Бүлэг 9 "Цэцэрлэгт хүрээлэнд"

6.1K 712 52
                                    

Хөшгөө эрч хүчтэйгээр нээж би өглөөг угтлаа. Тэгээд цонхынхоо жижигхэн хэсгийг онгойлговол өөдөөс сэрүүхэн агаар сэнхийж, уушги дүүрэн амьсгалав. Агаар ч, сэтгэл санаа минь ч тэр тун сэргэг байх аж.

Угаалгын өрөө орж нүүр гараа угаан сэргэснийхээ дараа би гарахдаа бэлдэн толины өмнө хувцсаа өмсөн эргэлдлээ. Өнөөдөр яагаад ч юм өөр байна. Олон жилийн дараа гэнэт ухаан орж байгаа мэт л.

Дүрэмт хувцсаа өмссөнийхөө дараа би өөрийгөө сайтар ажиглав. Хэд хоног сайн юм идэж чадаагүйгээс болоод илүү турчихаж. Бага унтаж байгаагаас болоод том ч биш, жижиг ч биш бор нүдний минь доогуур бүдэгхээн хөх зураас татжээ. Өнөөдөр хоолоо сайн идэх болно. Одоохондоо арай гайгүй байгаа ч, ингээд юу ч идэхгүй яваад байвал яс арьс болох нь. Нэг санаа алдаад би мөрөөр татсан шулуун бор үсээ нямбайлан боолоо. Тэгэхдээ гогцоо гаргахгүй гэж их хичээв. Гадаад төрхөндөө тэгтлээ анхаардаггүй байсан миний багахан өөрчлөлт намайг илүү даруухан хэрнээ эмх цэгцтэй харагдуулж байна.

Үснийхээ боолтыг дахин чангалсны дараа би сэтгэл хангалуунаар өрөөнөөсөө гарлаа. Өчигдөр аав, ээж хоёр ирсэн үгүйг нь мэдэхгүй байсан болохоор гал тогоо руу түрүүлж орохоор шийдээд тийшээ зүглэвэл хоолны үнэр сэнгэнэж байна. Тэд ирчихсэн бололтой.

-Аав? Ээж?

Хоолны үнэрийг даган явсаар гал тогоонд орж иртэл өөдөөс минь хэдэн өдөр архидаад шартчихсан аятай суух аав ээж хоёр угтан авах нь тэр ээ. Хоёулангийнх нь үс сэгсийчихсэн, царай нь цонхийж, нүдэн доогуур нь тод хөх зураас татсан тэднийг харсан миний нүд хэвийн хэмжээнээсээ хэд дахин томрох шиг болох аж.

-Өө, сэрчихсэн үү?

Би алгуурхнаар толгой дохих аядаад ширээний хажууд хагас унтаа байдалтай суух аав руу итгэж ядан харлаа.

-Та хоёр... яагаа вэ?

Ээж нарийхан хуруунуудаараа үсээ арагш илээд сонстох төдий сул дуугаар ярьж эхлэв.

-Яагаа ч үгүй ээ. Гэснээс аав чинь ажилдаа буцаж орохоор шийдсэн. Ээж нь шөнийн ээлжтэй байсан юм. Одоо бид хоёр зэрэг ажиллах болохоор чи хоолоо сайн идээд, өөртөө анхаарал тавьж байна шүү.

-Заа..

Тэр ядарсан гэхээсээ илүү стрессдэж, дарамтанд орсон аятай харагдана. Аав ч бас над руу харж чадахгүй далдичсаар суух аж. Ямар нэг зүйлийг тэд надаас нууж байлаа. Би юу гэдгийг нь мэдэхийг үнэхээр их хүсэв. Гэсэн ч тэднээс шалж, чаргууцалдахыг хүссэнгүй. 

☪4 o'clock☪Where stories live. Discover now