ямармэргэжилтэйболохгэжбайна?

1.2K 79 11
                                    

"Ямар мэргэжилтэй болох гэж байна?" гэж багаас минь хойш л хүмүүс асуусаар ирсэн. Тэр болгонд нь "Мэдэхгүй" л гэж хариулдаг байлаа. Үнэхээр чин сэтгэлээсээ дурласан зүйл байхгүй болохоор тийм амархан шийдчихэж чадахгүй. Гэтэл одоо хэдийн төгсөх анги болчихсон тул "мэдэхгүй" гэж хэлэх эрхгүй болчихож.

Юу ч юм хамаагүй сонгоод дуртай дургүй нь мэдэгдэхгүй зүйлээрээ насаараа ажиллах ёстой юм уу?

Уг нь ч дотроо бодож явдаг зүйл байгаа ч дэндүү эрсдэлтэй,зарим хүмүүсийн хувьд инээдтэй зүйл. Гэхдээ энд хэлчихье, яадаг юм!

Би кино найруулагч болмоор байна.

Гэхдээ болоод яана гэж? Кино найруулагч гэсэн мэргэжилтэй болов уу үгүй юу Леонардо над дээр хүрээд ирэхгүй шүү дээ. Магадлалыг нь огтхон ч тооцох боломжгүй салбарт дэндүү их эрсдэл үүрч орохоос айж байна.

Бас тэгээд би яг хангалттай сайн авьяастай байж чадах ч юм уу үгүй ч юм уу? Эргэлзээтэй. Хэчнээн хичээгээд чадахгүй бол яах юм гэх айдас мөн дагаастай...

Гэлээ гээд өдий 12-р анги хүртлээ хөөж ирсэн хими, биологиор явахыг ч хүсэхгүй байна. Үнэндээ л шинжлэх ухаан хөөж, өөрийн бүхий л амьдралаа сурч, судалж өнгөрөөхийг хүсэхгүй байна. Лабораторит хадагдсан цагаан халаадтан болохыг лав хүсэхгүй байна.

Хэрвээ бизнесс, эдийн засаг гээд үзвэл яадаг бол? Ер нь яг юу хийдэг зүйл юм бэ дээ, бас л мэдэхгүй.

Би ер нь өдийг хүртэл юу хийж явсан хүн бэ?

Хууль, эрх зүй тал руу зүглээд ч хэрэггүй. Хэлэхэд жаахан ичмээр ч гадагшаа явж сурах чин хүсэлтэй. Хэрвээ хуульч болчихвол монголд л хадагдах болчих гээд байдаг.

Зугтаах аргагүй шийдвэр өмнө минь ирчихээд байхад яг яах ёстой юм бэ дээ? Чаддаг зүйлээ хүсэхгүй байх вий гэж, хүсдэг зүйлээ чадахгүй байх вий хэмээн эмээсээр хамаг цагаа үрж дууслаа...

Хүссэн зүйлээ аз сориод туршаад үзэх үү, аль эсвэл аюулгүй талыг нь бариад хүсэх хүсэхгүйгээ үл харгалзан яваад орох уу?

Үнэхээр мэдэхгүй юм...

Хамгийн гол нь насны эцэст, хүссэн зүйлээ л хийсэн аз жаргалтай нэгэн баймаар байна.

Notes of EverythingWhere stories live. Discover now