Three

107 12 1
                                    

Хоёр хоногийн амралт маань дуусчихсан болохоор унтаагүй нойрноосоо сэрээд компани руугаа явлаа. Дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө горьдлого тээсэн эсэхээ мэдэхгүй ч хальтхан харц шидсэнд өнөөх охин аль хэдийн явчихжээ.

Шинэ аялан тоглолтын хуваарь гарсан болохоор бид хоёр хоног амарчихаад тоглолтын бэлтгэлээ эхэлж байгаа. Өнөөдөр бол дуу сонгох, үзүүлбэрийн дараалал, тайз, хувцас зэргийг ярилцсаар харуй бүрийтэй золголоо. Гэртээ ирэхэд хоолны үнэр хамар цоргиулж, гэр ч цэвэрхэн үзэгдэх нь ээж, үйлчлэгч эгчтэй ирээд явсан бололтой. Цаг 11 өнгөрч байсан тул хоол идэлгүйгээр шууд л усанд орчихоод орондоо орлоо.

Хоёр тийш хөрвөөсөөр цаг хартал 2 цаг 30 минут. "Нөгөө охин дахиад... арай ч үгүй байлгүй дээ." би амандаа үглэчихээд түргэхэн шиг орноосоо босон, энэ удаад унтлаганы хувцсаа солин гадуур хувцсаа өмсчихөөд хаалгаар гарахын даваан дээр нэг зогтусаад "Үгүй ээ, зүгээр л өчигдрийн халуун цайг уумаар байна. Уучихвал унтаж чадах байх." өөртөө ингэж хэлчихээд гарав. Дэлгүүрийн бараа харагдав уу, үгүй юу нүдээ онийлгосоор гадаах сандал руу харцаа шилжүүлвэл хэн ч алга. "Ядаж цайгаа авчихья" гээд урагш алхахдаа "Ядаж гэнэ шүү, тэгэх гэж л ирсэн байж" хэмээн өөрийгөө шоолонгуй бодсоор дэлгүүрийн гадаа ирэн яг орох гэж байтал тэр нөгөө том аягатай гоймонгоо барьсаар урдаас гараад ирлээ. Тэгээд намайг харснаа "Чамд ч гэсэн хонох газар байдаггүй юм уу? ...2-4 цаг хүртэл"

Өчигдөрхөн айж, бараг л чичрэх нь холгүй тэгээд хүн сайхан сэтгэл гаргаж байхад хорвоогийн хамгийн тэнэг онигоог сонсчихсон аятай хүн рүү ширтээд ганц ч авиа гаргаагүй мөртлөө одоо яг л найзтайгаа ярьж буй мэт хоолойны өнгөөр ярьсанд нь гайхсан ч "Тийм л бололтой." гэхэд тэр жуумалзчихаад хажуугаар зөрөн өчигдрийнхөө ширээнд суулаа. Би ч уух зүйлээ авчихаад хажууд нь очиж суув.

Сонирхол татаад байсан юм. Намайг таньдаггүй, хонох газаргүй, хэтэрхий үзэсгэлэнтэй, харанхуйн охин.

Тэр надруу нэг хяламхийснээ үргэлжлүүлэн гоймонгоо идэх бөгөөд би түүнд авсан гүзээлзгэнэтэй ундаагаа урд нь тавьлаа.

"Явахгүй юм уу?"

"Цагаа хүлээж байна."

"Баян айлын эрх хүүгийн нойр нь хулжаад буцаад ирэх цагийг нь хүлээж байгаа юм уу?" түүний бухимдангуй царай нь шоолонгуй болж ирснээ "эсвэл орд харш шиг байшиндаа ганцаараа хонохоос айгаад байдаг юм уу? Аан тэгээд л өчигдөр намайг хамт хоночих гээд байсан юм уу?"

"Чи чалчаа юм аа." Хариуд нь тэр зүгээр л мөрөө хавчлаа. Үнэндээ би түүнийг хэзээ ч ийм их ярьдаг төрлийн хүн гэж бодоогүй юм.

"Өнөөдөр дахиад энд хонох юм уу?"

"Чамд ямар хамаатай юм? Хэрэв гэртээ ганц..."

Түүний яриад байгаагын аль нь ч би биш болохоор тэвчээр минь бага зэрэг алдагдан "Өөрийн дураар баян айлын эрх хүү, бас аймхай нэгэн болгосныхоо төлөө зүгээр л хариулчихаж болохгүй юм уу? Бас надад хамаагүй гэдгийг чи өчигдөр аль хэдийн хэлчихсэн." Хоолойгоо арай өндөрсгөчихсөн болохоор тэр сөргөлдөөд байхыг хүссэнгүй бололтой намуухан дуугаар "Дахиад хононо гэвэл юу гэж? Үгүй ээ, зүгээр л энд ширээ дэрлээд 3 цагийг өнгөрөөж байгаа юм. Энэ чинь бүх л шөнөжин хоног төөрүүлэхээс ялгаатай."

Тэр дахиад л гоймонгоо хурдан гэгч нь иднэ. Идэж дуустал нь чимээгүй байсан нь дээр бололтой. Үнэндээ юу ярихаа мэдсэнгүй. Тэнэг юм шиг дахиад манайд хонож болно шүү гэх үү, яагаад энд хоноод байдгыг нь асуух уу?- мэдээж шалтгаантай л байж таараа шүү дээ, нэрийг нь асуугаад өөр зүйл ярих уу?- үгүй ээ, өчигдөр гоймонгоо идчихээд шууд л унтчихсан тэгээд гурав, дөрөв дуудахаас нааш сэрэхгүй байсан. Их ядардаг байх.

Тэр гоймонгийнхоо сүүлийн балга шөлөө уучихаад "Юу бодоод байгаа юм?"

"Яахаа бодож байна." Бурхан минь, өчигдрөөс хойш алуурчин эсвэл гаж донтон шиг сонсогдоод байх юм. Би үнэхээр ах нар тэгээд Жимин, Жонгүг хоёроос өөр хүнтэй харилцаж сураагүй бололтой. Ам нээгээд л буруу үг хэлчихсэндээ бантаж буйг минь тэр анзаарчихсан бололтой "Чи алуурчин байсан бол нэг секундэд л баригдах юм байна." хэмээгээд чимээгүйгээс арай чангаар инээлээ. Том шүдтэй юм байна, тэгээд шүдээ гаргаж инээхээрээ уруулных нь зүүн доод талд цэг шиг хонхорхой үүсчихлээ.

Ашгүй дээ. Өөрийнх нь хувьд дэлхий орвонгоороо эргэчихсэн байж магадгүй ч ядаж л ингээд инээж чадаж байгаа нь. Хэтэрхий гэмээр ширтээд байсан болохоор тэр инээхээ болин хоолойгоо засааад, юм хэлэх гэснээ авиа болгож зүрхэлсэнгүй буцаагаад залгичихлаа.

"Тусламж хэрэгтэй бол би чамд туслая."

"Яагаад?"

"Надад ч гэсэн тусламж хэрэгтэй байгаа болохоор."

Хажуугийн зам дээр тас хар машин ирж зогсон, урд талын цонх нь доошилход бид харцаа тийш чиглүүлвэл,

"Тэхён аа"

Smile empty soulWhere stories live. Discover now