| 21 |

1.9K 257 14
                                    

Түүний цээж яг л зүүдэнд минь байсан шиг ямар ч хөдөлгөөнгүй байгааг анзаарахад удаан хугацаа шаардсангүй. Энэ түнэр харанхуйд зөвхөн миний хүндээр амьсгалах л сонстох аж. Намайг ийш авч ирсэн, магадгүй түүнийг ч бас ийш ирүүлсэн хүн үл үзэгдэнэ.

Би түүний нэрийг чичирхийлсэн хоолойгоор дуудаад чимээ чагналаа. Ингэхдээ түүнийг хариу өгнө гэж бодсон уу, эсвэл хаа нэгтэйгээс туслах хүн гарч ирэх болов уу гэж горьдсон уу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ аль нь ч байсан, амжилт олсонгүй. Нам гүм үргэлжилсээр.

Нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл би Жиминийг дуудаж байсан ч, гүйгээд очиж чадахгүй хөшингө зогсов. Бие минь надад захирагдахгүй байна уу гэлтэй. Бас нэг л зүйл намайг хориод байна уу гэлтэй. Нэг л хүнд, бас "хол". Ухаан санаа минь биенээс минь аль хэдийн холдон оджээ. Яг зүүдэнд минь байсан шиг биш боловч энэ бүх нөхцөл байдал тэр аймшигтай зураглалыг сануулна.

Гэвч хэсэг хугацааны дараа байдал өөрчлөгдөж, жинхэнэ хар дарсан зүүд эхэллээ.

Урдхан талд минь гэрэл гарахад харанхуйд дассан нүд минь сохрох шахам өвдөв. Харцаа доош буруулан, гэрэлд нүдээ дасгах гэж хичээсний дараа дахин харвал бүдэг гэрлийн доор агаарт тогтсон цагираг байх нь тэр. Цагираган хэлбэртэй савлуур. 

Яг энэ үед Жиминий бараа нүдэнд үзэгдэхгүй болсноос болж миний зүрх дэлбэрчих шахам түргэн цохилж эхэллээ. Ямар ч чимээ, анир алга. Тэр хааччихав аа?

-Жимин!

Хонгилд миний бүгтхэн дуу сонстоход хойдхон талд хэн нэгний,

-Түүнийг хайгаа юу? Урд чинь л байна шүү дээ гэх тослог хоолой гарах нь тэр.

Би эргэж харж амжсангүй. Харц минь шуудхан цагираг өөд тэмүүлж, үүн дээр тогтох мөчид цагираган дээр суусан Жиминий төрх тодоор харагдах аж.

Үгүй ээ, үгүй... Ийм байх ёсгүй.

Дотор давчдах шиг болж, амьсгаа минь хүндэрч ирэв. Цагираган дээр өлхөн тогтох Жимин, зүүдэнд минь байсан Жимин хоёрын ялгаа гэвэл жихүүдэс хүрэм инээд байлаа. Зүүдэнд минь тэр галзуу хүн шиг инээж байсан. Харин энэ удаад тэр яг л ухаан алдсан мэт хөдөлгөөнгүй, толгойгоо гудайлган байна. Магадгүй үхсэн мэт байхаас, галзуу хүн шиг инээж байсан нь дээр ч байж мэдэх юм.

Үүний дараа болох зүйлийг би сайн мэдэж байв. Цагираг аажмаар хөдөлж эхэлнэ. Дараа нь тэр чигтээ шатна. Тэгээд...

Шөнийн циркWhere stories live. Discover now