| 6 |

2.3K 291 12
                                    

-Ура? Сэрээрэй. Бүх зүйл зүгээр үү?

Намайг сэрэх үед хажууд минь Юүвон санаа зовонгуй сууж байлаа. Асрын гэрэл ассаныг бодвол одоо гадаа нар жаргачихсан байгаа бололтой.

-Зүгээр дээ.

Зөөлнөөр хэлээд босон суухад бие минь тэр чигтээ хөлөрчихсөн байв. Амьсгал минь нэг л тогтворгүй.

-Хөөе, үнэхээр зүгээр гэж үү? Чи ойрын үед дандаа л ийм байдалтай байх боллоо. Ямар нэг зүйл болоод байна тийм үү?

-Би гадаа гарч агаар амьсгалчихаад ирье.

Гадуураа нөмрөх дулаан нөмрөг аваад асраас гарахад аль хэдийн шөнө болж, тэнгэрт одод түгсэн байлаа. Циркын хашааны зүг харвал том хаалга онгойж, хаалганы гадаа хүмүүс өнөөх л байдлаараа жагсан зогссон нь үзэгдэнэ. Харин олон жил энд ажилласаар байгаа ааш муут хаалгач хүмүүсийг түр зуур тэнд нь зогсоосон харагдав. Яагаад оруулахгүй байгаа юм бол? Одоо орох цаг нь болчихсон л баймаар юм.

Би нөмрөгөө дулаахнаар нөмөрч аваад хаалгачийн зүг очлоо.

-Сайн байна уу? Ойрд таараагүй юм байна шүү.

Сулхан инээмсэглэсээр мэндлэхэд тэр хашааны төмөр баганыг налан зогсоод,

-Би ч яахав сайн. Харин та нар юу хийгээд хүмүүсийг оруулахгүй байлгаж бай гээд байгаа юм? Эд нар чинь түрүүнээс хойш ирчихээд хүлээгээд байхад гэв.

Энэ хүний ааш хэзээ ч өөрчлөгдөхгүй юм аа.

-Харин л дээ. Би юу болсныг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ одоо оруул гэх байх аа.

-Энэ газраас ч залхаж гүйцэж байна шүү. Гэхдээ одоо явах болж байгаа юм хойно доо. Нээрэн, нөгөө ах чинь гээд байдаг нөхөр ойрд яагаад харагдахгүй байна? Та хоёр ч хаалгаар үзэгдэхээ байжээ.

Тэрний ярихыг сонсож байгаад би гэнэт гацах нь тэр. Хаалгач сая "одоо явах болж байгаа юм хойно" гэсэн үү?

-Одоо хаанаас явах болж байгаа юм хойно гэж...?

-Чи чинь мэдээгүй байсан юм уу? Цирк 100 жилд нэг удаа нүүдэг юм. Тэгээд илүү сайхан газар циркээ томоор барихын тулд л хүмүүсийг ховсдож авч ирээд үзүүлбэр үзүүлж, мөнгө хураадаг байхгүй юу. Хураасан мөнгөөрөө одоо байгаа газраасаа хүн ихтэй, том хотод циркээ дахин барина. Гэхдээ ийм ид шидийг шөнө бүр харна гэдэг чинь энэ хотын хүмүүсийн хувьд ч бас азтай хэрэг биз дээ?

Тэгэхээр цирк энд ирээд аль хэдийн 100 жил болох гэж байгаа юм байна тийм үү? Тийм юм бол хотынхон энэ ховсонд автаад бараг 100 жил болсоон гэсэн үг. Гэхдээ..

Шөнийн циркWhere stories live. Discover now