Бүлэг 2 "Танил"

11.1K 918 47
                                    

Унтахынхаа өмнө би өрөөний цонхоор томрон харагдах саранд хандан дотроо шивнэлээ.

"Өдийг хүртэл миний туулсан бүх зүйл зүүд байгаасай. Маргааш өглөө хар дарсан зүүднээсээ сэрэхийг хүсч байна."

Гэвч маргааш нь бүх зүйл урьдын л адил эхэлнэ...

● ● ●

Халуун хоолны уур урд минь савсах ч надад идэх хүсэл төрсөнгүй. Харин ч харах тусам дотор муухайрна.

-Яасан бэ, Еин? Идэхгүй юм уу?

Ээжийг санаа зовнингуй өнгөөр асуухад би толгойгоо хөнгөхөн сэгсрээд,

-Уучлаарай... Хий дэмий хоол хийлгэчихлээ. Аав унтаж байгаа юу? Тэгвэл энийг ч бас халуун дээр нь аавд өгөх хэрэгтэй байх аа. Дотор нь муу байх шиг байсан хэмээв.

-Еин чи яагаад гэнэт хоолноос гарчихав аа? Жоохон турчихсан харагдаад байх юм?

Өө ээж минь, үнэндээ би 3 сарын турш ийм байдалтай байна...

-Мм.. мэдэхгүй ээ. Би хичээлдээ явъя даа.

Хоолны ширээнээс чимээ гаргалгүй босоод дүрэмт хувцасныхаа зангиаг янзласаар би хаалга руу зүглэлээ. Цүнхээ аван гутлаа өмсөх хойгуур ээж хажууд минь ирээд,

-Юм идэх хэрэгтэй ш дээ. Тэгж байж л хурдан эдгэнэ. Өдөр найзуудтайгаа хоол авч идээрэй гээд над руу мөнгө сунгахад би шуудхан татгалзлаа.

-Зүгээр ээ. Надад мөнгө байгаа. Найзуудтайгаа хооллох болохоор санаа зовоод хэрэггүй дээ.

Тийм ээ... найзуудтайгаа... хооллоно.

Ээжийн санаа амарсан бололтой сулхан инээмсэглээд гарахын өмнө "Эмээ уухаа мартав аа?" хэмээлээ.

-Мартахгүй ээ.

Аль болох чанга хэлээд гарсан ч ээж сонсоогүй бололтой ард санаа зовон харсаар хоцров. Дуу султайн минь гайгаас болоод өнөөдөржингөө сэтгэл нь зовнино байх даа?

Гэрээс гаран сургууль руу алхах замд эргэн тойрон нил ягаан өнгөтэй болсон байлаа. Үүр цайж байгаа учраас л тэр. Үүр цайх үеэр сургууль руугаа явдаг минь ийм л учиртай. Энэ ертөнцөд ийм үзэсгэлэнтэй зүйлс байдаг гэдгийг, амьдарч байгаа цагт үүн шиг үзэсгэлэнтэй зүйлс харах боломжтой гэдгийг өөртөө сануулахын тулд тэр шүү дээ. Хүнд хэцүү бүхнээ би энэ үзэсгэлэнт туяаг харан түрхэн хугацаанд мартдаг юм.

☪4 o'clock☪Where stories live. Discover now