[18]

334 55 12
                                    

Хүзүүгээ бага зэрэг гилжийлгэн хөмсгөө зангируулж чадахаараа муухай харлаа. Ямар салхи нь үлээсэн юм бүү мэд тэрээр бууж өгсөн янзтай хуягууд руу харж толгой дохилоо.

Ийнхүү их өргөөнд орвол сэнтийн өмнөх томоохон ширээн дээр байсан бололтой домбо таваг идээ гээд зарим зүйлс газраар хөглөрч Эгч өөрөөсөө бараг л хоёр толгой өндөр хорь орчим насны залуутай ам мурийн зогсох ажээ.

"Эгчээ.." дурандаа дайрч орж ирсэн боловч энэ нөхцөлд би юу хийх ёстойгоо үл мэднэ.

Тэр над уруу харан ямар нэгэн юм санасан бололтой уртаар санаа алдаж арагшаа хоёр алхан сэнтийдээ суулаа. Би түүний дэргэд очин зогсоход гарыг минь зөөлхөн атгаж "Чи мэднэ дээ хүү минь. Бэхи гэдэг цол эцгийнх чинь бус минийх гэдгийг. Намайг сүйхнээсээ бууж энэ газрын шороон дээр хөл тавьсан цагаас хойш эзэн нь би болсон юм. Харин тэрийг нь энэ цол баталдаг юм."

Тэдний юу яриад байгааг нэг л ойлгож өгсөнгүй. Залуу буруу харан хэсэг чимээгүй зогсож байснаа гэнэт хаалганы зүг том том алхаж яг гарахынхаа өмнө "Би тантай ер ойлголцохгүй шиг байна. Уургийг тань амлаагүй ч өндийлгөсөн ачийг тань бодож л хэлсэн үг." хэмээн хэлчхээд гараад явчихлаа.

Түүнийг гарсан хойно эгчээс асуулт эрсэн харцаар харвал тэр ойлгосон бололтой "Бослого гарах нь." гэж хачирхалтай тайван байдлаар хариулна.

Яагаад ч юм тэр бүхнийг мэдэж байсан аятай байх бөгөөд түшлэг тулсан гараараа нүүрээ дарж "Сортаг дуудуул!" хэмээн санаа алдана. Баргужин толгой дохин гарсан ч ганцаараа орж ирэн "Сорта ойр хавьд байхгүй байна дээдэс минь." гэх нь тэр.

Эгч нэг хөмсгөө өргөн шүдээ зууж "Анх удаа зочилсон атал эдгээр золгүй зүйлстэй учруулсанд өршөөгөөрэй." ийн хэлэхдээ уур хилэн бус гэмшил тээсэн байх нь илхэн.

"Яалаа гэж. Дагаж явсан хүн нь би шүү дээ. Танд л хэцүү байгаа байх. Би хэзээд танд туслахад бэлэн шүү."

Гараас минь барьсан байснаа бага зэрэг чангалж толгой дохих нь баярлалаа гэх шиг. Чимээгүйхэн бодолхийлэн сууж байснаа гэнэтхэн босч гарахаар ахаллаа.

Биднийг гарч ирэхэд оруулалгүй хорьж байсан шивэгчин хуягууд бүгд байхгүй байх бөгөөд дэнгийн гэрэл үл тусах харанхуйн зүг хурдлан алхална.

Түүнийг даган явсаар нэгэн гэрийн үүдэнд ирэх бөгөөд үүдийг нь сөхөн орвол ойр зуурын юмс зулын гэрэлд арай хийн харагдаж ажээ. Орон дээр нь хэн нэгэн унтах бөгөөд эгч очин "Хүү минь. Сэрээрэй. Хүү минь" хэмээн дуудна.

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now