би тэдний дэргэдүүр зөрөн өнгөрөхдөө багшийнхаа ийн хэлж байсныг санаад тэрүүхэндээ л хүндэтгэсэн байдалтай байсан бол хамт явсан Жимин тэгсэнгүй.

Тэр нудрага зангидан, харц нь ширүүсчээ. "Муусайн новшнууд"... Тэр гарцаагүй шүдээ зуун байж ингэж хэлсэн.

- Чи яагаад ингэж хэлж байгаа юм?

Би түүнрүү гайхсаар харвал тэр хариу хэлэлгүй толгой сэгсэрсээр цааш алхаж эхлэв.

Бид хамтдаа явсаар нэгэн жижиг ном болон пянзны дэлгүүрийн үүдэнд ирэхэд Жимин гэнэтхэн зогтусан шилэн цонхны цаадахруу ширтэх бөгөөд тоосондоо дарагдсан энэ дэлгүүрийн юу нь тийм содон байгааг гайхсаар би түүний харц буйг харахыг хичээвэл лангууны ард суух танил төрх үзэгдэв.

Магадгүй биднээс 2 эсвэл 3 насаар ах, хэдэн жилийн өмнө манай ойролцоо амьдарч байгаад нүүж одсон ах байлаа. Би багадаа энэ ахаас үнхэлцэгээ хагартал айдаг байж билээ.

Хэтэрхий дүнсгэр тэр ах үргэлж ганцаараа гудамжинд сууж байдаг байсан бөгөөд нэг удаа хөршийн хүүгээс түүнийг хүний цус уудаг гэж дуулаад дахин таарах бүртээ холуур тойрдог байсан юмдаг. Ингээд бодохнээ инээдтэй гэмээр шалтаг ч гэсэн одоо харахад тэр өнөө л дүнсгэр хүйтэн төрхтэй хэвээрээ ажээ.

- Тэр хүний цус уудаг гэсэн.

Намайг ийн хэлэхэд Жимин надруу гайхан харсанаа үл ялиг инээмсэглээд хэлсэн үг нь хариу хэлэх үггүй гацааж орхив.

- Түүний аавыг Америк цэргүүд алчихсан юм. Чи Кимийн засаглал манай засаглалаас юугаар илүүг мэдэх үү? яг Гван Сү Жиний хэлдэг шиг шудрага ёсыг тэгшээр хүртээхэд гэмгүй хүн бас гэмтэй хүн гэж байдаггүй юм. Хойд Солонгосчууд өөрсдийн шудрага ёсондоо итгэж байхад бид Америк шудрага ёсонд итгэдэг. Тэр нь ердөө хэн хүчтэй байгаа вэ? Тэр талын. Зөвхөн хүчтэнд үйлчилдэг шудрага ёс.

- Чи үзэл сурталч зүйл ярьж байна. Ингэвэл чамайг баривчилж мэдэх юм.

- Баривчилбал баривчилна л биз.

- Чи айхгүй байна уу?

- Юунаас тэр вэ? Үхэхээс үү? үхэх амархан шүү дээ. Харин амьдрах л хэцүү.

Жимин ингэж хэлээд удалгүй дэлгүүрийн хаалга онгойж, өнөөх ах гарч ирэхдээ бид хоёрлуу хальтхан дохих нь ороод ир гэж буйнх бололтой.

Дотогш ороход цонхоор тусах нарны гэрэлд тоос бужигнан үзэгдэх бөгөөд пянз тоглуулагчнаас хөнгөн хэмнэл бүхий жазз аяс эгшиглэх ажээ.

Намайг эргэн тойрныг ажиглаад ухаанаа алдчихсан байхын дараахан Жимин намайг нудран өнөөх ах биднийг хооронд нь танилцуулав.

- Энэ бол Юнги ах. Харин энэ бол Ким Тэхён.

- Сайн байна уу?

- Сайн. Чи унших дуртай юу?

- Ти- тийм ээ. Дуртай.

- Тэгвэл энийг чамд.

Өнөөх ах надад ном сарвайх бөгөөд миний сурж шалиагүй англи хэл дээр байх ажээ. Oscar Wilde "Happy Prince" гэх гарчиг бүхий хар хавтастай тэрхүү номыг би бүр сүүлд уншихдаа тэр үед Жиминийг яагаад тийм төрхтэй байсныг ойлгож билээ.

Яг л өмнөө байсан аягатай будааг булаалгачихсан хүүхэд аятай Жимин надруу харж байсан тэр үдэш би ердөө л 19 настай байлаа.

ДУРСАМЖИН ДУНДАХ ДУРСАМЖ (ДУУССАН)Where stories live. Discover now