20. Зугтахыг хүссэн

2.9K 601 98
                                    

Ганцхан үг хэлэх мөчид ямар олон зүйл бодогдог юм бэ. . . гайхах, уурлах, гомдох гээд л есөн шидийн бодол хоромхон зуур л толгойгоор минь дүүрсэн юм.

Хаан "Хатан. . . Хатан эх байсан. Би бүгдийг мэдэж байна" хэмээн уйлж байлаа.

Хатан гэдэг ганц үгийг сонсох үнэхээр аймшигтай. Яагаад вэ? яагаад намайг сэжиглэж байгаа юм бэ? бидний харилцаа арай дээрдэж байгаагүй гэж үү? эргээд л үзэн ядаж байгаа юм уу? гээд л олон зүйлийг бодож байстал "ЭХ" гэдэг ганц үгийг нэмэн хэлэхэд бүх зүйл өөрөөр эргэлээ.

Мэдээж хэрэг цочирдоогүй гэвэл худал болно. Ордноор дүүрэн сэжиглэж болох хүмүүс байхад яагаад шууд хатан эхийг цохож байгаа юм бол? Түүний энэ гомдол тээсэн нулимс төсөөлж байснаас минь ч гүн гүнзгий гомдол мэт санагдав.

Хариу хэлж чадахгүй хэдэн хором самгардаад "Я-Яагаад хатан эхийг гэж бодсон юм бэ? тэр таны төрсөн ээж шүү дээ" хэмээн асуухад

Хаан арай ядан надаас хөндийрөх бөгөөд нүд рүү минь эгцлэн харах тэр мөчид тэр үнэхээр цөхөрсөн мэт харагдана.

Хаан "Тэр чинь мангас" гэж хатуухан бөгөөд аймшигтай ганцхан өгүүлбэрийг хэллээ.

Түүний харц дэндүү өрөвдөлтэй харагдаж байсан болохоор өөрөө тайлбарлан ярихыг нь хүлээн түүнийг дахиад тэвэрлээ. Энэ удаад тайвшруулах гэсэндээ нуруун дээр нь зөөлөн товшин суух зуур хаан жаахан хүүхэд шиг л хэсэг цурхиран уйлав.

Ийнхүү хэсэг суугаад хаан намайг түшсээр ор луугаа явав. Түүнд зассан оронд бид хамт хэвтэх бөгөөд би одоо ч түүнийг яриа дэлгэх байх хэмээн бодож хүлээсээр. . .

Хаан унтаагүй боловч тааз ширтэн хэсэг хэвтээд "Хүүхдүүдийн хувьд хорвоо ертөнц дээр хамгийн их хайрладаг хүн нь ээж нь байдаг. Гэвч миний хувьд эсрэгээрээ байсан. Чөтгөр шулмаас ч илүүтэй би төрсөн ээжээсээ айдаг байсан. Хүүхэд байхад минь миний уулзаж болох хамгийн аймаар хүн ээж байсан. Түүний өргөөнд бараалхахгүй гэсэндээ худлаа өвдөж, элдэв шалтаг тоочих бол энүүхэнд. . . .Тэр миний хувьд хар дарсан зүүд шиг л байсан" гэж хэлэхэд хоолой нь бага зэрэг чичрэх шиг болов.

Олон зүйлийн нарийн ширийнийг асуумаар байсан ч одоохондоо амнаас гарсан ганц асуулт минь "Яагаад?" гэдэг үг л байв.

Хаан уртаар санаа алдаад "Хүн бүхэн л ээжийн минь сайхан сэтгэл энэрэл хайрыг магтана. Хаан аав минь хүртэл хатан эхэд хамгаас илүү итгэдэг. Түүний хязгааргүй сайхан сэтгэлийг магтан дуулдаг байсан. Ерөнхийдөө бол хүмүүсийн нүдэнд ээж минь их сайхан сэтгэлтэй цайлган хүн шиг харагддаг. Үргэлж инээмсэглэн, анх уулзсан ч бай, урт удаан хугацаанд мэддэг ч бай ямар ч хүнтэй маш эелдэг зөв боловсон харьцдаг хүн байсан. Ялангуяа хаан аавын бага хатад, татвар эмстэй бол төрсөн эгч дүүгээс дутахгүй дотно харьцаж, хаан ааваас ч илүү байнга бэлэг сэлт илгээдэг тийм л өгөөмөр хатан. Гэвч тэр сайхан инээмсэглэлийн цаана юу нуугдаж байдгийг хэн ч мэддэггүй юм. Ах дүү нартайгаа нуугдаж тоглож байгаад санамсаргүй хатан ээжийн өргөөний доор байдаг нууц хонгил руу орчихсон юм. Гэтэл тэнд юу харсан гэж санана. Амьд хүний бодол сэтгэлд буух боломжгүй хэцүү үйлдэл, газар доорх жинхэнэ тамыг олж харсан. Гар хөлөө таслуулан арай ядан амьсгалж байгаа хүмүүс, царай зүс нь танигдах аргагүй болтлоо яргалуулсан хүмүүс. . . тэр бүхнийг хараад зүрх бараг л зогсчих шахсан. Хэтэрхий их айснаасаа болоод хөл минь ч хөдөлж чадахгүй хөшсөн байх тэр үед хаалганы ард арай хийн нуугдаж чадсан. Хатан ээжийг орж ирэхэд юу болох талаар ойлгож байсан ч өчүүхэн найдвар минь манай ээж сайхан сэтгэлтэй мундаг хүн юм чинь тэднийг аврах байх гэж итгэж байлаа. Гэвч тэр шөнө нүдэн дээр минь найман хүн бүгд үхсэн. Тэдгээр хүмүүсийн үхлийг жимс идээд таашаан үзэж суусан хатан эх минь тэр цаг мөчөөс миний хувьд ад чөтгөрөөс ч илүү аймшигт хүн болсон юм"

/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан дууч эм🌺Where stories live. Discover now