《1》

2.4K 137 3
                                    

Гартаа цаасан онгоц атгасан бяцхан охин инээмсэглэсээр далайн эргээр чимээгүйхэн алхах хүү дээр гүйн очлоо. Арай хийн цагаан цаасаар хэлбэр муутай онгоц хийсэн байгаа нь энэ.

"Ахаа би цаасан онгоц хийсэн. Хамтдаа далайд тавья" гэж хөөрөн хэлтэл хүү хөмсгөө зангидсаар

"Би чиний ах биш гэж хэлсэн байх аа. Намайг битгий ах гэж дуудаад бай!" гэж ширүүхэн хэлтэл охин нэг ам нээх гэснээ уруулаа жимийн доош харан зогслоо.

Хүү буцаад явж байсан замаараа явж, бяцхан охин өнөөх онгоцоо бариад элсэн дээр суулаа. Далайн давалгаа ойртон ирэхдээ гутлыг нь норгож буцаад ирсэн зүг рүүгээ урсан одохыг хэсэг ажиглаж суусныхаа дараа охин цаасан онгоцоо усанд хөвүүлэв. Уг нь хүслээ бичээд хөвүүлмээр байсан ч бичиж чадахгүй учраас хоёр гараа хавсран сэтгэл дотроо хүслээ шивнэлээ.

Хисын ахыг надад дуртай болгож өгөөч...

Нүдэн дээр гэрэл гялбаад байхаар нь удаанаар нээтэл цонхны завсраар үүрийн гэгээ орж ирж байв. Хичээлээ хийж байгаад унтчихаж. Хамаг бие хөшиж, мэдээгээ алдчихсан байгааг мэдэрсээр сандлаасаа босоод дэвтэр номоо авч цүнхэндээ хийв.

Яагаад гэнэт олон жилийн өмнөх явдал зүүдлэгдсэн юм бол? Тэр үед би 5 настай, Хисын 8 настай байсан санагдаж байна.

Дүрэмт хувцсаа ном ёсоор нь өмсөөд толинд харан уруулаа будав. Хар өнгийн урт үс, будаггүй царай, урт сормуус, улаанаар будсан уруул.

Энэ л би. Өөгүй, ёс журамд баригдсан нэгэн.

Өрөөнөөсөө гарч шатаар буун гал тогоонд орж иртэл үйлчлэгчид хоолыг минь бэлдээд тавьчихсан байлаа. Урт ширээний нэг талд суугаад ганцхан надад зориулж хийсэн хоолнуудыг идэв. Том ширээ, олон амттай хоол байсан ч надад хэзээ ч хангалттай байгаагүй. Үргэлж л би ганцаараа. Бас ганцаараа.

"Ах, Жонвон хоёр хаачсан юм?" гэж хажууд зогсох үйлчлэгч эгчээс асуутал

"Жонвон залуу ноёнтон өглөө эрт хичээлдээ явсан. Харин Хисын өчигдөр ирээгүй" гэхэд нь би хөмсгөө зангидаад

"Ирээгүй гэнээ?" гээд гаран дахь хутгаа чанга атгатал үйлчлэгч сандарсаар "Т-тиймээ" гэж хэллээ.

Хутгаа хаашаа ч хамаагүй шидчихмээр байсан ч ширээн дээр буцааж тавиад сандлаасаа босов.

Хоол идэх дуршилгүй болчихлоо...

Цүнхээ үүрээд гэрээсээ гартал гадаа машин ирчихсэн байлаа. Жолооч гарч ирээд хаалгыг минь нээж өгчихөөд буцаж суудалдаа суув. Цонхоо том онгойлгоод хүйтэн салхи биеийг минь сэрүүцүүлэхийг таатайяа мэдрэн гүнзгий амьсгаа авав.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now