Муу бас аюултай

140 16 0
                                    

Тэр явдлаас хойш би түүнийг гоё хоолойтой, гитар дажгүй тоглодгоос цаашгүй гаж донтой гэх дүгнэлтэнд хүрсэн юм.

Чамтай учирсан минь аз байсан ч

Надтай учирсан чинь азгүйдэл байж

Хорвоог би алган дээрээ тавиад харуулъя

Миний байхгүй хэсгийг сонгоорой

Газар тэнгэр хоёрыг надад үзүүлвэл

Тэнгэрийг нь сонгочихоод би амьдрахгүйгээр

Тэндээс чамайг нууцхан харж байя...

Гэсэн ч би тэр дуунаас бол яасан ч татгалзаж чадахгүй гэдгээ сайн мэдэж байлаа. Тэр амьдаар дуулах нь, дуулах үедээ урдуур нь орох замбараагүй үснийхээ цаана хэрхэн нүдээ аних нь, өндөр нот авах үедээ хэрхэн толгойгоо арагшлуулах нь, үгнийхээ завсар амьсгаа авах нь хэрхэн сонсогдохыг, тэгснээ хэрхэн үзэгчдийг тогтуухнаар нэг захаас нөгөө зах хүртэл ажиглахыг гээд бүгдийг нь дахиад хармаар байлаа.

Магадгүй би тэр дугаар луу нь залгахад л дахиад харж чадах байх.

***

Хав хар 5 давхар барилгын гадаа би 'Paradise' гэсэн бичиг өнгө өнгөөр анивчихыг харан зогсоно. Үүдэнд ирээд залгаарай гэснийг нь санан нэг гүнзгий амьсгаа авчихаад түүн рүү залгалаа. Тэр шуудхан л утсаа аваад "Наанаа зогсож бай. Би гараад авъя." гэхэд нь би толгой дохиход тэр хөнгөхөн инээчихээд утсаа салгалаа. Тэр намайг хараад байгаа юм байх даа. Бас гараад авна гэж юу гэсэн үг юм? Төд удалгүй хаалга гэмээргүй хана онгойн тэр гарч ирлээ. Ороод ир гэсэн бол хаалга нь хаана юм гэж ахиж залгах хэрэг гарах байжээ.

Тэр бор өнгийн гурвалжин захтай сорочка өмсөн хоёр ханцуйгаа тохой хүртлээ эргүүлжээ. Өмнө нь ханцуйгаараа халхалчихсан байсан хоёр гарынх нь шивээснүүд нь нүд эрээлжлэм харагдана. Тэр намайг хармагцаа (энэ удаад би тэгж бодсон юм биш) жинхнээсээ инээмсэглэлээ.

"Өөр дуу сонсмоор байгаа юм биз дээ?" тэр хаалга руу заан урд гаран явахыг дохих бол би

"Тийм ээ, бас дуртай дууныхаа нэрийг мэдмээр байна." хэмээн хэлж амжлаа. Тэр "Орцгооё, гэхдээ нэрийг нь аль хэдийн хэлчихсэн юмсан" хэмээн амандаа шивнэсээр араас минь дагасаар дотогш орлоо. Би түүнийг нь сонсчихоод эргэж харан "Байз? Хэзээ?" гэхэд тэр "Ойрхон яваарай. Аюулгүй гэж хэлж чадахгүй нь." гээд урд минь гаран алхах аж. Дотогш ормогц нүргэлсэн чанга хөгжим, уусан, бүжиглэсэн, хашгичсан хүмүүс гэх мэт байдаг л шөнийн цэнгээний газар угтлаа. Харин гадаа үүдэнд юу ч сонсогдохгүй нам гүм байсан нь гайхмаар. Мэдээж би энд ямар нэгэн гитартай дуу сонсохгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Бид хүмүүс дундуур сүлжилдэн явсаар түүний сууж байсан бололтой ширээн дээр хүрч ирлээ. Тэр ширээний хойд хэсэгт очин суух бол намайг зогссоор л байсанд "Студид дуудаад дуугаа сонсгосноо, бүгдэнг нь хальсан дээр хуулж өгөөд 'За, баяртай' гэнэ гэж бодоогүй биз дээ?"

Би захад нь суугаад "Бусдад сонсгохгүй бол яах гэж дуу хийдэг юм?"

"Намайг яагаад хийдэг гэж бодсон юм?"

"Ю-юу? Зүгээр л үг, аяаа өөрөө зохиодог юм шиг санагдсан юм."

"Юу уух юм?"

"Зүгээр ээ, баярлалаа. Намайг яагаад энд дуудсан юм?"

"Яагаад гэвэл би энд байсан болохоор."

"Үгүй ээ, дуугаа сонсгохгүй байсан бол яах гэж дуудсан юм?"

"Би сонсгоно гэж хэлээгүй санагдах юм. Чи л байгаа газар чинь яваад очъё гэсэн."

Новш гэж.

"Бүжиглэмээр байна уу?"

"Үгүй ээ."

"Юм уухгүй, бас бүжиглэхгүй. Шөнийн цэнгээний газарт өөр юу хийх гэж ирсэнийг чинь мэдэхгүй юм."

"Чамайг шөнийн цэнгээний газарт дуудна гэж мэдээгүй юм."

"Шөнө оройн цагаар хаана ч ирж байгаагаа мэдэхгүй шууд л хүрээд ирсэн юм уу?"

"Харин тийм, би яагаад тэгсэн юм болоо?"

"Намайг харахаар ирсэн юм биш үү?"

"Надаас юу хүсээд байгаа юм?"

"Би л тэгж асуумаар байх юм? Аливээ, шударга байцгаая. Зөвхөн дууны төлөө ирээгүй биз дээ." тэр босон миний сууж байгаа зүгийг зүглэлээ. Тэгснээ хажууд минь ирж суун мөрөөр минь гараа оруулан тэврэх аж.

Би түргэхэн босоод "Чи дуу шигээ үзэсгэлэнтэй ч байсан болоосой." Тэр ч бас босон зогсоод "Ийм л болохоор таалагдаж байгаа биз дээ." энэ удаад чих рүү минь ойртон "Муу бас аюултай болохоор." хэмээн шивнэлээ. Би түүнийг хальтхан мөрлөөд гарах хаалгыг зүглэх бол тэр ганц ч үг дуугаралгүй ардаас хоосон ширтсээр үлдэх аж.

Guilty pleasureWhere stories live. Discover now