| 10 |

2.2K 288 40
                                    

Асартаа орж ирэхдээ би хэзээ хэзээнээс илүү ядарсан байгаагаа мэдэрч байв. Гадаа аль хэдийн нар мандчихсан. Жимин ч надад өнөөх л хүйтэн, хэр нь хачин аашаа гаргасаар өөрийнхөө асар луу явчихсан. Гэхдээ надад энэ бүхэн дэндүү хачин санагдана. Тэр саяхан л надаас уучлалт гуйж байсан хэр нь хэдхэн хормын дараа гэхэд юу хийж байснаа, юу ярьж байснаа ч санахаа больчихсон шүү дээ. Яг л ямар нэг зүйлтэй тэмцэлдээд байх шиг. Эсвэл өөрийгөө захирч чадахгүй байх шиг. Юу ч байсан энэ муу зүйл. Байн байн ингээд байвал бүр ч муу зүйл болно.

Цээжин дээр минь ямар нэг зүйл дараад байх шиг мэдрэмжтэйгээ цуг би орондоо орлоо. Тэгээд магадгүй би энд Жиминтэй хамт ирэх хэрэггүй байсан юм болов уу ч гэж бодов. Анхнаасаа бид энд тохирох хүмүүс биш байсан юм болов уу? Бүр ирэх ч ёсгүй хүмүүс байсан байж мэдэх. Гэхдээ л бид олон зүйлийг ардаа орхин энд ирсэн. Тиймээс одоо эндээс гарах аргагүй. Хүсээд ч гарч чадахгүй. Өмнө нь иймэрхүү зүйл бодож байгаагүй ч Жимин тийм болчихсон нь намайг цаг ямагт тайван бус байхад хүргээд байна.

Дээшээ харан хэвтээд би унтах гэж оролдлоо. Одоо асуудлыг шийдэх хүн нь ганцхан би учраас тэр бүхэнтэй тулахын тулд хүчтэй байх хэрэгтэй. Жиминий төлөө... өөрсдийнхөө төлөө.

● ● ●

Шөнө надад нэг л эвгүй мэдрэмж төрөөд байсанд би нүдээ аажмаар нээв. Тэгтэл өөдөөс хав харанхуй угтан авах нь тэр. Би эргэн тойрноо харахыг хичээсэн ч толгой минь миний хүссэнээр хөдөлсөнгүй. Яг л ямар нэгэн зүйлд бүх биеэ хүлүүлчихсэн мэт санагдана. Тун удалгүй тас харанхуй дунд өмнө минь бүдэгхэн гэрэл аслаа. Урд минь байх шиг харагдах ч бас ч гэж нэлээд зайтай мэт. Би юу болоод байгааг ойлгосонгүй. Зүүдлээд байгаа юм болов уу? Аль эсвэл жинхнээсээ ийм зүйл болоод байна уу?

Бүдэг гэрэл рүү гайхан харж байтал удалгүй тэр гэрэлний доор агаар дээр тогтсон цагираг мэт зүйл тодрон харагдаж эхлэв. Тэр зүйл илүү тодорсон хойно нь харвал савлуур байжээ. Савлуур.. гэхдээ цагираган хэлбэртэй.

Нэг л мэдэхэд цагираган дотор хүн сууж байв. Хэзээ, хаанаас гэнэт гараад ирснийг мэдэхгүй ч тэнд жинхнээсээ хүн сууж байх аж. Савлуур зөөлнөөр савлаж эхлэхэд би тэр хүний царайг илүү тодоор харж чадлаа. Тэгээд цочирдож сандарсандаа түүний нэрийг чангаар дуудтал тэр аажмаар толгойгоо өргөн миний зүг хараад хачин инээмсэглэл тодруулах нь тэр. Түүний энэ инээмсэглэл хамаг биеийг минь хүйт даалгав. Тэр аймшигтай харагдаж байна.

Шөнийн циркWhere stories live. Discover now