i.

1.5K 87 41
                                    

Гэрэл нэг асч, нэг унтарна.

Харанхуй өрөөнд тусах бүдэгхэн гэрэлний туяанд түүний сүүдэр барагтайхан харагдах агаад, гартаа атгасан ямар нэг урт ташуур шиг зүйл нь газар хүртэл унжих аж.

Дотор муухай оргиж байсан ч үүнээс илүүтэй нүд бүрэлзсээр байсанд би нүдээ хэд дахин цавчаад толгойгоо хөнгөхөн сэгсэрлээ.

Ямар нэг зүйл хэлэхийг хичээн амаа нээсэн ч аманд юм хийчихсэн бололтой хачирхалтай хуурай зүйл мэдрэгдэхээс гадна, гар хөл минь ч хөдлөх боломжгүй байв.

Удаанаар анивчих гэрэл дахин нэг анивчаад, эцэст нь зогсохтой зэрэгцэн надаас нэлээд зайдуухан зогсох тэр аажмаар над руу дөхөн ойртоно. Гуталных нь шал тогших чимээ чихэнд хараал аятай цуурайтах нь айдас төрүүлэх шиг болж, хүйтэн хөлс нуруу даган урслаа.

"Сэрчхээ юу?"

Түүний хоолой. Аяархан мэт хэрнээ ёжлоод байгаа мэт зэврүүн сонстох цуурай.

Тэр доош явган суугаад, тонгойсоор царайгаа газар хэвтэх минийхтэй бараг л наах шахам ойртуулав.

Энэ нүд, энэ ангаж цангасан харц...

"Тоглох уу?" гэж тэр энэ удаад тун болгоомжтой шивнээд гараараа нүүрийг минь хөнгөхөн илбэхэд биеийн хамаг шар үс сэрдхийн босох аж. Айдас түгшүүр, эзлэн түрэмгийлэл түүний үг үсэг бүрээс ханхалж, хүрэлт болгоноос нь чөтгөрлөг аура мэдрэгдэнэ.

Эсэргүүцэж, ядаж авиа ч гаргаж амжаагүй байтал гэнэт л өрөө тас харанхуй болж орхилоо.

Удалгүй хэн нэгний өвдөлтөндөө тарчлах орилоон хаа сайгүй дуулдаж, хутгаар ямар нэг зүйл сийчих чимээ хоршин цуурайтна.

Гэрэл эргээд асахтай зэрэгцэн тарчлаант орилоон аниргүйд шургаж, зөвхөн хана шалан дээгүүр цацарсан цус л хамгийн түрүүнд үзэгдэх аж.

Дараагаар шалан дээр хэвтэх хөрсөн цогцос үзэгдлээ. Түүний гүн хар нүднүүд оргүй хоосон руу гөлийж, сэндийчиж орхисон биеэс нь цус тасралтгүй олгойдон урсана.

Царайных нь хаа сайгүй зүсч орхисноос болоод түүнийг хэн гэдгийг таних аргагүй байв.

Гэхдээ удалгүй урт бор үс, хүзүүг нь чимэх чамин улаан шигтгээтэй зүүлт гэрэлд тодроход би цочирдон, зогтусаж орхилоо.

Би... үхчхэж.

***

"Каори? Каори!!!" Хэн нэгэн мөрийг минь хүчтэйхэн шиг сэгсрэхэд л би нэг юм бодит ертөнцөд хөл тавих шиг болж, цочисхийн нүдээ нээлээ.

I'm Your Psychopath [Completed]Where stories live. Discover now