[13]

301 58 20
                                    

Тогочураас салаад шуудхан Бөртэ үжиний өргөө рүү гүйлээ. Хар хурдаараа гүйсээр өргөөний үүдэнд ирвэл түрүүхэн гараад явснаас хоёр дахин их хуягууд тойрон зогссон байлаа. Бага зэрэг гайхан өргөө рүү орох гэвэл үүд сахиж байсан хуяг "Гүнж тээн дотор хаан хатан хоёр чухал хэрэг хэлэлцэж буй тул та түр азнаж хайрла" гээд өмнүүр минь орлоо.

Ойлгомжтой хаан эзэн ирсэн хэрэг байж шүү дээ. "Тэгвэл эндээ хүлээж байя даа." нар хөөрч гадаа халуун болж байсан тул өргөөний сүүдэр хэсэгт очин зогсов.

Төд удалгүй хаан эзэн гарч ирээд "Охин минь! Орохгүй яагаав? Мм?" хэмээн над дээр ирж зулайг минь үнэрлэнэ.

"Хатан ээжтэй чухал хэрэг хэлэлцэж байна гэж дуулаад саад болохыг хүсээгүй юм аа" хөлөөрөө оролдон аргалах мэт ийн хэлтэл "Чиний тухай л хэлэлцсэн хэрэг. Цэцэйхэн эгчийгээ дагаад нутаг уруу нь явна гэв үү?" гэсээр гараа нэг даллахад нь өргөөнөөс олбог авчирч дэвсэн миний дэргэд суун яриа дэлгэв.

Яагаад ч юм гэм хийсэн юм шиг санагдаж байлаа. "Тийм ээ. Эгчдээ хань болж газар үзэх гэсэн юм." гэвэл толгой дохисоор над уруу харж "Хүнтэй гэрлэ гээд байхаар зугтаахаар биш үү?" хэмээн жуумалзсаар нэг хөмсгөө өргөн ийн асуухад нь би нүдээ олон анивчиж "Үгүй дээ. Зүгээр л.." үнэндээ хариулах хариулт ч алга үнэн юм чинь яалтай ч билээ. Бас нөгөө явах ёстой шалтагаа хэлэх нь ч сонин би одоо юу гэх вэ?

Толгойгоо маажин хэлэх үггүйдээ бантан байтал "Явчхаад ир дээ." бүдүүн баргил хэрнэ санааширсан хоолойгоор ийн хэлээд "Улс гэх энэ том гэрийн эзэн байна гэдэг амаргүй. Монгол гэх нэрийн эцэг болох гэж эзэрхсэн нутаг дэвсгэртээ эзэн байх гэж энэ биенээсээ ургасан цэцэгсээ тэртээ газруудад явуулсан. Эргээд бодох нь ээ алдсанаасаа илүүтэй оносон элбэг ч чи болоод чиний эгч нарт ирсэн үр нь хахир бөгөөд хатуу болохыг эцэг нь мэднэ ээ." гээд толгойг минь иллээ.

Хэлсэн зүйлийг нь хэсэг бодож байгаад "Эмэгтэй хүн болж төрөх хэцүү биш гэж үү? Азаар бид хаан аав таны охин болж ирээд элбэг дэлбэг дураараа мэт байвч бусдаас илүү үүрэх ачаа ч их" гэж Цэцэйхэн эгчийн амьдралыг бодон хариултал

"Тэр үнээн. Тиймээс л энэ эцэгт нь гэмшил төрж буй хэрэг. Охин минь чи хэдийн арван зургаа хүрч. Айлын босго давах нас мөн. Гэвч одоо аавынхаа нүдэнд манцуйгаасаа ч гараагүй жаалхан минь. Иймд ахин хоёр жил түр азная чи ч газар үзэж нүд тайлах тун."

Яагаад ч юм сэтгэлд дулаан санагдаж зориглон "Тэгвэл би ураг барилдахгүй байж болно гэсэн үг үү?" гэж асуулаа.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now