Бүлэг 16 "Цэнхэр гэрэл"

5.7K 674 68
                                    

Гэвч тэр нэгхэн хормын дараа бүх зүйл нүд ирмэхийн зуур урсан өнгөрч эхлэв.

-ЦЭНЭГЛЭ!

Танил бус хоолой, хүчлээд ч нээж чадахгүй нүд, хичээгээд ч хөдөлгөж чадахгүй хүйтэн бие, эмнэлгийн үнэр, хэн нэг эмэгтэйн уйлан хашгирах чимээ, үхэл... 

Яг одоо энэ бүгдийг би мэдэрч байна.

-ЦОХИУЛ!

Эмч нар зүрхний минь цохилтыг эргүүлэн авч ирэхийн тулд хамаг хүчээ дайчилж буй нь мэдрэгдэнэ. Гэхдээ...

Би өөр газарт байна.

Яг л жингүйдэх мэт урд минь харагдах цэнхэр гэрэл рүү алхаж байв. Би бодит байдлаас тэс өөр газарт байсан юм. Бие минь түргэний тасагт, ухаан бодол минь хэний ч мэдэхгүй нэгэн газарт.

Магадгүй үхэлтэй нүүр тулсан нь энэ биз ээ.

Үхэл миний боддог шиг аймшигтай зүйл биш байлаа. Хэдий харанхуйд байсан ч цэнхэр гэрэл орчныг минь хангалттай гэрэлтүүлнэ. Яг энэ үед би тэр цэнхэр гэрэл болохыг хүсэв. Бүх ертөнц нь харанхуйлсан нэгэнд гэрэл нь болон цацарч байхыг хүсэв. Яг энэ цэнхэр гэрэл шиг. Би гэр бүлийхэн, дотны хүмүүс, бас чамайг гэрлээрээ гийгүүлж байхыг хүсэж байв. Үүний хажуугаар бас айж байна. Хэдий би тэднийгээ гэрлээрээ гийгүүлж чадах ч хүрч чадахгүй шүү дээ.

Тэр гэрэлд ойрхон ирэхдээ л юу байсныг нь би сая ойлголоо.

Энэ сар байж. Цэнхэр гэрэл өөрөөсөө цацруулан, орчныг гэрэлтүүлэх томоос том тэргэл сар.

Аажмаар нүдний минь өмнө ил байх сар луу гараа явуулж эхэллээ. Тэгэхдээ хүрсний дараа юу болох бол хэмээн сониучирхана. Саранд би хүрч чадах нь. Би өөрөө ч сар болж мэдэх.

Хурууны минь үзүүр тод цэнхэр гэрэл цацруулан гялбуулах саранд хүрэхийн алдад зүрхний минь цохилт эргэн ирэх нь мэдрэгдлээ. 

Түг түг түг.

Зүрх минь цохилж байв. Цохилтоо мэдрэн зогсох үед сар ч, цэнхэр гэрлийн хамт холдон холдсоор, удалгүй би тэр газраас сарниж эхэллээ.

Энэ газартай түр хугацаанд салах ёс хийсэн нь энэ байсан билээ.

● ● ●

Зүрхний цахилгаан бичлэгийн төхөөрөмжийн нэгэн хэвийн чимээ чихэнд минь сонстоно. Хамгийн түрүүнд ухаарсан зүйл минь энэ л байв.

Би амьд байна.

Дахин зүрхнийхээ цохилтыг мэдэрч байгаадаа би хэмжээлшгүй ихээр баярлаж байлаа. Мөн амьдрал үхлийн зааг дээр зогсож үзсэнийхээ дараа би амьдралыг арай өөрөөр мэдэрч эхэлснээ анзаарч байв. Аажмаар үхэж буйгаа мэдсэн тэр өдөр юмсыг харах өнцөг минь өөрчлөгдсөн шиг. Хэдий хэцүү үеэ даваад гарсан ч, ойр дотны хүмүүс маань хэчнээн их санаа зовсон бол гэж бодохоос сэтгэл хөндүүрлэх аж. Намайг тэгээд явчихсан бол хэчнээн их шархлах байсан бол?

☪4 o'clock☪Where stories live. Discover now