[ First ]

11.8K 514 9
                                    

Author's note: Бүх хуучны бичвэрүүд минь засвар хийгдээгүй анхны хувилбараараа байгаа тул уншихад тааралдах алдаа оноо бүрээсээ уучлал хүсье. Энэ бүх бичвэр миний туршлага бас ертөнцийн минь гайхалтай нэг өнгүүд байсан билээ. Уншиж буйд баярлалаа ♡

~~~~

Би тэр охиныг анх кафед олж харсан юм. Нэг мэдэхнээ анх харснаас хойш өдөр бүхэн орж ирэхийг нь анзаарах болсон. Амны дөрвөлжин цаасан дээр тосон балаар юуг ч юм бичиж, тэр болгоноо цүнхэн дотроосоо гарган ирэх хуучирсан номныхоо завсар хийдэг байв. Харин балаа энгэрийнхээ халаасанд хийж, дараа нь захиалсан халуун кофегоо тун таатайхнаар амтархан ууна. Цонхоор гадагш ширтэхдээ тэр бодолд дарагдаж, яг тэр мөчид бодол санаа нь өөр хаа нэгтээ холын хол аялах шиг санагдана. Би түүний юу бодож байгааг мэдэхийг хүсдэг байлаа. Заримдаа очиж ярилцмаар санагддаг байсан ч юу ч юм намайг сандалтай минь уячихдаг байв. Анхандаа түүнийг тэр болгон анзаараад байдаггүй байсан ч өдөр ирэх тусам надаас аравхан алхмын зайд суух тэр охины юу хийж байгааг сонирхож, юу бодож байгааг дотроо таан суух болсон байлаа. Тэр бусдаас нэг л өөр байсан юм. Тэр кофегоо дуусгаад хэсэг суун цонхоор бусдыг ажиглаж, тун ч удалгүй цүнхээ үүрэн гарч оддог байлаа. Тэр өдөр бүхэн яг энэ үйлдлүүдийг хийдэг байсан юм.

Тэр энгийн, гэхдээ онцгой. Нууцлаг, гэхдээ өөрийн бүхнээ уудлан дэлгэж, танин мэдүүлэхийг хүсэх шиг... Юу юугүй нээгдэж эхлэхийг хүсч байх шиг санагдана.

Тэр охины яг юу нь онцгой юм бэ? Юу нь онцгой болоод би түүний тухай боддог болчихов оо?

Мэдэх юм алга даа.

"Намайг дурсаарай" /Remember Me/Kde žijí příběhy. Začni objevovat