Чи байжээ?

183 17 1
                                    

22 насныхаа зун би найзтайгаа анх удаа хотоос гаран хөгжмийн фестивалд оролцохоор шийдсэн юм. Зургаан сар бараг л дуусах дөхсөн зуны аагим халуун өдөр байсан ч гэнэт л бороо хувингаар цутгаж буй мэт хэдхэн минут асгарснаа буцан нар шараад л их тохуурхсан өдөр байж билээ.

Хаа сайгүй л биеийнхээ 80 хувийг ил гаргасан охидууд, тэднээс харин илүү урт үстэй залуучууд маш олон байсан. Риа бид хоёр төв тайзнаас баруун тийш холгүйхэн зүлгэн дээр тухлалаа.

Ихэнх нь бидний мэдэхгүй шинэ артист, хамтлагууд байсан тул үнэндээ дагаж дуулах дуу ч өдийг хүртэл олдсонгүй. Бид ойр орчимд байсан зарим нэг залуустай ойр зуурын зүйлс ярилцан, хааяа нэг хөгжмийн хэмнэлд бүжиглэх аядсаар харуй бүрийтэй золголоо. Удах тусам эрүүл хүмүүс ч ховор болж, илүү чимээ шуугиантай болж эхлэх үеэр тайзан дээр нэг гитартай залуу гарч ирлээ.

Анхнаасаа л энд ирэх нь тийм ч сайхан санаа байгаагүйн дээр одоо ингээд чимээ шуугиан ч, согтуу хөлчүү хүмүүс ч олшроод ирэхээр хурдхан шиг л явмаар санагдана.

Уг нь Риаг ятган гарах хаалга руу эргэснээ санаж байгаа ч би нэг л мэдэхэд үзэгчдийн хамгийн урд талын эгнээнд алгаа хавсарчихсан зогсож байлаа.

Энэ дууг дуулсан хүн нь чи байжээ?

Надад олон жилийн турш сонсож байгаа нэг дуу байдаг юм. Зүгээр л миний дуртай айдолын fmv - ны дуу болохоор хэн дуулсан гэдгийг нь огтхон ч олж чадаагүй ч тэр хоолой өөр ямар дуунууд эгшиглүүлсэн бол гэдгийг үнэхээр сонсохыг хүсдэг байлаа. Хэдэн мянга давтаж сонссон болохоор би тэр хүнийг хоолойгоо засахад нь л танина гэдэгтээ өөртөө бат итгэлтэй байдаг байж билээ.

Гэтэл олчихлоо. Яг тэр мөчид би ийшээ ирэх шийдвэр гаргасандаа хязгааргүй их баяртай байлаа. Эцэст нь ингэж нэг юм дагаж дуулах дуу ирдэг байжээ. Тэнд байгаа хүмүүсээс би л ганцаар түүнийг даган чангаар дуулж байлаа.

Түүний хоолой үнэхээр гүн, сонсох тусам л өөрлүүгээ сорж буй мэт.

Түүний гитар ч мөн адил, зүрхний минь судсуудыг хөглөж байгаа юм шиг л мэдрэгдэнэ.

Тэр ганцхан дуу дуулаад л тайзнаас буух нь тэр.

Үгүй ээ, би ахиад сонсмоор байна шүү дээ. Өөр дуунуудыг нь мэдмээр байна. Ингээд л өнгөрчихвөл би дахиад л тэр бичлэгний ард явахыг нь хэдэн жил сонсох болно. Тиймээс л би түүнтэй ярилцахаар шийдэн тайзнаас буух шатыг зорилоо.

"Сайн байна уу?" Тэр нүднийх нь урдуур унжих цайвар бордуу өнгийн шулуун үстэй, царайг нь харвал гитар шигээ л үзэсгэлэнтэй ч, зангидсан өтгөн хар хөмсөг, муухай ч гэмээр юм шиг харах харцнаасаа болоод жаахан дөлмөөр харагдах аж.

Тэр мэндэлсний минь хариуд юу ч хэлсэнгүй над руу харсаар л байлаа. Түрүүхэн авсан догдлол минь айдас ч гэмээр зүйлээр солигдон зүрхний минь хэмнэл жаахан хурдасч эхлэхэд би хоолойгоо засаад "Ю-юу л даа, би таны сая дуулсан дуунд үнэхээр дуртай. Тэгээд саяхныг хүртэл хэн дуулсныг нь огт олж чадахгүй байсан юм. Гэтэл ингэж таарсандаа маш их баяртай байна." Би хэтэрхий хурдан ярьчихсанд тэр ойлгоогүй юм болов уу бас л юу ч дуугарсангүй. Гэхдээ уруул нь үл ялиг жуумалзах аж. Ядаж л би тэгж бодохыг хүссэн юм.

Би дахин нэг удаа хоолойгоо засаад үргэлжлүүлэн "Энэ дууны нэр нь юу юм бол? Бас хэрвээ дургүйцэхгүй бол би таны өөр дуунуудыг сонсохдоо маш дуртай байх бол-"

"Бал байна уу?" Миний яриан дундаа сааралтах, намуухан байснаа гэнэт чангарч эсвэл чичирж эхлэх замбараагүй хоолойг минь тасалдуулан тэр намуухан агаад маш тайван хоолойгоор ийн асуулаа.

"Айн?" түүний гэнэтийн асуултыг нь би тэр дор нь ойлгосонгүй. Тэр харцаа доошлуулан гар нүцгэн надад ямар ч бал байх боломжгүйг ойлгомогцоо над руу урагш ойртон баруун гараа чих рүү минь ойртуулснаа ээмгэн дээр минь дарах шиг мэдрэгдлээ. Тэр ямар чөтгөрөө хийгээд байгааг ухаарч ч амжаагүй байтал хормын дотор хүзүүн дээр минь нойтон зүйл дусах агаад тэр гарыг минь өргөн шуун дээр минь баруун гарынхаа долоовор хурууны өндөгийг гүйлгэж эхлэхэд л тэр ээмэгний минь үзүүрт өндгөө хатгаад одоо гаран дээр минь дугаараа бичиж буйг ойлголоо. Тэр заавал цусаа гаргахгүйгээр бид бал олчихож болох л байсан шүү дээ.

Тэр бичиж дуусмагцаа доош тонгойн чихэнд минь ойртоод "Илүү олныг сонсгож өгье." гээд түрүүхэн хүзүүн дээр минь дуссан цусаа хальтхан долоох шиг болов. Би түргэхэн хойшлоод ямар гаж донтой амьтан гэдгийг нь хэлж амжихаас өмнө тэр гитараа үүрэн замдаа байх түргэн хоолны газраас салфетка аван өнөөх цустай гараа ороосоор олны дунд замхран одлоо.

Би одоо ч 90 градус байгаа гараа харахад улаан хүрэн өнгөөр утасны дугаар мөн төгсгөлд нь 4 навчит хошоонгор харагдах аж.

Guilty pleasureWhere stories live. Discover now