19. Чи номоос илүү үзэсгэлэнтэй

340 92 15
                                    



      Хоёр дахь өдөр.

      Сэрүүлгээ эрт тавьсан учир Инбинь өглөөний цайны цагаас өмнө урьтаж босоод үйлчлэгчдэд хөнгөн зууш бэлдэхэд нь туслан цайны цаг болоход Жуниныг дагуулан Ким гэрийнхэнтэй ширээний хойно суув.

      Түүний хадам ээж анхны бэртэйгээ ширээ тойрон өглөөний хоолоо зооглохдоо битүүхэндээ баярлах ч давхар хэт хөөрүү зангаараа түүнийг айлгачих вий эсвэл хэт дуугүй сууж байгаад түүнд хатуурхаж байгаа юм шиг санагдуулчих вий гэсэндээ ярианыхаа сэдвийг болгоомжтойгоор сонгоно.

      "Инбинь, би чамайг их сургуульд загварын чиглэлээр сурсныг санаж байна." Мири найрсаг өнгөөр асуултаа тавив.

      "Тийм ээ, би гутал загварын чиглэлээр суралцсан."

      "Гутлын загвар аа? Ховор мэргэжил байна."

      "Уг нь би хувцас загварын чиглэлээр суралцах хүсэлтээ өгөх гэж байсан ч хэдхэн минутын алдаанаас болоод гутал загварын шалгалтад хамрагдахаар болчихсон. Гэхдээ хэсэг хугацаанд суралцаад үзэхэд гутал загвар их сонирхолтой санагдсан." Инбинь сонгосон мэргэжилдээ сэтгэл ханамжтай байгаагаа хэлнэ. "Бас анхны зохиосон гутлаа өмсөхөд их тухтай байсан болохоор энэ мэргэжилдээ илүү дурласан."

      Мири толгой дохин, "Тийм шүү, гадуур зарагддаг гутлууд дийлэнх нь гоё ганган харагддаг ч удаан өмсөөд ирэхээр хөл их өвтгөдөг." хэмээн тун чухалчлан хэлнэ. "Тийм болохоор би байнга өмсдөг өндөр өсгийт гутлуудаа бүгдийг нь гадаадад захиалгаар хийлгүүлсэн."

      "Би бас өндөр өсгийт гутлын загвар зохиож чадна, би танд нэг өдөр өөрийн хийсэн загвараа үзүүлье, тэр үед та миний хийсэн туршилтын гутлыг өмсөж үзэх үү?" Инбинь өөрийн ур чадварыг гадаадын дээд зэргийн брэндийн зөвхөн хадам ээжид нь зориулж урласан гуталтай энэ дүйцэхгүй гэдгийг мэднэ. Гэхдээ бэр нь хадам ээждээ гутал хийж өгнө гэдэг өөр хэрэг, түүнд гарцаагүй таалагдана гэж бодов. Мөн түүнд үүнээс өөр тэдний гэр бүлд өгөх ямар ч бэлгийн санаа болон санхүүгийн бололцоо байсангүй.

      Мири түүний хэлснийг сонсоод гайхсан аястай, "Чи гутал хийж чаддаг юм уу?" гээд нүдээ бүлтийлгэн харав.

      "Тийм ээ, би саяхнаас ангийнхаа охинтой хамтран студи нээхээр бэлдэж эхэлсэн. Цаашдаа гутал загварын захиалгаар дагнаж, өөрийн брэндийг бүтээхээр төлөвлөж байгаа. Студи маань бэлэн болмогц хамгийн эхэнд танд гутал хийж өгье."

Миний онцгой нөхөрWhere stories live. Discover now