Ганцаараа?

85 13 2
                                    

Чи байхгүй эхний өдөр

Нарны тусгал арьсан дээр минь тусч, нүдийг минь үнсэн сэрээсэнгүй. Чиний нотнууд газраар нэг хөглөрч, чихийг минь гижигдэн сэрээсэн ч үгүй.

Дутуу хаачихсан цонхны завсраар салхинд туугдаад хааяа нэг нүцгэн гаран дээр минь буух борооны хагасхан дуслууд, юу юугүй хуу татагдах нь уу гэлтэй хийсэх цагаан хөшиг нүүрийг минь ширүүхэн илээд өнгөрөхөд л би сая нэг сэрлээ.

Би хөнжлөөрөө биеэ ороож аваад түргэхэн босч цонх хаалаа. Хачин их салхилж байхын дээр бороо ч аль хэдийн дуслаад эхэлчихжээ. Хэзээ зогссон гэж дахиж ийм дуртай орох гээд байгаа юм бол оо?

Би хувцсаа өмсөөд том өрөөг зүглэлээ. Тэр байсангүй. Гал тогоо руу эргэлээ, бас л байсангүй. Хоёр давхар луу гарч ирэхэд өчигдрийн түүний дуулж байсан, миний сууж байсан газар яаж орхисон яг л хэвээрээ байх ч тэр бас л харагдсангүй. Түрүүхэн дусалж байсан бороо одоо харин мөндөр болоод цонх хагалах нь уу гэмээр түчигнэж эхлэлээ. Би буцан буугаад түүний түлхүүрээ өлгөдөг үүдэнд ирэхэд мотоциклных нь түлхүүр байсангүй.

Би өөртөө аяга ус хийж авчихаад том өрөөний буйдан дээр ирэн суухдаа өчигдрийн талаар, түүний надад зориулж зохисон дууны талаар тэр тусмаа анхны шөнөө түүнтэй өнгөрүүлсэн талаараа бүр ч бодохыг хүссэнгүй. Тэр үедээ өгсөн мэдрэмжүүд нь үгээр илэрхийлж дийлэмгүй таатай байсан нь үнэн ч нийтэд нь бодоод үзэх юм бол миний бие, сэтгэл зүгээр л хэн нэгний зугааг гаргахад зориулагдаад байгаа нь ч бас үнэн.

Гэхдээ утас маань хааччихсан юм болоо?

Түүнийг үд өнгөртөл хүлээсний эцэст бороо намдахтай зэрэгцэн явахаар зэхэхдээ л би шигүү ойн дунд, энэ том байшинд гар утас ч үгүй ганцаараа цоожлогдчихсоноо мэдлээ.

Магадгүй ганцаараа биш ч байж болох юм.





Guilty pleasureWhere stories live. Discover now