[20]

176 34 8
                                    



Духан дээр нь хөлс бөнжигнөж хөмсгөө зангидан үе үе татвалзан хар дарах жаалхан бүсгүй давхийн цочин сэрэх нь тэр. Хамаг бие нь чичирч алтан утсаар хатгасан торгон хөнжлөө тас атгасан чигтээ өвдгөө дэрлэн уйллаа. Гэрээ санан бэтгэрч, тэр шөнө үзсэн зүйл сонссон тарчлаант хашхираан нь түүнийг шөнө бүр хатгасаар өдий хүрчээ.

Гэрийн гадна хүний холхих чимээ гарвал хөөрхий охин нулимсаа арчин хөнжлөө толгой дээгүүрээ хучиж буруу харан хэвтлээ.

Үүдэвч сөхөгдхөд сэвлэгээ чамбай гэгчинь хоёр салаа сүлжээд цэвэрхэн хэдий ч хээрийн наранд гандсан хүрэн улаан дээлээ ташаан дээгүүрээ бүслэн өмссөн охин хонин бор нүдээ анивчуулан орж ирлээ.

"Нар хэдийн ханын толгой давсан бус уу? Гүнжтээн та босох хэрэгтэй." гэсээр орны дэргэд ирэн өвдөглөөд алгуурханаар хөнжлийг нь татвал өнөөх нь хүчтэй атгасан хэвээр "Би ахиад жаахан амармаар байна. Ахиж битгий миний өргөө рүү зөвшөөрөлгүй орж ирээрэй." хэмээн зандрангуй тушаал буулгав.

Олон жил дэргэд нь дагалдан явахад нь гэр бүл шигээ нөхөрсөг хандсаар ирсэн эзэн нь ийнхүү анх удаа хатуу үг айлдахад Баргужин гайхсан бололтой хэсэг зогсоод "Мэдлээ гүнжтээн." гэсээр гарч одлоо.

Охиныг гарсан хойно Түмэлүн хөнжлөө доош татан дээш харан хэвтлээ. Унь бүр дээр нь сүр бараа нь ханхалсан дайчин эрсийг дүрсэлсэн байх ажээ. Тэдгээр уран сийлбэр юуны учир хөөрхий охины уйлах шалтаг болно вэ?

Хоёр гараараа ээлжлэн чамархайгаа даган урсах нулимсаа арчаад өндийн сууж эргэн тойрноо тайван гэгчинь тойруулан харна. Хэдийгээр энэ бүгд бодит болохыг ухамсар дахь хүн нь ойлгосон хэдий ч хүчээр итгэхгүй байх аятай. Тэрээр босон алхаж умардаас ирсэн гоёмсог ваарыг аван эргүүлж тойруулан харах зуураа бодлоо хаа нэг тийшээ илгээх мэт хий хоосон имрэн зогсоно.

Тэр шөнөөс хойш даруй хоёр долоо хоног өнгөрсөн хэдий ч Түмэлүн одоо ч харсан зүйлдээ цочирдон шөнө бүр хар дарсаар байгаа билээ. Түүний энэ байдлыг хүмүүс үл анзаарах бөгөөд Түмэлүн ч зүгээр мэт аяглах ажээ. Цэцэйхэн бэхийн хүү хэл хүргэхээр явсан ч зорьсон газартаа хүрч амжилгүй алуулсан байлаа. Иймд уй гашуудаа автсан энэ газрийнхан эсэн мэнд буй ихэмсэг төгөлдөр гүнжийг хэрхэн анзаарч цөхөх билээ.

Бүхэл өдөржин өргөөндөө байж хэрэв эгч нарынх нь нэг оройн зоогонд уривал очиж хэсэг байж байгаад буцаад ирнэ.

Алдуурсан бодлоо хөвөрдсөөр сая нэг ухаан орвол өргөөний үүд сөхөгдөж байлаа. Өдрийн гэгээн туяанд нүд нь гялбаж хэн орж ирж буйг сайн харж чадсангүй бөгөөд улаан хүрэн дээлийнх нь хормой л үзэгдэж өнгөрөв.

Ахиад л Баргужин хэмээн бодсон Түмэлүн эргэн харж "Би чамд гармааргүй байна гэж хэлсэн шүү дээ." хэмээн аяархан дуугарч ваараа байсан газарт нь эргүүлэн тавилаа.

"Гүнжийн амрыг эрье" хоолой нь сөөнгөтөж ядарсан сонсогдох энэ залуу алс холын газраас энэ л бүсгүйг зорин ирсэн мэт.

Түмэлүн хэсэг зуур ч эргэлзсэнгүй түүний зүг харвал энэ газар ирсэн шалтгаан энэ газар оршин тогтнох үндэс болсон нэгэн нь байх ажээ.

Жаахан зуур өөрийг нь таних ч үгүй түүнийгээ үзэн ядах ч шиг. Гэвч яахан тэгэх билээ. Ядарсан царай сөөсөн хоолой шарх сорвиор дүүрсэн гарыг нь харахын төдий дөө сэтгэл нь өмрөх мэт эмзэглэх нь тэр.

"Хол замд ядраа биз дээ?" түүн рүү алхах хоёрхон алхамдаа гүйх шахуу очиж гарынх шархыг харлаа.

"Та юунд ингэтлээ гуниа вэ? Нүд тань болжморын өндөг аятай л болж орхиж шүү дээ" санаж ээнэгшсэн зүрхээ дагаж тэрүүхэн зуур тархиа орхиод эрхэм дээд хүмүүний гэгээн мэлмийг илбээд авав.

Энүүхэн хооронд ахин өнөө болор дуслууд аньсагийг нь халин урсав. "Ямар их хүлээсэн гэж санана" нулимсыг нь арчих түүнийхээ эвэршиж шархадсан гараас атгаж хацартаа улам бүр наан энхрийлэх аваас Тогочур ноён түүнийг энгэртээ татан тэврэх ажээ.

Тогочур хэдийгээр давах ёсгүй зураасыг давсан гэдгээ мэдэх авч түүнээс холдож эс чадна. Энэ жаргалтай мөчийн төлөөс нь юу ч байсан бүхнийг хүлээн авч чадах мэт санагдаж байв.

Харин Түмэлүнд хамаг л айдас гомдол гуниг нь замхарч байх шиг санагдаж энгэрт нь шунан шунан шигдэнэ.

Хорвоод хоёр хүмүүн биесээ олж хайрлана гэдэг энэ цаг үед ч эдүгээ ертөнцөд ч ховор нандин зүйл билээ.

Тэд тэврэлтээ аажмаар сулруулж эхлэхэд Түмэлүн түүний нүд рүү уусах мэт гүн ширтэж "Чи л дэргэд минь байхад болно." хэмээн сулхан хэлнэ.

Хариуд нь "Таны л хажууд байх юм бол... Өчүүхэн намайг юу ч айлгаж дөнгөхгүй нь бололтой." гэж сөөж цахиртсан баргил хоолойгоор хэлсэн нь эчнээ Түмэлүнд хэлж буй мэт боловч тэрбээр өөртөө хэлж буй бололтой. 

Энэ хоёр хүн хэдийнээ хорьж дийлэмгүй их сэтгэлээр биесээ хайрлах болжээ.

------------------------------------

Welcome to Bea's world.

Hii? My dear readers. Udaan hugatsaand tag bosond uuchil nmg.

Jinjiliin beleg🫣

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 29, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Өнгөрсөнд тоссон учралWhere stories live. Discover now