Бүлэг 22 "Сохор"

4.7K 599 62
                                    

Сургуулиасаа гарахаар шийдэх надад мэдээж хэцүү байсан юм. Хэдий тийм алдартай, нэр хүндтэй байгаагүй ч энэ сургуульдаа их зүйлийг туулж өнгөрөөсөн учир амьдралынхаа чухал хэсгээс хагацаж буй мэт санагдаж байсан билээ. 

Харин өнөөдөр... Сүүлийн өдөр.

-За, яг нэг эгнээнд ороод зогсоорой.

Хүүхдүүд бөөгнөрөн зогссоныг хараад багш яг л цэцэрлэгийн хүүхдүүдийг жагсааж буй мэт урд нь гаран гараа савчина. Зарим хүүхдүүд аяллын газраа хонохоор шийдсэн бололтой хувцастай цүнхээ авч иржээ. Харин бид хоёр зүгээр л тэднийг ажиглан сууна.

Жил бүр сургуулиараа явдаг зуны аялал энэ завгүй өдрүүдийн дараа болж буй нь энэ. Гэхдээ сургуульдаа явах сүүлийн өдөр аялалтай байж таарсан нь үнэндээ урмыг минь их хугалсан сан.

-Хөөе, тэр. Хоёр хичээл таслагч. Тэнд байгаа саваа модыг аваад өг дөө?

Багшийг бидэнд хандан хэлж буйг мэдээд би бараг живж байсан бодлоосоо сая л салав. Дараагаар нь намайг юу гэснийг нь ойлгохоос өмнө Тэхён босон очоод багшид саваа модыг нь өгчихсөн байлаа. Тэр үүнийхээ дараа над руу зүгээр хэмээн дохиход л санаа минь амрав. Сүүлийн өдрөө багшид загинуулмааргүй байсан болохоор тэр.

-Тэгэхээр сайн сонсож бай золигнууд минь. Би та нарыг шалгалтаа сайн өгөхгүй бол зуны аяллыг цуцлана гэж байсан ч, та нар дажгүй өгчихсөн болохоор л явуулж байгаа юм шүү. Дараа жил бидний хувьд их чухал жил байх болно. Тиймээс энэ эрчээрээ бүгдээрээ сайн хичээгээрэй!

"ЗА БАГШ АА!!!"

Хүүхдүүд нэгэн зэрэг баяртайгаар орлилдоход би тэдний зүг харсаар инээмсэглэлээ. Эрч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн тэд. Яг л ямар цэцэг болж ургахаа мэдэхээр тэсэж ядан догдолсоор хүлээх зулзаган нахиа мэт. Тэрхэн мөчид би дахиж хэн ч над шиг өвдөхгүй байгаасай гэж хүсэв. Дэлхийн хаа нэгтээ минийх шиг ийм байдалд хэчнээн хүн байгаа бол гэж бодохоос харамсах сэтгэл төрч, өөрийнхөө үхлээр хорвоогийн бүх өвчнийг хамт аваад явахыг хүснэ. Үнэхээр би дахиж хэнийг ч өвдөөсэй гэж хүсээгүй билээ. 

Гэвч би мэднэ. Би ийм өвчтэй сүүлчийн хүн биш.

-Автобусаар явж оччихоод битгий тал тал тийшээ гүйгээд байгаарай. Аа бас! Далимдуулж архи, тамхи хэрэглэх гэдэг нөхдүүд баригдах л юм бол энэ саваанд амиа алдана шүү. Ойлгосон уу?

"Ойлголоо!"

-За болно. Одоо автобусандаа сууцгаа.

Хүүхдүүд аяллын автобус руугаа дэрхийтэл гүйлдсээр очих нь үзэгдэж тэднээс хэсэг сурагчид л араас нь залхуутайяа алхаж байв. Харин зарим нь нэг мэдэхэд л миний хажууд ирчихсэн баахан юм шулганаж байх ажээ.

☪4 o'clock☪Where stories live. Discover now