| 18 |

2K 253 37
                                    

Хусог бид хоёрын буцах зам ирсэнтэйгээ адил дотор давчдам байлаа. Энэ удаа би циркын нууцыг тээсээр алхаж байгаа тул агаар улам л давчуу болсон мэт санагдана. Хонгилууд тэр чигтээ нам гүмд автаж, хааяахан хөл доор шажигнан дуугарах чулууны чимээ л үүнийг эвдэх аж. Хусог юу ч хэлсэнгүй. Сая ямар ч зүйл болоогүй мэт төв царай гарган явна.

Би асуултуудынхаа хариултыг олсон боловч тэр хариултуудаас дахин асуулт урган гарч иржээ. Энэ яг л "дуусдаггүй хайрцаг" шиг санагдаж байв. Циркын илбэчний үзүүлдэг нэгэн үзүүлбэрт том хайрцгийг онгойлгох тусам өшөө хайрцагнууд гарч ирсээр байдгийг Юүвон ийн нэрлэсэн юм. Одоогийн байдал яг үүнтэй ижил аж.

Нууцлаг циркын гүн рүү нэвтрэх тусам төсөөлдгөөс минь өөр газар байсныг мэдэрнэ. Циркын гайхамшиг, гайхамшгийг бүтээдэг онцгой боловч хараагдсан хүмүүс...

Эцэст нь могой сургагчийн хийсэн зүйлс зөв байсан юм гэж үү? Хэрвээ тийм бол яах ёстой вэ? Юунаас эхлэх хэрэгтэй бол? Одоо ч хачин хэвээр байгаа Жиминд бүхнийг хэлж ятгах гэж оролдох уу? Эсвэл тэдний хэлэх гээд байгаа зүйл нь зөвхөн би л явах юм болов уу? Эргэлзээтэй юм.

-Миний зүгээс хийж чадах зүйл ийм л байлаа. Одоо үүнээс цааших зүйлсийг чи л шийдэх үлдсэн.

Буусныхаа адилаар дээш гарч ирэхэд Хусог ийн хэлээд багахан инээмсэглэлээ. Би хариу инээмсэглэх гэж хичээсэн ч нэг л болсонгүй. Тэр ч тийм зүйл хүлээгээгүй бололтой. Төв асраас гарах хаалга руу алхаж эхлэх үед Хусог,

-Шийдвэрт чинь нөлөөлж магадгүй гэж бодоод хэлж байгаа юм шүү. Хэрвээ чи циркээс явах болвол Жимин өмнөх хэвэндээ орно. Тэр дахиж хачин аяглахгүй. Харин эндээ үлдэнэ гэвэл түүнд юу тохиолдохыг хэлж мэдэхгүй нь. Зарим удаан ховсонд байсан хүмүүс ховсноос гарахгүй болчихсон байдаг ч тохиолдол бий. Түүнээс гадна өөр зүйл ч болж мэднэ. Нэгэнт л чи ховсонд ордоггүйгээс хойш... хэмээгээд үгээ гүйцээлгүй чимээгүй болов.

Гэсэн ч би хэлүүлэлтгүй ойлгосон байлаа. Хэрвээ би эндээс явахгүй гэж шийдвэл "тэр" намайг явуулахын тулд Жиминд юу ч хийж мэднэ. Нэгэнт л би ховсонд орохгүйгээс хойш намайг хөдөлгөх хамгийн чухал зүйл бол Жимин болохоор. Би түүнд муу юм болоосой гэж хүсэхгүй байна. Аль хэдийн болчихсон байж болох ч дахиж тийм зүйл болох ёсгүй. Тэд намайг ятгах зөв зүйлээ олжээ.

Би үүнийг бодоод шийдвэрээ аль хэдийн гаргачихсан мэт санагдах ч, бас нэг зүйл дотроос минь зулгааж байв. Энэ нь өнөөдөр миний сонссон бүхэн яг "бүх зүйл" байсан уу? гэдэг. Хэрвээ тэд намайг эргэлзүүлэхгүйн тулд зөвхөн өнгөн хэсгийг нь л хэлсэн бол яах вэ? Тэгвэл би циркыг хэцүү байдалд нь үлдээн амиа бодон зугтаж буйтай ижил зүйл болно. Ажилчдын мэдэхгүй байгаа зүйлс тэднийг хохироож байгаа бол зогсоох хэрэгтэй. Гэхдээ тийм зүйл байгаа бол яг юу байж болохыг нь олох чухал. Үүнийг нь олохын тулд ихээхэн эрсдэлтэй алхам хийх ёстой байдаг. Яаж хэнийг ч гэмтээлгүйгээр бүх зүйлийг амар тайван болгох вэ?

Шөнийн циркDove le storie prendono vita. Scoprilo ora