Би тэнэг баймаар байна.

484 69 7
                                    

Би 18 жил аав ээжийнхээ сайн охин нь байсаар ирсэн. Гэрийнхээ хажуу талын дэлгүүр лүү орохдоо хүртэл тэдэнд хэлж, зөвшөөрөл авч байж явдаг охин.

Би угаасаа жаахан байсан юм чинь. Өөрийгөө жаахан юм чинь аав ээжийнхээ бяцхан гүнж байх ёстой юм чинь гэх бодолтой явсаар хэдийн 18 жилийг ардаа үдчихэж.

Би 18 жил сайн охин байсан.
Гэхдээ... би сайн охин байхыг үнэн сэтгэлээсээ хүссэн үү гэвэл үгүй.

Би ч гэсэн янжуурын утаагаар уушгиа дүүртэл амьсгалчихаад агаарт хэрхэн тархан алга болохыг нь ширтэхийг хүсдэг.

Би ч гэсэн сархадын амтанд мансууран ухаан санаа минь хэрхэн тэртээд нисэн одох бол гэдгийг мэдэхийг хүсдэг.

Би ч гэсэн шөнө дөлөөр гэрээсээ оргон гараад машиныг нь нууцаар аван шөнөжин хэзээ ч мартагдахааргүй галзуу зүйлс хийхийг хүсдэг.

Би ч гэсэн таарсан эрийнхээ өвөрт шургалан хүмүүн төрөлхтний үхтэл дурладаг тэр л таашаалыг амсахыг хүсдэг.

Би 18 жил сайн охин байсан.

Гэхдээ сайн охин байх дэндүү уйтгартай юм. Хэдий арван наймхан жил ч гэлээ эргээд дурсахад тодрон үзэгдэх дурсамж алга.

Хэн нэгэн надаас "Хийж байсан хамгийн галзуу зүйлээ хэлээч?" хэмээн асуухад "Нэг удаа хичээлээ таслаад kfc орж байсан." гэхээс өөр хэлэх зүйл алга.

Би зүгээр л мэдрэхийг хүссэн юм.

Аав ээжийнхээ сайн охин бус, бүхий л галзуу зүйлсийг туршиж үзсэн өсвөр насны охин байхыг хүссэн. Дахин хэзээ ч олдохгүй өсвөр насаа хэзээ ч мартагдахааргүй галзуу зүйлс хийж өнгөрөөхийг хүссэн.

Гэтэл дотроо бодон бодон явсаар хэдийн насанд хүрчихэж. Насанд хүрсэн хойноо ч аав ээжийн томоотой сахиусан тэнгэр хэвээрээ. Магадгүй үүрээ орхин нисэн одсон ч тэр хэвээр л байна байх...

Би сайн охин баймааргүй байна. Ингэж хэлэхийг минь сонсоод надад ирэх зэмлэл бүрийг мэдэж байгаа ч ядаж ганц удаа ч болов бусдын гайхаж хардаг тэнэг охин баймаар байна.

Би тэнэг баймаар байна.

Notes of EverythingWhere stories live. Discover now