Миний хот

29 2 0
                                    


Миний хот

Маш сонин үнэртэй

Олон давхар байшинтай

Би долоон давхарт амьдардаг.

Миний нэрийг

Зүүн, баруун дөрвөн зам

Зүүн салаа, Нисэх, Вокзал,

Бөмбөгөр ,Баянхошуу гэдэг.

Энд Норовбанзад ,

Эминем хоёр адилхан

Тэнгэр нь шар,

Тэндээс ногоон нар мандаж

Цагаан бороо ордог, цас нь хар ...

Өтгөн кофе шиг манан татаад

Өглөө нь их сонин амттай

Өнгө өнгийн бөмбөлгүүд агаарт

Өлгөчихсөн юм шиг хүмүүс нь эмзэг

Эндхийн иргэд үнсэн саарал өнгөтэй

Тэд заримдаа тэсэрч дэлбэрдэг

Тагтан дээрээсээ нисэх гэж үсрээд

Тэнгэр рүү биш, өөр тийш унаснаас

Тийм золгүй явдал болсон тухай

Зарим сонинд бичдэг.

Амьдрал энд их сайхан байгаа

Алхам бүрт тэр нь мэдрэгдэнэ

Мөдхөн яг диваажин шиг болгоно гэсэн

Хотын дарга зарим хүмүүсээ

Саяхан тийш нь явуулсан гэсэн

Тэднийг эргэж ирэхийг бид

Тэсч ядан хүлээж байгаа.

Бид танилуудаа хүртэл таньдаггүй

Гэхдээ манайд мэндлэх хүндлэх ёс

Хачин их хөгжсөн, хүн бүр ёс юм шиг

Хүйтнээр инээмсэглэн толгой дохино

Олон авиа, олон дуу чимээ

Олон хашгираа, олон хүмүүс

Онцлог нь хэн ч

Давж хашгирч чадаагүй

Миний хот

Маш сонин үнэртэй

Олон давхар байшинтай

Би долоон давхарт амьдардаг.

Миний нэрийг

Шат, хана, дээвэр туурга

Хаалганууд, хонхны товчлуур

Цэвэр, бохирын шугам гэдэг...




Б.Эрдэнэсолонго

ШүлэгWhere stories live. Discover now