Бүлэг 23 "Сар"

4.8K 618 55
                                    

"-Өвчин хөдлөх давтамж ойртоно гэдэг улам дордож буйн илрэл. Давтамж ойртоод байвал бидний таамагласан хугацаанд ч асуудал үүсч байна гэсэн үг. Ийм үед бидэнд үнэхээр хийж чадах зүйл алга даа. Өвчин хөдлөх бүрт зүрхэнд чинь цахилгаан хүчдэл өгч, тэрхэн зуурт аварч болох ч, эмнэлэг хүртэл тэсч чадаж байх эсэх нь эргэлзээтэй... Бас цахилгаан хүчдэлээр байнга цохиулах нь сөргөөр нөлөөлж мэднэ."

Би ширээн дээр байх эмчлүүлэгчийн картыг удаан хөдөлгөөнөөр аваад хэсэг ширтлээ. Тэгээд эхнээс нь гүйлгэн харж байсны эцэст 5-6 сар гэсэн үгэн дээр нэлээд хэдэн хором гацав.

Ядаж ийм байсан ч болоосой.

Бие махбодод минь удаан хугацаа үлдээгүйг би мэдэрч байна. Энд тэмдэглэсэн хугацаа жинхэнэ хугацаатайгаа аль хэдийн таарахаа больжээ. Цаг хугацаа гээч нүд ирмэхийн зуур урсаж байхад надад хийж чадахаар зүйл үлдсэнгүй. Би хэчнээн хичээж хүсэвч энэ яг л атгах тусам асгардаг элс мэт аж.

Тэгээд л би үхлээ хүлээн сууна.

Өрөөний хаалга тогшиход би эмчлүүлэгчийн картаа хажуудаа байсан хогийн сав руу хийгээд орох зөвшөөрөл өгөн дуугарлаа. Удалгүй нүдэн доогуур нь хөх зураас татаж, ядарч туйлдан барайсан харагдах ээж минь орж ирэв.

-Тэхён ирсэн байна. Уулзахгүй юм уу?

Түүний нэрийг сонсоход дотор минь хэмжээлшгүй их гэмшил мэдрэгдэх аж. Амьсгалахыг хүсэвч агааргүйдэн тэмцэх мэт санагдана.

Магадгүй анхнаасаа л бид ийм дотно болох хэрэггүй байсан юм болов уу?

-Одоо гадаа байна уу?

-Тийм ээ.

-Намайг гарч байна гээд хэлчих.

Тэр хөнгөхөн толгой дохиод өрөөний хаалгыг хаахад би ширээний хажуу дахь толинд өөрийгөө харав. Цусгүй болчихсон юм шиг харагдаж байна. Царай маань шохой шиг цайж, цонхийсноос болоод бүр ч илүү туранхай харагдана.

Тарианы зүү олон дахин хатгуулснаас болж хөндүүр болсон гараа аажмаар өргөн үсээ боох аядаад би хувцасны шүүгээнээсээ гайгүй хувцас олж өмссөв. Тэгээд өрөөнийхөө толинд эхнээс нь авахуулаад дахин ганц харчхаад тэндээс гарлаа.

Түүний царайг харж чадах эсэхтээ эргэлзэнэ.

Гэрээсээ гарахад Тэхён яг хаалганы урд зогсож байв. Түүнийг харах бүрт цохилдог шигээ зүрх минь хурдан цохилж, яг одоо ингээд бүх зүйлийг зогсоочихмоор санагдахтай зэрэгцэн удахгүй түүний хажууд байсан ч, байхгүй байсан ч зүрх минь цохилохоо болино гэдгийг зөн совингоороо мэдэрч байлаа.

☪4 o'clock☪Where stories live. Discover now